Ахмадуудад шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Ахмадуудад шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо төлөө амь нас хайрлалгүй тэмцэж явсан зарим ахмад дайчдыг төрийн одонгоор шагнасан юм. Уг шагналыг Батлан Хамгаалахын сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Иргэдийн хурлын дарга Т.Билэгт нар ахмад дайчдад энэ сарын 2-нд гардуулж баяр хүргэлээ. Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор нийслэлийн өндөр настан Гэндэнгийн Гэжээ, Долгорын Батаа, Дамдинсүрэнгийн Заншир, Жамцын Гармаа, Архангайн Жаргалант сумын Тасрангийн Чулуунбат, Дорнодын Баян –Уул сумын Цэвээний Галсанлхам, Увсын Улаангом сумын Гэнэнгийн Дугдай нарын 56 хүнийг, цэргийн гавъяаны одонгоор Баян-Өлгийн Улаанхус сумын Жилжаны Махайс, Говь-Алтайн Хөхморьт сумын Дарьсүрэнгийн Бадарч, Төв аймгийн Алтанбулаг сумын Цогтын Самбуу нарын 107 хүнийг тус тус шагнасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойн баярын хуралд оролцогчдод илгээсэн илгээлтийг нийтэлж байна.
Эрхэм Хүндэт ахмад дайчид аа !
Зэвсэгт хүчний дайчид аа !
Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа !
 
Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа сахин хамгаалж, дэлхийн II дайны сүүлчийн голомтыг дарсан түүхт ойг орон даяар ёслон тэмдэглэж байна. Энэ түүхэн ойг тохиолдуулан залуу халуун насаа эх орон, ард түмнийхээ төлөө зориулж баатарлаг гавъяа байгуулсан ахмад дайчиддаа болон дайнд хамт оролцож ялалт байгуулсан улс, гүрнүүдийн ард түмэн, Зэвсэгт хүчний дайчдад баярын мэндчилгээ дэвшүүлье.

Манай улс дэлхийн II дайны төгсгөл болох 1945 оны чөлөөлөх дайны ялалтын тэгш ойг ёслон тэмдэглэж ирсэн уламжлалтай бөгөөд энэхүү арга хэмжээг зохион байгуулах түүхэн гавьяатай ард түмэн билээ. Хүн төрөлхтөнд хамгийн их гамшиг учруулсан дэлхийн II дайн 6 жил гаруй үргэлжилж, түүнд олон арван улс шууд болон дам байдлаар татагдан орсны дотор Монгол Улс өөрийн бүхий л хүч чадлаар оролцон нийтийн дайсныг дарахад чамгүй хувь нэмэр оруулсан нь чухал ач холбогдол бүхий үйл явдал болсон юм. Үүний үр дүнд Монгол Улс ялагч гүрнүүдийн эгнээнд багтаж, олон улсын тавцанд тусгаар улс гэдгээ батлан харуулсны дээр өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, аюулгүй байдлаа улам бататгаж, Монголын орчин үеийн цэрэг, армийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Аюулт дайныг дэгдээсэн түрэмгий эвслийн тухайн үеийн хамсаатнуудын улс төрийн бодлогын уршгаар амь үрэгдсэн олон мянган дайчид, гэм зэмгүй энгийн иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байгаагийн ялдамд ялалтын ойн энэ өдрүүдэд уг дайнд оролцсон талууд энэхүү түүхэн үйл явдлын ач холбогдлыг үнэлэн цэгнэж, хамтран тэмдэглэж байгаад сэтгэл хангалуун байна.
 
Энэ дайны түүхэн сургамж нь дайн түрэмгийлэл гэдэг хүн төрөлхтөнд ямар их гай гамшиг, хөнөөл зовлон учруулдгийг дэлхий дахинаа мэдрүүлэх, дайны аюулаас сэргийлэх, улс гүрнүүдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх, энх тайван найрамдалт харилцааг эрхэмлэн сахих эрхэм үйлст оршино. Түүхэн их үйл явдлыг дархлан мөнхжүүлж, Монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан Монгол, Орос, Тусгаар улсуудын баатар зоригт дайчин, эрэлхэг цэрэг эрсээ монгол түмэн үеийн үед санан дурсаж, гавъяат үйлсээр нь ямагт бахархаж байх болно. Өдгөөгийн улс, гүрнүүдийн Зэвсэгт хүчин нь түрэмгийллийн бус, өөрийгөө хамгаалах, дэлхийн аль нэг газарт болж буй зэвсэгт мөргөлдөөн, сөргөлдөөнт байдлыг намжаан төвхнүүлж, энхийг сахиулах эрхэм зорилготой билээ. Энэ зорилгын нэгэн адил Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцож үүргээ нэр төртэй биелүүлж байгааг бахархан тэмдэглэж байна. Хүж дэлхий энх амгалан байж, улс, гүрнүүдийн эв найрамдал улам улмаар батжин бэхжих болтугай.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж. 2010 оны 9 дүгээр сарын 02.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж