Оросын ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гаригт 2024 оны үйл явдлын талаар мэдээлэх оны эцсийн илтгэлийнхээ хүрээнд гадаад, дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд саяхан орогнох болсон Сирийн ерөнхийлөгч Ассадын дэглэмийн үед алга болсон АНУ-ын сурвалжлагч Остин Тисийг лавлаж өгөхөө мэдэгджээ. Тодруулбал, АНУ-ын сүлжээний сурвалжлагч Кейр Симмонс Сирид алга болсон мэргэжил нэгт Тис хаана байгаа болон амьд эсэхийг Путинээс асуусан байна.
Үүнд ерөнхийлөгч Путин хариулахдаа "Ерөнхийлөгч Ассад Москвад ирснээс хойш түүнтэй уулзаагүй. Гэхдээ би уулзахаар төлөвлөж байгаа. Би түүнтэй заавал ярилцаж, түүний талаар асуух болно" гэжээ. Түүнчлэн сурвалжлагч Кейр Симмонсд хандаж "Гэхдээ та бид хоёр насанд хүрсэн хүмүүс, бид ойлгож байгаа, тийм үү? 12 жилийн өмнө Сирид нэг эрэгтэй алга болсон, 12 жилийн өмнө шүү дээ! Бид 12 жилийн өмнөх Сирид ямар нөхцөл байдал үүссэн байсныг, цэргийн идэвхтэй ажиллагаа аль аль талд явагдаж байсныг мэдэж байгаа. Ерөнхийлөгч Ассад дайны талбарт сурвалжлага хийж байсан АНУ-ын иргэнд юу тохиолдсоныг ер нь мэдэх болов уу даа? Мэдэх ч байсан үгүй ч байсан би Сирийн нөхцөл байдлыг газар дээр нь удирдаж байгаа хүмүүсээс асууж өгөхөө амлаж байна" гэв.
Чөлөөт сэтгүүлч Остин Тис 2012 оноос хойш Сирид хоригдож байгаа гэлцдэг. Ассадын дэглэм нуран унасан нь түүний талаарх шинэ тагнуулын мэдээлэл цуглуулах боломжийг олгож байна гэж АНУ-ын албаныхан үзсэн юм.
Орос улс 2015 оноос хойш Ассадын дэглэмийг шууд оролцоотойгоор дэмжиж, ерөнхийлөгч асан Ассад болон түүний гэр бүлд орогнол олгосон учир Остин Тисын талаарх мэдээлэл байх боломжтой гэж ажиглагчид үзсэн. Мөн сурвалжлагч Остин Тисийн ээж Ассадыг Москва руу дүрвэснийг мэдсэнийхээ дараа Лхагва гаригт ерөнхийлөгч Путин руу захидал илгээсэн байна. Энэ талаар АНУ-ын "NBC News" сурвалжилж, Остин Тисын ээж Дебрагаас ярилцлага авчээ.
Уг захидалд "Сирийн өнөөгийн нөхцөл байдлаас хамааран бидний хайртай Остинг хаана байгааг ерөнхийлөгч Путин танаас асууж өгөхийг гуйж байна. Шинэ он, зу сарын баярын гайхамшигт мөчийг бидэнд бэлэглэж, хайртай хүүг минь гэртээ ирэхэд туслаач? Ассадаас хүүгийн минь талаар асууж өгөөч" гэж бичсэн байжээ.
Дебра дараа нь ярилцлага өгөхдөө "Мэдээж хэрэг би дэлхийн бүхий л хүчирхэг удирдагчдаас асууж, тусламж үзүүлэхийг гуйх болно. Орос Сирийн Латакиа мужид томоохон цэргийн боомттой учир Остиныг алга болох үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хадгалж байгаа гэдэгт найдаж байна" гэжээ.
Үүнээс гадна, АНУ-ын албаны дээд албан тушаалтан Остин Тисын талаар судалж, Иорданы Амман хотод эрэн хайж ажиллагаа явуулж байгаа гэж Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер Мягмар гаригт мэдэгджээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн барьцааны асуудал хариуцсан тусгай элч Рожер Карстенс саяхан Ливаны Бейрут хотод Америкийн сэтгүүлч Тисыг яаралтай эрэн хайх ажиллагааг явуулсан байна. Карстенс Дамаск руу явж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх талаар сэтгүүлчид Миллерээс асуухад "АНУ-ын албаны хүнийг Сирид илгээх, байршуулах талаар нэн түрүүнд дээд албан тушаалтнуудтай ярилцах шаардлагатай байдаг" гэжээ.
Мөн Карстенс Амман хотод хэнтэй уулзаж байгаа талаар Миллер дэлгэрэнгүй хэлээгүй ч "Рожер бүс нутагт хэд хэдэн харилцаатай. Тэрбээр Сирийн газар нутаг дахь Цагаан дуулгатнууд зэрэг хэд хэдэн бүлэглэлтэй холбоо тогтоож, Тистэй холбоотой бүхий л нарийн зүйлсийг нэг бүрчлэн шалгах болно" гэж мэдэгдсэн байна.
Холбоотой мэдээ