Бразилын шүүхээс Их Британийн поп од Аделийн " Million Years Ago" дууг дэлхийн бүх стриминг үйлчилгээнээс устгах, татан буулгахыг уриалжээ. Учир нь тус дууг Адель Бразилын хөгжмийн зохиолчоос хулгайлсан гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн дуучны хамтран ажилдаг "Sony" болон "Universal"-ийн Бразил дахь салбар компанид 8000 ам.долларын торгууль ногдуулсан. Гэсэн хэдий ч тус хоёр компанид давж заалдах эрх нь нээлттэй. Рио-де-Жанейрогийн арилжааны зургаа дахь шүүхийн шүүгч Виктор Торрес өнгөрсөн Баасан гаригт дуучин Аделийн дууг хориглох тушаал гаргасан. Тэрбээр Даваа гаригт Sony болон Universal компаниудад "Million Years Ago дууг ямар нэгэн арга, хэрэгслээр, физик болон дижитал хэлбэрээр хуулах, дамжуулах, ашиглах, засварлах, түгээх, арилжаалахыг нэн даруй, дэлхий даяар зогсоохыг тушааж байна" гэх урьдчилсан мэдэгдэх хуудас илгээсэн байна.
Бразилын хөгжмийн зохиолч Тониньо Гераес шүүхэд гомдол гаргасан бөгөөд түүний өмгөөлөгч Фредимио Тротта "AFP" агентлагт хэлэхдээ "Энэ бол Бразилын хөгжмийн урлагийн түүхэн тэмдэг. Үүнийг олон улсын дуучин хит дуунуудаа зохиохын тулд хуулбарлаж байна" гэв. Тэрбээр мөн энэ долоо хоногоос эхлэн дэлхийн бүхий л стриминг үйлчилгээ явуулдаг радио, телевизийн агентлаг, цахим платформуудад шүүхийн шийдвэрийг дамжуулах болсноо мэдэгджээ.
Хөгжмийн зохиолч Гераес шүүхийн нэхэмжлэлдээ "Бразилын дуучин Мартинхо да Вилагийн 1995 оны хит цомогт бичсэн самбагийн сонгодог Mulheres /Эмэгтэйчүүд/ дууны хөгжмийг Адель хулгайлж, 2015 онд Million Years Ago дуугаа гаргасан" гэсэн байна.
Улмаар Гереас оюуны бүтээлээ алдсан тул Аделиас ёс суртахууны нөхөн төлбөр болгож 160 мянган ам.доллар болон "Million Years Ago" дууг гаргасны дараа авсан Шилдэг зохиолын шагналыг нэхэмжилжээ. "Sony" болон "Universal"-ийн Бразил дахь салбар компаниуд албан ёсны хариу мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Өмгөөлөгч Тротта хэлэхдээ , "Шүүхийн шийдвэрийн тусламжтайгаар хөгжмийн шимэгч хорхойнууд Бразилын эгшиг аялгууг хулгайлах зориггүй болно" гэсэн байна.
Үүнээс гадна, Туркийн соёл урлаг сонирхогчид 2015 онд гарсан "Million Years Ago" дууг мөн адил Адель хулгайлсан гэж үзэж байна.
Учир нь тус дууны ая нь Курдын дуучин Ахмет Кайагийн 1985 онд гаргасан Ацилара Тутунмак /Өвдөлттэй зууралдах/ нэртэй дууны аятай төстэй гэж мэдэгдэж буй. Кайа цөллөгт байхдаа буюу 2000 онд Францад нас барсан бөгөөд түүний бэлэвсэн эхнэр Адель шиг дэлхийн хэмжээний од ая хулгайлах магадлал багатай гэж үзжээ. Бразил нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг олон улсын хэмжээнд хамгаалах тухай 1886 оны Бернийн конвенцод нэгдсэн орон юм. Тиймээс өөрийн улсын ая, хөгжим, шүлгийг бусадтай хуваалцах дургүй гэдгээрээ танигдсан билээ.
Холбоотой мэдээ