Хүйтний эрч чангарч буй энэ үед агаарын бохирдол, тоос, тоосонцор илүү их нэмэгдсээр байна. Үүнээс үүдэж томуу, томуу төст өвчлөл ихэсч эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгджээ. Тухайлбал, энэ сарын 19-ний байдлаар улаанбаатар хотын хэмжээнд 2600 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 91 гаруй хувь нь амьсгалын замын шалтгаантай өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн сүүлийн өдрүүдэд нийслэлийн түргэн тусламжийн 103 утасны дуудлагын тоо эрс нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт 10 мянга гаруй дуудлага бүртгэгдсэнээс 18.5 хувь нь амьсгалын замын томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага бүртгэгдсэн гэж НЭМГ-аас мэдээлэв.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нийт 110 мянган хүн амбулаториор үзүүлжээ. Тэдний 10 орчим хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар эмнэлэгт үзүүлсэн байна.
Амьсгалын замын өвчлөл өнгөрсөн долоо хоногоос 0.2 хувиар нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна. Ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл нийт өвчлөлийн 50 хувийг эзэлж байгаа учраас хүүхдийн орны ачаалал өсчээ.
НЭМГ-ын харьяа 10 байгууллага дээр нийт 1400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэг дээр хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 100 ор дэлгэжээ.
Цаашид бусад эрүүл мэндийн байгууллагад нэмэлтээр ор дэлгэхээр төлөвлөж байгаа ажээ. Томуу, томуу төст өвчлөлийн хамгийн оргил үе нь арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сарыг дамнан үргэлжилдэг. Тиймээс ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга нь амны хаалт зүүх юм. Тиймээс олон нийтийн газраар явахдаа тогтмол амны хаалт зүүж хэвшихийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийн олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байхыг сануулав.
Холбоотой мэдээ