Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн 87 хувь нь Хятад иргэд

Хуучирсан мэдээ: 2024.12.23-нд нийтлэгдсэн

Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн 87 хувь нь Хятад иргэд

Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн 87 хувь нь Хятад иргэд

УИХ-ын нэр бүхий гишүүд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь шүүмжлэл дагуулсан. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4 дэх заалтад зааснаар уг хууль хэрэгжинэ. Манайхан ажиллах хүч оруулж ирнэ гэхээр дандаа хятад иргэн гэж ойлгоод байдаг. Гадаадаас ажиллах хүчин оруулж ирэхдээ нийт хүн амын 3 хувьтай тэнцэхүйц иргэдийг оруулж ирнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 3.4 сая иргэнтэй гэж тооцоход нэг улсаас 34 мянган хүн орж ирнэ" гэдгийг хэлсэн юм. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУЖ БУЙ ГАДААДЫН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/-ны мэдээлснээр Монгол Улсад 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 132 улсын 32543 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл,

  • АНУ-ын 1511,
  • БНСУ-ын 1776,
  • БНХАУ-ын 17849,
  • ОХУ-ын 4424 иргэн,
  • Бусад улсын 6983 иргэн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан.

Хуулийн дагуу Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 105142 гадаадын иргэн, үүнээс нэг улсын 35 мянга гаруй иргэн Монгол Улсад оршин суух боломжтой.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 0.93 хувь, үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.51 хувь, ОХУ-ын иргэд 0.12 хувь, АНУ-ын иргэд 0.04 хувийг тус тус эзэлж байна.

Харин Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийг зорилгоор нь авч үзвэл,

  • Албан зорилгоор 644
  • Хөдөлмөр эрхлэх 14006
  • Суралцах 6227
  • Хөрөнгө оруулах 2852
  • Цагаач 1779
  • Шашны 50
  • Гэр бүл, хувийн зорилгоор 6985 гадаадын иргэн оршин сууж байна.

 77 МЯНГАН ХЯТАД ИРГЭН ЦАХИМ ВИЗ МЭДҮҮЛЖЭЭ 

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд цахим визийн evisa.mn cистемээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг дөрвөн ангиллын цахим виз олгож эхэлсэн юм. Тодруулбал, 2021 оноос хойш нийт 127936 гадаадын иргэнд цахим виз олгосон бөгөөд цахим виз мэдүүлэх гадаадын иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 

Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 99 орны иргэдэд 2023 онд 31242 цахим виз, 2024 оны эхний 11 сарын байдлаар 88794 цахим виз олгосон нь өмнөх оноос 2,8 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

2024 онд цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл,

  • БНХАУ-ын 77448,
  • БНЭУ-ын 1334,
  • БНСУ-ын 677,
  • Индонез Улсын 391,
  • Бусад улсын 8944 иргэн байна.

Үүнээс гадна Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалтад багтаж байсан Европын улсууд, Австрали, Шинэ Зеланд зэрэг 34 орны иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлснөөр 65 орны иргэд Монгол Улсад визгүй зорчих боломжтой болжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж