УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.12.20/ 10.00 цагт эхэллээ.
"Засгийн газраас 5 хуулийн төсөл өргөн барьсан"
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдрийн хэлэлцэх асуудал дуусч байна. Ирэх долоо хоногоос УИХ-ын хэлэлцэх асуудал нэмэгдэж байгаа. Засгийн газраас өнөөдрийн байдлаар таван хуулийн төсөл өргөн барьж байна. Ирэх долоо хоногт 10-аад хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэл хангаж байна.
"Шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид шаардлага хангаагүй"
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, шударга ёсонд итгэх итгэл, тэр дундаа шүүхэд итгэх иргэдийн итгэл хөсөр унасан энэ цаг үед ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр нэр дэвшиж, танилцуулж байгаа С.Энхбаатарт амжилт хүсье. Байнгын хорооны хурал дээр ярьсан. Шүүхийн, шүүгчийн бие даасан хараат бус байдалд иргэд асар их эргэлзсэн мэдээлэл байна. Та шүүгч бус гишүүнээр сонгогдвол ямар бодлогын шинжтэй ажлуудыг хийх вэ. Яагаад ач холбогдолтой вэ?
Хонгил гэж яригддаг, улс төрд нөлөө бүхий хүн шүүхэд хэрэг захиалдаг, хэн нэгнийг хэрэгтэн мэтээр цоллож, ял оноодог гэсэн шүүмжлэл улстөрчдийн амнаас удаа дараа гардаг. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Ийм тохиолдолтой яаж тэмцэх вэ?
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар:
-ШЕЗ бол иргэдийн итгэлийг даасан байх ёстой. Эрх зүйт төрийн зорилго бол шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх эрх чөлөөг хангах явдал. Энэ асуудлыг шийдвэрлэх гол байгууллага нь ШЕЗ. Тиймээс шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах тэр нөхцөл бололцоог хангах чиглэлээр хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд өөрийгөө дайчлан ажиллана.
Монгол Улсын урт хугацааны бодлого дээр шүүхийн хараат бус байдал хангагдаж хариуцлагатай, иргэн төвтэй, шүүхийн тогтолцоо төлөвшин гэж заасан. Энэ хүрээнд шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын бичиг баримтыг 2024 онд баталсан. Энэ хүрээнд 7 зорилго, 16 зорилтыг тавьж, шүүх эрх мэдлийн ажлууд ойрын 10 жилээр төлөвлөгдсөн. Энэ хүрээнд хийх ажил олон бий. Юуны өмнө цахимжуулалттай холбоотой, ил тод байх асуудалд анхаарч, ажиллана. Мөн шүүхийн стандарт үйлчилгээг бий болгож, иргэд тэгш эрхтэйгээр мэдээллийг авахад түлхүү анхаарна.
ШЕЗ нь улс төрийн нөлөө, далд хяналтаас ангид байх ёстой. Энэ бол хуулиар баталгаажсан байдаг. Хэдий тийм ч шүүхийн бие даасан байдлыг хангах суурь эрх зүйн болон эдийн засгийн баталгаагаар хангах чиглэлээр түлхүү ажиллаж, оролцоотой байхыг хичээнэ. Шүүх бол аливаа хэргийг нөлөөнд авталгүйгээр нотолгоонд үндэслэж, хууль бус нөлөөлөл, сэтгэл хөдлөл, дарамт шахалт, сүрдүүлэгт хөндлөнгөөр оролцохоос үл хамаарч бие даасан байдлаар ажиллах үүрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-УИХ-ынхан албан тушаалын томилгоотой холбоотой хэд хэдэн зүйлийг цаашид анхаарахгүй бол болохгүй нь ээ. Энэ албан тушаал дээр нэр дэвшсэн хоёр хүний материал орж ирсэн. Аль аль нь шаардлага хангахуйц байж чадаагүй гэж дүгнэж байна. Хуулиараа байнгын хороо буцаах процесс байхгүй. Заавал олон санал авсан хүнийг чуулганаар оруулах хуулийн зохицуулалттай юм билээ. Тэгэхээр олон хүний санал авсан С.Энхбаатарыг томилох эсэхийг хэлэлцэж байна. Хоёрт, ШЕЗ-ийн гишүүн, шүүгч бус гишүүн гэдэг өндөр хариуцлагатай албан тушаалын босго өндөр байх ёстой. С.Энхбаатарын хувьд дандаа төрийн захиргааны байгууллагад ажилласан байна. Хуульч хүнийхээ хувьд мэргэжлийн ур чадвараа юу гэж тодорхойлох вэ. Шүүхийн процесс ажиллагаанд орж байсан уу. Ямар асуудалд анхаармаар байсан бэ?
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар:
-Миний хувьд 1999 онд МУИС-ийн Хууль зүй зүйн сургуулийг эрх зүйчээр төгсч, 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2015 онд Австралийн Сидней хотын Макьюри их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. 1999 оноос төрийн албанд хуулийн мэргэжилтнээс авхуулаад хэлтэс, орлогч дарга, агентлагийн даргаар ажилласан. Энэ хүрээндээ хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгөх, хууль боловсруулах чиглэлийн ажилд оролцож байсан. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, Улсын бүртгэлийн Иргэний бүртгэл мэдээллийн төв болон УБЕГ-т ажиллаж байгаад одоо Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байна. Би оюутан байхдаа шүүх байгууллагад уртын дадлагаа хийж, ойлголт авч байсан.2015-2017 онд "Хуулийн нөхөрлөл" фирмд зөвлөхөөр ажиллаж,мэдээлэлтэй байж ирсэн.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Оюутан байхдаа дадлага хийж байсныг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны туршлага гэж хэлэхэд хэцүү. Бид хуулиа эргэж харахгүй бол яг ийм л хүмүүс орж ирэх гээд байна. Үүлэн чөлөөний нар гэдэг шиг. Шүүхийн нэр хүндийг ярьж байгаа чухал нөхцөлд хариуцлагатай, шаардлага хангасан хүнийг УИХ-аас томилдог баймаар байна. Шаардлага хангахгүй хүнийг байнгын хорооноос буцаадаг баймаар байна. Нэр дэвшигч хариултаа бодно биз. Өндөр албан тушаалд тэнцэх эсэхээ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
-Нэр дэвшигчид амжилт хүсье. ШЕЗ бол шүүхийн нүүр царай болсон байгууллага. Аливаа салбар хүнийхээ дүрээр нийгэмд танигдаж байдаг. Тэр утгаар нь олон нийт хүлээж авдаг. Х.Баасанжаргал гишүүн нэр дэвшигчээ чамалж байна. Энэ салбарыг сайн мэдэхгүй гишүүд танилцуулга хараад томилох нь эргэлзээтэй. Мэргэжлийн хүмүүс нь шүүмжилж байхад яах ёстой вэ. Танай салбарт бүлэг фракц байдаг уу. Шүүгч нарын цалин хангалттай байдаг уу?
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар:
-Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана. Шүүх аль нэг фракц, улс төрийн болон бусад нөлөөлөлд автахгүй байх үүрэгтэй. Хуулийн хүрээнд хангаж, ШЕЗ онцгой анхаарч ажиллах ёстой гэдэг итгэл үнэмшилтэй байдаг. Зорилготойгоор ажиллахыг хичээнэ. Шүүх байгууллагын ажилчдын цалинг анхаарч, дэмжиж ирсэн. Одоо зэрэг дэвийн асуудал яригдаж байгаа. Цалин бол боломжийн гэж хардаг.
Ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир:
-Нэмж тайлбар хэлье. Шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам гэж бий. Ажлын хэсэг журмын дагуу л ажилласан. Тов тогтоож, зараа 21 хоног байршуулж, бүртгэл хийж, материалаа цуглуулсан. Хоёр хүн материалаа өгсөн. Шүүгчээр ажиллаж байгаагүй гэж яриад байх юм. Бид ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж байгаа. Шүүгч, прокуророор ажиллаж байгаагүй хүмүүсийг ШЕЗ-ийн 50 хувьд байх ёстой шүүгч бус гишүүнийг шалгаруулж байгааг ойлгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Замира:
-ШЕЗ-өөс нэгэнт судалгаа хийж явуулсан учраас энэ хүнийг сонгох байх гэж бодож байна. Шүүхийн тамгын газар 42 байранд үйл ажиллагаа явуулж байгаагаас 36 нь стандартын шаардлага хангахгүй, дөрөв нь прокурорын байгууллагатай хамт байна. Мөн бусад шүүх орон нутгийн өмчийн байр түрээсэлж байна. Энэ асуудлыг юу гэж харж байна. Шүүхийн хараат бус байдалд нөлөөлж байна уу. Хуулийн байгууллага хэргийн талаар мэдээлэл солилцдог цахим бүртгэлд холбогдсон байдаг. Шүүх байгууллага хэзээ ийм болох вэ. Нэг шүүгч сард 50 хэрэг шийдвэрлэдэг, ажлын ачааллыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах вэ?
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар:
-Байрны асуудал их чухал, анхаарах шаардлагатай байгаа. УИХ болон байнгын хорооноос анхаарч, улсын төсөвт тусгаж байгаа. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс шүүхийн тоо өөрчлөгдөж 117 шүүхээс 88 болно. УДШ-ийн байрны асуудал шийдэгдэж байгаа. ШЕЗ-ийн баримталж буй бодлогыг барьж дэмжин ажиллана. Тойргийн шүүх байгуулахаар бас ажиллаж байгаа.
Мэдээлэл технологийн асуудлыг анхаарна. Цахимжуулалтад 9 тэрбум, тоног төхөөрөмжид 5 тэрбум төгрөг тусгасан харагдсан. Цахимжуулалтад ажил хийх боломж бүрдэж байна гэж харж байна. Нээлттэй шүүх байх нь чухал учраас би дэмжин ажиллана. Энэ чиглэлээр архив, улсын бүртгэлийг цахимжуулах ажлыг хийж байсан туршлагатай. Анхан шатны шүүх дээр 2023 онд иргэний 13.997 хэрэг, эрүүгийн 63.407, захиргааны 2371, зөрчлийн 26248 хэрэг гээд нийт 100 гаруй мянган хэрэг шийдвэрлэгдэж байгаа. Ажлын ачааллыг хэрхэн бууруулж, цахим үйлчилгээг нэвтрүүлэх вэ гэдгийг анхаарна.
Байнгын хорооны саналаар нэр дэвшигч С.Энхбаатарыг дэмжих санал хураалт явуул, 71 гишүүн дэмжлээ. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцлоо.
Хуралдаанд нийт 67 гишүүн оролцож байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Хуралдаанд нийт 67 гишүүн оролцож байна. Хуралдаанаар нэг асуудлыг хэлэлцэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлын талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулна.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар 1977 онд Төв аймагт төрсөн, 47 настай. 1999 онд МУИС-ийн Хууль зүй зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2015 онд Австралийн Сидней хотын Макьюри их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ.
1999-2002 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хуулийн мэргэжилтэн, 2005-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дэд дарга, 2009-2012 онд УБЕГ-ын орлогч дарга, 2012 онд ЗГХЭГ-т референт, 2012-2013 онд ШӨХТГ-т орон тооны гишүүн, Дэд дарга, 2015-2016 онд Соёмбо легал партнерс ХХН-ий зөвлөх, 2016-2018 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 2018-2019 онд Архивын ерөнхий газрын архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс Архивын ерөнхий газрын даргаар ажиллажээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар нэр дэвших болсон үндэслэл, эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа танилцуулсан. Төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа тэрбээр мэргэжилтнээс шатлан дэвших мерит зарчмаар дэвшиж, одоо агентлагийн даргаар ажиллаж байгаа аж. Ажиллаж байх хугацаандаа төрийн албаны шинэтгэл, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төрийн албаны захиргааны чиглэлээр гол төлөв ажиллаж ирсэн. Нэр дэвшигчийн болзлыг хангах боломжтой хэмээн үзэж, хүсэлтээ зохих ёсоор бүртгүүлжээ.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилогдох юм бол шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхэд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд үйлчилгээний стандарт нэвтрүүлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн шүүхийн бодлогын судалгаануудыг сайжруулах, шүүхийн ачаалал, боловсон хүчнийг шилж сонгох, давтан сургах, дэвшүүлэх тогтолцоог анхаарч ажиллана.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томилно
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||
1 | · Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал | 10.00 | “Их хуралдай” |
Намсрай 3 цагийн өмнө 103.57.93.245
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгоно гээд асуудал нь тодорхой байхад хүртэл попрох юм, Х.Баасанжаргал гэнэ үү, гишүүн. Бас Эрдэнэболд бөөн поп.