Юн Сук Ёлын гараас алдуурсан МӨНГӨН ЗООС

Юн Сук Ёлын гараас алдуурсан МӨНГӨН ЗООС

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Юн Сук Ёлын гараас алдуурсан МӨНГӨН ЗООС

Цэргийн онц байдал зарлаж, дарангуйллын эрх мэдлийг гартаа авах оролдлого хийх тэр цаг мөчийг хүртэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлын гарт нэгэн мөнгөн зоос байв. Тэр бол АНУ-тай, тэр дундаа шинэхэн сонгогдсон ерөнхийлөгч Трамптай нийцтэй байдаг харилцаа нь. Юн Сук Ёл, Дональд Трамп нар хэн хэн нь хатуу хяналт, эрх мэдлийг илүүд үздэг. Тэгэхээр Трамп ба Мүн Жэ Ин, Трамп ба Юн Сук Ёл гэсэн хоёр хувилбарын сүүлийнх нь илүү таарамж нийцтэй байх магадлалтай аж.

АНУ-ын хоёр гол намд Юн Сук Ёл ихээхэн таалагддаг байв.

Гэвч Юн Сук Ёл болчимгүй үйлдэл хийж, өөртөө төвөг хураасан нь Трампийг эргэн ирэхээс өмнө Өмнөд Солонгосыг үндсэндээ удирдагчгүй болгож орхив. Үндэсний ассамблейн импичмент амжилттай болсон учир өдгөө Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж байна. Цэцийн шийдвэрээр Юн огцрох магадлал тун өндөр байна. Үндсэн хуулийн цэц Юныг огцрохоос аварлаа ч гэсэн түүний ерөнхийлөгчийн замнал удаан үргэлжлэхгүй байх магадлалтай.

Ийн улс төрийн ялагдал хүлээсэн тохиолдолд Трамп түүнийг сонирхох нь юу л бол. АНУ-д зочлох, караокед дуулах урилгууд бүгд салхинд хийсэн одох магадлалтай.

Болж өнгөрсөн үйл явдал АНУ-д хуучин харилцаагаа эргэн харах боломжийг олгосон гэж үзэж байна. АНУ хэзээнээсээ л Өмнөд Солонгосын консерватив шонхоруудыг илүүд үздэг байжээ. Ардчилсан нам, Бүгд найрамдах намаас сонгогдсон үе үеийн ерөнхийлөгчид Өмнөд Солонгосыг олон жил дарангуйлсан Пак Чун Хитэй харилцсан түүхтэй билээ. Жорж Бушийн засаг захиргаа Хойд Солонгост илүү зөөлөн хандахыг дэмждэг зүүний үзэлтэй ерөнхийлөгч Ким Дэ Жунгтай зөрчилддөг байв.

Байдены засаг захиргааны үед Юн Сук Ёл одтой байсан гэж үзэж байна. Тэр энэ цаг хугацаанд Хойд Солонгостой дураар сөргөөцөлдөж, Японтой эвлэрч, "Америкийн бялуу" дууг урам зоригтойгоор дуулсан билээ. Олон жилийн турш яригдсан хүний эрхийн асуудал байгаа ч гэлээ энэ цаг үед эвслийг хадгалах нь хамгийн чухал хэвээр байв.

Байдены засаг захиргаа Юн Сук Ёлын цочирдом шийдвэрийг шүүмжилсэнгүй. Гагцхүү Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Ерөнхийлөгч Юн Сук Ёл тушаалаа цуцлах шийдвэр гаргасныг бид сайшааж байна. Улс төрийн санал зөрөлдөөнийг энхийн замаар, хуулийн дагуу шийдвэрлэхийг нь бид хүлээж байна" гэсэн мэдэгдэл хийсэн юм. Блинкен энэ үгээрээ Өмнөдөд болсон үйл явдлыг улс төрийн ноцтой хямрал биш бага зэргийн санал зөрөлдөөний тухай ярьж байгаа мэт өнгө аясыг илэрхийлсэн байж мэднэ.

АНУ-ын тэргүүлэх судалгааны төвүүд ч мөн адил хариу үйлдэл үзүүлжээ. "Foreign Policy" сэтгүүлд бичсэнээр Юн Сук Ёл 2022 оны тавдугаар сард тангараг өргөснөөсөө хойш Вашингтоны гадаад бодлогын байгууллагуудын "хайртай, дотны хүн" нь байжээ. Энэ удаагийн үйлдэлд нь даруухан хариу үйлдэл үзүүлж, эсвэл бүр хариу үйлдэл үзүүлээгүй нь дээрх үгийн биелэл байж болох юм. АНУ-ын олон чухал байгууллага, мэргэжилтнүүд Өмнөд Солонгост ардчилал доройтож байгаа зэрэг ноцтой асуудлуудыг хөндөхөөс илүүтэй сайн харилцаатай байх тал дээр илүү анхаарсан.

Эндээс үзвэл Байдены засаг захиргаа ардчиллыг дэмжинэ гэж мэдэгдэж байсан ч энэ байр сууриа орхиж, өмнө нь зохион байгуулсан "ардчиллын дээд хэмжээний уулзалт"-аа мартсан бололтой.

АНУ өдгөө илүү либерал ерөнхийлөгчтэй тулгарах магадлалтай байна. Юны оршин тогтнох эсэх нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс шууд хамаарна. Шүүх бүрэлдэхүүний есөн гишүүнээс гурав нь дутуу тул дүгнэлт гаргах боломжгүй гэж зарим шинжээч таамаглсан ч шүүгчид шүүх хурлыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Эцсийн шийдвэрээр Юн яллагдаж ч магадгүй аж. Юныг аврах нь олон нийтэд таалагдахгүйгээс гадна засгийн газрын чадавхийг сулруулна.

Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийг огцорсноос хойш хоёр сарын дотор сонгууль явуулах ёстой. Энэ тохиолдолд зүүнийхэн хялбархан ялалт байгуулж дөнгөх бололтой. Гэхдээ Өмнөд Солонгосын улс төрийн хоруу чанарыг харгалзан үзвэл хэн ч сонгогдсон байсан улс төрийн үймээн самуун, өшөө авалт үргэлжилнэ.

Трамп нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөж, албан ёсоор ажил үүргээ хүлээж авна. 2017 оноос ялгаатай нь тэр энэ удаад сахилга бат сайтай байсан гэж үзэж байна. Трампийн томилсон хүмүүс эхний өдрөөсөө л түүний тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлж эхэлнэ.

АНУ-ын Өмнөд Солонгос дахь цэргийн оролцооны зардлыг хуваах гэрээг хэлэлцэх нь хоёр улсын нэн тэргүүний анхаарал татах асуудал болж байна. Трамп засгийн эрхэнд эргэн ирснээр асуудал гарна гэж үзсэн тул Байдены засаг захиргаа гэрээг хурдан дуусгавар болгосон. Гэсэн ч Трамп шаардлагаасаа ухрахгүй бололтой. Трамп АНУ-ын цэргийн оролцоонд зориулж жилд 10 тэрбум ам.доллар хүсч байна.

Юн Сук Ёлоос өөр ерөнхийлөгч засгийн эрхэнд гарсан тохиолдолд Трамптай санал нийлэхгүй байх, аль эсвэл цэргийн оролцооны төлөө АНУ-д илүү их мөнгө төлөх магадлал бага. Хэрэв Өмнөд Солонгос Трампын шаардлагаас татгалзвал АНУ-ын цэргийг тус улсад байлгах эсэх асуудал дахин хөндөгдөнө. Трампийн хувьд ерөнхийлөгч болохоосоо өмнө олон жилийн турш Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн оролцоонд эргэлзэж байсан нэгэн.

АНУ цэргийн оролцоонд нь татаас өгдөггүй ертөнцийг төсөөлж чадахгүй байна. Тиймээс АНУ-ын бодлого боловсруулагчид болон солонгосчуудын дундаас гарах аливаа санал нэгдсэн эсэргүүцэлтэй тулгарах болно.

АНУ энхийн цагт жил бүр ойролцоогоор хоёр их наяд ам.долларын алдагдалтай ажиллаж, өрийнхөө хүүд жилд нэг их наяд гаруй ам.доллар төлж байна. Тэгэхээр бусад олон оронд батлан хамгалаахын өгөөмөр дэмжлэгээ хэрхэн үргэлжлүүлэх вэ? Өмнөд Солонгос тэргүүтэй улс оронд байгаа цэргээ эргүүлэн татах нь тэднийг элсүүлэх асуудал болон төсвийн дарамтыг аль алиныг нь хөнгөвчлөх болно.

Түүнчлэн Хойд Солонгост хандах хандлагаас болж хоёр улсын хооронд маргаан гарах эрсдэлтэй. Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд Ким Жон Унтай дотно харилцаж байв. Энэ бол түүний хамгийн бүтээлч дипломат санаачлага байв. Юн Сук Ёлын хувьд мэдээж Хойд Солонгосын эсрэг хатуу байр суурь баримтлагч. Тиймээс ийм бодлогыг эсэргүүцэх нь дамжиггүй.

Харин Ким Дэ Жун, Ро Му Хён, Мүн Жэ Ин нарын ерөнхийлөгчид Хойд Солонгосын удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийж, харилцаа холбоогоо эерэг байлгахыг хичээсээр ирсэн. Хэрвээ Юн Сук Ёлын оронд либерал нэгэн гарч ирвэл Трамп Хойд Солонгостой харилцах харилцааг нь дэмжих хамтрагчаа олж магадгүй юм.

Хойд Солонгосыг дэлхийд нээлттэй болгохыг дэмжих нь Америкийн ашиг сонирхолд нийцнэ. Хоёр улсын засгийн газар хоорондын яриа хэлэлцээг хязгаарлагдмал ч гэсэн тогтвортой байдлаар явуулах нь ашигтай. Бодит байдал дээр найз нөхөдтэйгөө харилцахаас илүүтэйгээр дайснуудтайгаа ярилцах нь чухал билээ.

ЭХ СУРВАЛЖ: FOREIGN POLICY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 1 цагийн өмнө 66.181.160.61

"Дааганаас унаж үхэхгүй , Дарвагар авгайгаасаа болж унаж үхнэээ " гэж энэ дээ…Ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж