Гукеш Доммаражу – Хаан болсон хүү

ХҮМҮҮС

Гукеш Доммаражу – Хаан болсон хүү

Гукеш Доммаражу – Хаан болсон хүү

"NEWS” агентлаг энэ удаа ХҮМҮҮС буландаа шатрын отгон дэлхийн аварга Доммаражу Гукешийг онцолж байна. Өдгөө 18 настай тэрбээр Сингапурт болсон дэлхийн аваргын төлөөх тоглолтод аваргаа хамгаалагч Хятадын Дин Лиренийг хожиж, түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болсон юм.


СЭХЭЭТНИЙ ГЭР БҮЛД ТӨРСӨН НЬ

Энэтхэг шиг кастын системтэй улсад өндөр боловсролтой, чинээлэг гэр бүлд мэндлэх нь өмнөх насандаа хийсэн буян гэж ярьдаг билээ. Гукеш 2006 оны тавдугаар сарын 29-ний өдөр Чэннай хотноо мэндэлжээ. Түүний ээж Падмавати нь микробиологич, аав Ражиникантх нь мэс засалын эмч аж. Гукеш төрөлх хотдоо өсч торнин, боловсрол эзэмшжээ.

Гукешийн өвөө Шанкар Ражу нь Чэнчуражу Кандрига гэх сууринд бүхий л насаараа амьдарч, Энэтхэгийн төмөр замд ажиллаж байсан нэгэн. Харин Ражиникантх Чэннай руу эрүүл мэндийн суралцахаар явж, тэндээ эхнэртэйгээ танилцан гэр бүл болсон түүхтэй. Шанкар Ражу төрөлх сууриндаа олон үл хөдлөхтэй гэнэ.

ШАТАРТАЙ ТАНИЛЦАВ

Гукеш 2013 онд долоон настайгаасаа эхлэн шатрын спортоор хичээллэж эхэлжээ. Тэрбээр долоо хоногт гурван удаа нэг цагаар системтэйгээр бэлддэг байв. Түүний хувьд бага сургуулийнхаа дөрөвдүгээр ангиас сургуулиа хаяж, шатрын замналдаа анхаарлаа хандуулсан гэх содон түүхтэй. Гукеш ч өдөр ирэх тусам шатрын эрдэмд гарамгай болж, энд тэндэхийн тэмцээнүүдээс медаль, шагнал хүртдэг болов. Тэмцээнүүдийн урилга, зарлал ихээр ирж, эцэст нь Гукешийн аав ажлаасаа гарч, хүүгээ дагуулан тэмцээнүүдээр нэг хэсэг хэсчээ. Угийн амьжиргааны бололцоотой айл учир хүүгээ шатрын спортоор хичээллэх, тэмцээнд оролцоход нь дургүйцэх, цааргалах зүйл байсангүй.

Бяцхан Гукеш нэгэн ярилцлагадаа "Шатар бол үнэхээр комплекс. Би үүнд хайртай. Би дэлхийн аварга болохыг хүсдэг" гэжээ.

ОЛОН УЛСЫН ТАВЦАНД

Гукеш хүү анхны олон улсын томоохон ялалтаа 2015 онд авчээ. Тухайн жил болсон Азийн сургуулиудын шатрын тэмцээний ес хүртэлх насны ангилалд тэрбээр түрүүлсэн амжилттай. Харин 2018 онд өсвөр үеийн дэлхийн аваргын 12 хүртэлх насны ангилалд мөн алтан медаль хүртэв. Түүний ялалтын буухиа тасарсангүй. 2018 онд өсвөр үеийн Азийн аваргад 12 хүртэлх насныхаа багийн болон ганцаарчилсан төрлийн рапид, блитц, клаассик ангилалд таван алтан медалийн эзэн болжээ.

Гукеш 12 насандаа их мастер цолны болзол хангаж, түүхэн дэх хамгийн залуу гурав дахь их мастер болсон.

МАГНУС КАРЛСЕНГ ЯЛЛАА

Шатрын 44 дэх удаагийн олимпиад Энэтхэгийн Чэннай хотноо болсон. Өөрөөр хэлбэл, Гукешийн дошин дээр шатрын ертөнцийн хамгийн том тэмцээн зохион байгуулагдав. Гукеш ч эх орноо төлөөлөн хоёрдугаар шигшээ багтаа багтаж, нэгдүгээр ширээн дээр тоглон боломжит 11 онооноос есийг нь авч, хувьдаа алтан медаль хүртэв. Харин баг нь хүрэл медаль авчээ.

Тухайн жилдээ Гукеш Азийн наадамд оролцох Энэтхэгийн шигшээ багт багтан мөнгөн медалийн эзэн болжээ. Үүнээс гадна FIDE чансаа нь 2700 давж, хамгийн залуудаа энэ чансаанд хүрсэн гурав дахь тамирчнаар тодорсон аж.

Хамгийн том үйл явдал нь Гукеш хүү "Aimchess Rapid" тэмцээнээ дэлхийн аварга Магнус Карлсенг хожиж, шуугиан тарив. Тэрбээр Магнусыг буулган авсан хамгийн залуу өрсөлдөгч нь болжээ.

ОЛИМПИАДЫН АЛТАН МЕДАЛЬ, ДЭЛХИЙН АВАРГА

2024 оны шатрын олимпиад Будапешт хотноо болсон. Залуу Гукешээр манлайлуулсан Энэтхэгийн баг эх орондоо авч чадаагүй алтан медалиа авахаар ирсэн байлаа. Энэтхэг гоц авьяастанг ялсан хүн байсангүй. Тэрбээр арван өргийнхөө есөд нь хожиж, нэгд нь тэнцжээ. Улмаар хувийн дүнгээр алтан медаль, багийн дүнгээр ч алтан медаль авав. Энэ бол Энэтхэгийн шатрын түүхэн дэх олимпиадын багийн төрөлд анхны алтан медаль байсан юм.

2024 оны төгсгөлд шатрын дэлхийн аваргын төлөөх тоглолт Энэтхэгийн Гукеш Доммаражу болон Хятадын Дин Лирен нарын хооронд болохоор товлогдов. Хоёр шатарчин нийт 14 өрөг тоглохдоо Гукеш гурав, Дин хоёр хожиж, үлдсэн тоглолтуудад нь тэнцсэн үзүүлэлттэй. Ийнхүү Гукеш шатрын спортын хамгийн залуу дэлхийн аварга болсон билээ. Сүүлийн тоглолтдоо хожсон Гукеш хөлгийнхөө ард нулимс дуслуулж байв.

Дэлхийн аваргын дараа Дин Гукешд хожигдсондоо харамсахгүй байна гэжээ.

Гукешийн тоглолтын хэв маягийг дэлхийн аварга, алдарт Анатолий Карповтой харьцуулдаг.

Түүнийг эх орондоо эргэн ирэхэд элэг нэгтнүүд нь халуун дулаан угтан авч, шатрын шинэ хаан гэж өргөмжилжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 43.242.242.59

Монгол хүн системтэйгээрхичээллэвэл том амжилт гаргахболомжтой. Даан ч заах багш боломж суурь байхгүй байна. энэ залуу сургуулиа хаяад ганцхан шатарт анхаарлаа хандуулжээ. Манай улсад тэгэх боломж байхгүй. Заавал сургууль төгсөх ёстой. Түүнд хамаг цагаа зарцуулдаг. Шатрыг мэрэгжлийн спорт гэж үздэггүй. Чөлөөт цагаараа тоглох спорт гэж үздэг. Энүүгээр хоолоо олж иднэ гэж огт боддоггүй. Ийм нөхцөлд амжилт гаргах хэцүү

Avatar

б 1 цагийн өмнө 103.87.255.177

Системтэй бэлдэх хүн байхгүй л дээ гэхдээ хүүхэд байхдаа бол долоо хоногт 3 цаг гэхээр маш бага бэлтгэл хийдэг байжээ тэгэхээр төрлөх авъяас маш чухал гэсэн үг. Манай Монгол хүүхдүүд өсвөрт сайн явж байгаал нас нь ахлах ангид ороод ирэхээр маш муу болчихдог нь юунд байгааг л судалмаар байгаан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж