Нийгмийн даатгалын салбарын Удирдах ажилтны сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга Б.Батжаргал нээж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орон гүйцэтгэгч, Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг 2024 оны үйл ажиллагааны үр дүн, 2025 онд дэвшүүлэх зорилтын талаар мэдээлэл өглөө.
Сургалтаар Нийгмийн даатгалын салбарын Нийгмийн даатгалын мэдээллийн системийн нэвтрүүлэлт, Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, Захиргааны хэмжээний акт гарахад анхаарах, мөн хувь хүний хөгжил, аз жаргалтай ажлын байрыг хэрхэн бий болгох талаар сонирхолтой илтгэлүүд сонслоо. Сургалтад Нийгмийн даатгалын ерөнхий газрын Газар, хэлтсийн болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын удирдах 44 албан хаагч оролцов.
Нийгмийн даатгалын байгууллага 2025 онд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, хариуцлагатай, үр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах, Капитал, Чингис хаан банкны өр төлбөрийг барагдуулах, Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг барагдуулах, Нийгмийн даатгалын байгууллагын мэргэшсэн, тогтвортой хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор албан хаагчдыг тасралтгүй сургах, Нийгмийн даатгалын мэдээллийн шинэ системийг тогтворжуулах, мэдээллийг нийтэд ил тод, үнэн зөв, хүргэх зэрэг зорилтыг дэвшүүлээд байна.
Холбоотой мэдээ