Монгол Улсын ирэх оны төсөв болон мега төслүүд хэрэгжсэнээр Монголд үзүүлэх эдийн засгийн нөлөө ач холбогдлын талаар эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа
-Хамтарсан Засгийн газар ирэх онд томоохон төслүүд хэрэгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, Францын "Орано" компанитай байгуулах ураны төсөл, Хятадын “Чайна энержи” компанитай байгуулах хил холболтын төмөр зам төслүүдийг ирэх Лхагва гаригт УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Энэ хоёр төсөл хөдөлбөл Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр өгөөж, ач холбогдлыг та юу гэж харж байна?
-Мега төслүүдийн хувьд Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэг шат ахиулж биднийг тодорхой хэмжээний орлоготой байлгах боломж. Тэгэхээр мега төслүүдийн эдийн засагт үзүүлж буй хувь нэмэр нэлээд өндөр байдаг. "Тавантолгой", "Оюутолгой" төслийн өнөөдрийг хүртэл эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр байлаа.
Үүнтэй адил Засгийн газрын ярьж буй дараагийн төслүүдийг ч мөн адил урт, дунд, богино хугацаандаа төлөвлөөд санхүүжилтийг нь шийдээд улс төрөөс хамааралгүй үргэлжлүүлэх нь зүйтэй.
Жишээлбэл, одоо УИХ дээр яригдах ураны төсөл ч тэр бүх төслүүдийг цаашид хэрэгжүүлэхэд мэргэжилтнүүд санал нэгдэх нь зөв. Яагаад гэхээр улс орны хөгжлийн суурь нь дэд бүтэц байдаг. Тухайлбал, эрчим хүчний дэд бүтэц байх шаардлагатай байна. Дулааны V цахилгаан станц барина гэдэг үлгэр боллоо. Монгол Улс ОХУ-аас эрчим хүчний хамааралтай. Өнөөдөр бид нийтээрээ цахилгааны хязгаарлалтад ороод сууцгааж байна. Дээрээс нь цахилгааны үнэ нэмэгдлээ. Үүнээс үүдэж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ. Энэ мэт асуудлыг шийдэхийн тулд дэд бүтцийг байгуулах хэрэгтэй байгаа юм. Хөгжлийн тухай ярихын тулд суурь дэд бүтцүүдээ л шийдэх нь зүйтэй. Энэ нь ураны төсөл ч байна уу эрчим хүч нь ч байна уу аль нь ч байсан ялгаагүй. Мөн логистикийн дэд бүтэц төмөр зам эдгээр нь бидэнд маш чухал. Энэ бүгдийг шийдэж чадвал бидний шороон замаар явж байсан эдийн засаг хурдны замаар явна гэсэн үг. Монгол Улс сүүлийн арван жил "Оюутолгой"-гоос өөр томоохон төсөл хэрэгжүүлж чадсангүй.
Тэгэхээр ирэх жил хэрэгжүүлэх томоохон төслүүдээ улс төрөөс ангид, сонгуулиас сонгуулийн хооронд хэрхэн авч явах, санхүүжилт зэргийг нь яаж үргэлжлүүлэхийг тодорхойлсон байх ёстой.
Төмөр замын хувьд царигийн зөрүүнээс болоод 2030 он хүртэл өчнөөн хугацаа алдахаар болчихлоо. Тиймээс дэд бүтцүүдийг хийх шаардлага байна.
-Дээрх хоёр том төслийг хөдөлгөж чадвал гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой юу?
-Мега төслүүд хэрэгжээд эхлэхээр томоохон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Гэхдээ шууд гадаадын хөрөнгө оруулагчдыг татна гэсэн үг биш. Томоохон хөрөнгө оруулагчид орж ирснээр бусад нь дагаж ирнэ. Хүссэн хүсээгүй гадны хөрөнгө оруулагчдыг дагаад жижиг хөрөнгө оруулагчид орж ирэх юм. Гэхдээ Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчид макро эдийн засаг болон улс төрийн тогтворгүй бодлоготой, хөрөнгө оруулагчид мөнгөө оруулсан бол буцааж авах магадлал бага, өндөр эрсдэлтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс олон улсад үнэлэмж бага, зээлжих зэрэглэл муу. Тэгэхээр мега төслүүдийг зарласнаар олон улсаас томоохон хөрөнгө оруулагч олох ёстой.
Ингэхийн тулд макро эдийн засаг, улс төрийн тогтвортой бодлого баримтлах нь чухал.
Ингэж чадвал заавал мега төсөл хэрэгжүүлснээр бус цаашид Монголын зээлжих зэрэглэл өсч эргээд гадны хөрөнгө оруулагчийг татах боломж бүрдэнэ. Мэдээж, мега төслүүд эерэг нөлөө үзүүлнэ гаднын хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа.
-Монгол Улсын 2025 оны улсын төсвийг алдагдалтай байна гэж үзээд Ерөнхийлөгч хориг тавьсан. Тэгвэл УИХ улсын төсвийг дахин хэлэлцэж баталлаа. Үр ашиггүй урсгал зардлуудаа хасаж чадсан гэж та харж байна уу. Ирэх онд ирж болзошгүй эрсдэл мөн юу байна вэ?
-Ирэх оны улсын төсвийг УИХ дахин хэлэлцэж батлахдаа урсгал зардлууд дээр таналт хийж алдагдалгүй байх талд нэлээд анхаарсан байна. Тиймээс өмнөхөө бодвол ахицтай гэж хэлж болно. Улсын төлөвлөж буй орлого нь бодит, найдвартай орж ирэх нь тодорхой орлого биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, компаниудын болон татварын орлого цаашлаад нүүрсний экспортоос шалтгаална. Нэг ёсондоо төсөөлөл дээр суурилсан гэсэн үг. Энэ нь орлогын зорилтот түвшиндээ хүрэхгүй байх эрсдэл бий болохыг үгүйсгэхгүй. Хэчнээн төсвөө алдагдалгүй баталсан ч зарлага хэвээр байгаад эргээд орлого төсөөлсөн хэмжээнд орж ирж чадахгүй бол төсөв алдагдалтай үргэлжлэх магадлалтай. Яагаад гэхээр Хятадад нүүрсний борлуулалт зогсонги байдалтай байна. Дээрээс нь сүүлийн нэг жил нүүрсний үнэ 30-40 хувиар унасан. Нүүрсний үнэ унаж байгаа учраас ченжүүд нүүрс авахгүй байна. Тиймээс төсвийн ихэнх орлогыг бүрдүүлдэг нүүрсний экспортоос олох орлого бага байвал төсөөлсөн орлогодоо хүрэхэд хэцүү л гэж харж байна.
-Ирэх оны эхнээс цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Мөн саяхан цахилгааны үнийг нэмсэн. Удахгүй дулааны үнэ ч нэмэгдэнэ. Эдийн засагчид "Үнийн өсөлтийн дарамт ирэх онд өндөр байна" гэдэг анхааруулгыг өгөх боллоо. Үнийн өсөлтийг сааруулах, тогтворжуулахад ямар бодлого барих ёстой гэж та зөвлөх вэ?
-Цалин хөлсний асуудал дээр хэд хэдэн зүйл байна. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд нэрлэсэн цалин буюу цаасан дээр гэрээ хийгдсэн цалин 170 орчим хувиар өссөн. Гэсэн ч бодит цалин 35 хувиар өссөн байгаа юм. Энэ нь жилд 2-3 хувиар өссөн гэсэн үг. Тодорхой хэмжээгээр цалин өсч байгаа ч эргээд улс төр макро эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэж төгрөгийн ханш унаж, инфляцийн өсөлтөд цалин идэгдээд байна. Мөн бизнес эрхлэгчид цалин хөлс нэмэгдэх сургаар барааны үнээ нэмээд байна.
Цалинг бүтээмж дээр суурилж нэмэх ёстой.
Цаанаас нь нэмээд байхаар төрийн байгууллагын цалин автоматаар нэмэгдэж түүнийг дагаад хувийн аж ахуй нэгж цалингаа нэмэх шаардлага үүсч байгаа юм. Үүнийг тэнцвэртэй байлгахын тулд нөгөө л дэд бүтцээ сайжруулах шаардлагатай байгаа юм. Дэд бүтэц хөгжөөд ирэхээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэнэ, хөдөлмөрийн хуваарилалт сайн хийгдэж эргээд үнэлэмж нэмэгдэнэ.
Цалин, тэтгэвэр нэмэгдэхээр үнийн өсөлт угаас бий болно. Мөн цахилгааны үнийг яг ийм хэрэглээ өндөр үед нэмэх нь зөв шийдвэр байсан уу? 24 цагаар ажилладаг үйлдвэр зэрэгт хүнд тусах байх. Эцэст нь хэрэглэгч дарамтыг нь үүрч байна. Эрэлт нийлүүлэлтээ маш сайн бодох нь зөв. Эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж харж байгаа.
-Монгол Улсын эдийн засаг таван хувийн өсөлтэй байна. Энэ онд 81 сая тонн нүүрс экспортолсон. Ирэх онд энэ хэмжээний нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Энэ төлөвлөгөө биелэх боломжтой гэж харж байна уу?
-Монгол Улс шиг хөгжиж буй орны хувьд эдийн засгийн дундаж өсөлт 5-7 хувь байдаг. Эдийн засгийн өсөлт нь тоондоо бус хүртээмждээ байх ёстой. Монголын эдийн засгийн дийлэнх хувийг томоохон хэдэн аж ахуй нэгжүүд бүрдүүлдэг. Тэр дундаа уул уурхай. Эдгээр нь хаалттай компаниуд байдаг. Баялгийн хуваарилалтыг цөөхөн хэд нь авдаг, иргэдэд очих хувь нь бага гэсэн үг. 5 хувийн өсөлтийг тийм ач холбогдолтой гэж харахгүй байна. Нүүрсний экспортын хувьд өндөр зорилго тавих нь зөв. Гэхдээ энэ жилийн үр дүнгээс харахад ирэх жил нүүрсний экспорт зорилтот төлөвлөгөөндөө хүрэхэд асуудал үүсч болзошгүй. Дээр хэлсэн
Нүүрсний үнэ унаж буй учир ихдээ л 50-60 сая тоннд хүрэх болов уу гэж бодож байна.
-Ирэх онд нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх эрсдэл хүлээж байна гэж та хэллээ. Нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй бол төсвийн орлого талд эрсдэл үүсэх нь ээ дээ?
-Тийм ээ, ирэх оны эдийн засгийн хувьд нүүрсний экспорт дээр нэлээд эрсдэл үүсэхээр харагдаж байна. Дээр хэлсэн шалтгаанаас үүдэж эргээд төсвийн орлого тасалдах эрсдэлтэй. Төсвийн бодлогоор дамжсан валютын ханшид ирэх дарамт нэлээд өндөр байна. Үүнээс хамаараад төгрөгийн хадгаламжийн хүү буурахгүй. Эдийн засгийн өсөлт 5-6 хувь дээр, инфляци өсөх дарамт өндөр. Валютын нөөц байгаа ч нөөцийг хамгаалахын тулд нүүрс, алтны экспортоо сайн хийвэл валютын нөөцөө өсгөх боломжтой. Төсвийн орлогоо тодорхой болгоогүй учир төсөвт тодотгол хийх байх гэж бодож байна.
-Баялгийн сангаас иргэдэд ногдол ашиг хүртээх боломжтой болж Хуримтлалын санд иргэн бүрт 135 мянган төгрөгийн хадгаламж үүсээд байна. Мөн 1072 хувьцааны ногдол ашгийг тарааж эхэллээ. Цаашид энэ мөнгийг яаж үр өгөөжтэй зарцуулбал зүйтэй вэ?
-Түгжрэл, утаа зэрэг нийгмийн асуудал их, иргэд бухимдалтай байгаа учир түр зуурын гал намдаах арга гэж харж байна. Гэтэл дээрх мөнгөөр өчнөөн бүтээн байгуулалт хийх боломжтой. Иргэд эх орны баялгаасаа ногдол ашиг хүртэх эрхтэй ч түүнийг нь улс төрийн хэрэгсэл болгож ашиглахгүй байх ёстой.
3,548.92





















































Холбоотой мэдээ