"Цөмийн эрчим хүчний үүрэг нэмэгдэж, Зөөвч-Овоо цагаа олсон төсөл болж байна"

"Цөмийн эрчим хүчний үүрэг нэмэгдэж, Зөөвч-Овоо цагаа олсон төсөл болж байна"

"Цөмийн эрчим хүчний үүрэг нэмэгдэж, Зөөвч-Овоо цагаа олсон төсөл болж байна"

Монгол Улс Франц улстай хамтран уран олборлох төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр хийж буй. Үүнтэй холбоотойгоор "Бадрах Энержи" компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардтай ярилцлаа. Тэрбээр дэлхийн эрчим хүчний хэрэглээ өсч, цөмийн эрчим хүчний үүрэг оролцоо нэмэгдэж байгаа энэ үед Зөөвч-Овоо цагаа олсон төсөл болохыг онцлоод хөрөнгө оруулалтын гэрээг 2024 ондоо багтаан хийх нь чухал болохыг тодотгосон юм.


-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган өнгөрсөн аравдугаар сард хуралдахдаа цэвэр эрчим хүч болон эрчим хүчний шилжилтийн асуудлыг хөндсөн. Эрчим хүчний салбарын чиг хандлагыг Та хэрхэн харж байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зохион байгуулагдаж байгаа бүхий л хурал ерөнхийдөө дэлхийн дулааралд анхаарах цаг нь болжээ гэдгийг хэлээд байгаа. Тэр дундаа дэлхийн дулааралд хамгийн ихээр нөлөөлж байгаа нүүрсхүчлийн хийн ялгарлын 3/4-ыг нь ялгаруулж байгаа эрчим хүчний салбарт анхаарах цаг нь болжээ гэдэгт санал нэгдэж буй. Энэ ч утгаараа бүх анхаарал цэвэр буюу ногоон эрчим хүчинд төвлөрөөд байна. Ногоон буюу цэвэр гэж нэрлээд байгаа энэ эх үүсвэрүүд нь эрчим хүч үйлдвэрлэх явцдаа ямар нэгэн бохирдуулагч бага үүсгэдэг, уур амьсгалын дулаарлын шалтгаан болсон нүүрстөрөгчийн хийг хамгийн бага ялгаруулдаг.

Үүнд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усаар эрчим хүч үйлдвэрлэх, дулаанаас эрчим хүч гарган авахаас гадна цөмийн эрчим хүчийг багтаан ойлгож байгаа.

Цэвэр, ногоон гэж тодорхойлоод байгаа эх үүсвэрээс эрчим хүч гаргаж авах нь шатмал түлш буюу нүүрс, газрын тосноос эрчим хүч гарган авснаас хүлэмжийн хийг 80 дахин бага ялгаруулдаг. Нэгэнт хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 80 дахин зөрүүтэй байгаа учраас уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бүх хурал, зөвлөгөөнүүд шатах ашигт малтмал бүхий эрчим хүчний эх үүсвэрүүдийг бууруулж, цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг аль болох нэмэгдүүлэх ийм л шийдлийг харж байгаа. Энэ нь эрчим хүчний шилжилтийн хүрээнд хийгдэх үндсэн арга хэрэгслийн нэг юм.

-Эрчим хүчний шилжилтийн гол сорилт нь юу вэ?

-Эрчим хүчний шилжилт гэхээр хоёр том сорилт энд яригдаж байгаа. Нэгдүгээрт, дэлхийн хүн амын өсөлтийг дагаад эрчим хүчний хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байна. Гэтэл үүний нөгөө талд бохирдуулагч ихтэй буюу хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэрүүдээ бууруулж, цэвэр эрчим хүчээр орлуулах үйл явц өрнөж буй. Өөрөөр хэлбэл, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг ногоон эрчим хүчээр хангах томоохон сорилт тулгарч байна.

Ерөнхийдөө ирэх 25 жилд сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Уул уурхайн салбарт энэ шилжилт эрчимтэй явагдаж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, бензин дизель биш, цахилгаанаар ажилладаг өрмийн машинууд ороод ирчихсэн. Цахилгаанаар ажилладаг том том даацын машинууд мөн нэвтэрчихсэн. Эрчим хүчний шилжилтийн үндсэн чиглэлийн нэг болох шатах ашигт малтмалыг цахилгаанаар орлуулна гэж үүнийг хэлээд байгаа юм. Жишээлбэл, цахилгаан машин хэрэглээд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж байна гэж ойлгодог. Тэгвэл цахилгаан машинаа ажиллуулж байгаа эрчим хүчийг цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн байвал л, нэг ёсондоо сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэгдэж байж үндсэн зорилгоо биелүүлж байгаа юм. Тэрнээс биш машин цэнэглэж байгаа цахилгааныг нь нүүрснээс гарган авсан байвал эрчим хүчний шилжилт гэж хэлэх утгагүй болчихож байгаа юм.

-Хандлагыг дагаад цөмийн эрчим хүчний салбарт ямар өөрчлөлтүүд гарч байна вэ. Яагаад эрчим хүчний шилжилтийн нэг чухал хэсэг нь цөмийн эрчим хүч болоод байна вэ?

-Цөмийн эрчим хүч нь эрчим хүчний шилжилтэд маш чухал байр суурь, үүрэгтэй явж байгаа бөгөөд дэлхийн олон орон цөмийн эрчим хүчийг ашиглах, үйлдвэрлэх шийдвэр гаргасан. Энэ улсуудыг гурав ангилж харж болно. Нэгдүгээрт, цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг, ашигладаг байсан улсууд үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрүүдээ гаргалаа. Франц, АНУ, Хятад, Орос гэсэн орнуудыг энд нэрлэж болно. Нөгөө ангилал нь, цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг байж байгаад тэрийгээ бууруулсан, эсвэл зогсоох шийдвэр гаргаад байсан улсууд эргээд станцуудаа зогсоохоо больж, нэмж станцууд барьж, үйлдвэрлэлээ дахин эхлүүлэх гэж байгаа орнууд олон байна. Гуравдугаарт, цөмийн эрчим хүч ашигладаггүй байж байгаад ирээдүйд ашигладаг болох шийдвэр гаргаж байгаа улсууд. Хамгийн сүүлийн жишээгээр өнгөрсөн аравдугаар сарын 6-нд нийт иргэдийнхээ дунд санал асуулга явуулаад цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг болохоор шийдвэрлэсэн Казахстан улсыг дурдаж болно. Казахстан улс нь байгалийн ураны олборлолтоор тэргүүлж байгаа улс юм. Уг санал асуулгаар казахстанчуудын 72 хувь нь цөмийн станцтай болох шийдвэр гаргасан.

Хүн төрөлхтний хувьд 2050 гэсэн чухал он яригдаж байгаа. Улс орнууд 2050 он гэхэд Net zero emission буюу өөрсдийнхөө хэмжээнд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг саармагжуулж, тэглэнэ гэсэн зорилт тавиад явж байгаа. Ингэхийн тулд дэлхий нийт одоо үйлдвэрлэж байгаа цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

Энэ зорилтод хүрэхийн тулд өнөөдрөөс эхлэн ирэх 25 жилд дэлхийд нийт 400 атомын станц баригдана гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Үүнийг тал буюу 200 орчмыг нь урд хөрш Хятадад барьж байгуулахаар байгаа. Товч дараад л хүссэн үедээ, жишээлбэл дулаан үйлдвэрлэх зорилгоор шаардлагатай эрчим хүчээ авах эх үүсвэртэй байх нь чухал. Сэргээгдэх эрчим хүчийг аль болох түлхүү ашиглаж, харин ашиглах боломжгүй үед нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, мөн товч дараад л ашиглах боломжтой эрчим хүчний эх үүсвэртэй байх шаадлагатай ба цөмийн эрчим хүч уг хэрэгцээг бүрэн хангадаг юм. Нүүрсхүчлийн хийг хамгийн бага хэмжээнд байлгахад хамгийн сайн зохицох хувилбар нь цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний хослол юм. Тийм ч учраас цөмийн эрчим хүчинд хөрөнгө оруулж байгаа улс орнууд яг түүнтэйгээ зэрэгцүүлээд сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулж байна.

Өөрөөр хэлбэл, цөмийн эрчим хүч сэргээгдэх эрчим хүчтэй өрсөлдөх биш, энэ хоёр эх үүсвэр хамтдаа бие биеэ нөхөн явах нь зөв шийдэл юм.

-Таны хэлсэнчлэн өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах сорилт нь цөмийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, ураны эрэлт өсөж байна. Энэ түүхий эдийн нөөцийн хувьд хэр хүрэлцээтэй байгаа вэ? Манай улсын хэрэгжүүлэх төсөл эхлэх хүртэлх хугацаанд бусад улсын хайгуул олборлолт хэрхэн явагдаж байгаа нь сонирхол татаж байна?

-Дэлхий дээр байгаа ураны нөөцийг жилдээ хэрэглэж байгаа ураны нөөцтэй харьцуулаад үзвэл хүн төрөлхтөн ямар ч асуудалгүйгээр 100 жил цөмийн эрчим хүчээ энэ түүхий эдээс үйлдвэрлээд явах боломж байгаа. Гэхдээ энэ нь геологийн нөөц буюу газрын хэвлийд байгаа ашигт малтмал юм. Тэр нөөцийг олборлоод цөмийн эрчим хүчний түлш үйлдвэрлэх процессыг хангах хэрэгтэй гэсэн үг. Харин цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдээд явахад цөмийн түлш үйлдвэрлэх байгалийн уран улам ихээр шаардагдана. Өөрөөр хэлбэл, геологийн нөөц хангалттай ч цөмийн түлш үйлдвэрлэх нийт хэрэгцээг одоогийн олборлож байгаа уран хангаж чадахгүй болно гэсэн үг. Тийм ч учраас байгалийн ураны шинэ уурхайнуудыг нээх, ашиглалтад оруулах, олборлох хэрэгтэй. Тодруулбал, 2030 оноос одоо ажиллаж байгаа уурхайнуудын хүчин чадал цөмийн түлш үйлдвэрлэхэд шаардлагатай хэмжээний уранаар бүрэн хангаж чадахгүй болох төлөвтэй байна.

Энэ шалтгаанаар дэлхий даяар ураны шинэ шинэ ордыг нээн илрүүлэх, эрэл хайгуул хийх үйл ажиллагаанууд эрчимжиж эхэлж буй. Тэр дундаа “Орано” групп ч шинээр хайгуул хийж, ураны шинэ орд илрүүлэн эрчим хүчний шилжилтийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилт тавин ажиллаж байгаа.

-Тэгэхээр манай улсын Зөөвч-Овоо уран олборлох төсөл хэрэгжээд, үйлдвэрлэл эхлэх хугацаа нь сая ярьсан хомсдол эхлэх хугацаатай давхцаж байгаа юу?

-Зөөвч-Овоогийн үндсэн олборлолт яг л тохирсон цаг хугацаандаа эхлэх гэж байгаа. Өнөөдрийн бидний төлөвлөгөөгөөр 2028 оны сүүлч гэхэд үндсэн олборлолт эхлэх ёстой. Түүнээс оройтох хэмжээнд үйл ажиллагаа хойшлох ёсгүй, цаг алдахыг бид хүсэхгүй байна. Тийм ч учраас “Орано” групп үндсэн олборлолт эхлүүлэхэд шаардлагатай хэд хэдэн чухал судалгааны ажлуудыг өнгөрсөн жил эхлүүлсэн. Хэдийгээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа хийдэг ч группийн зүгээс эрсдэл үүрээд энэ томоохон ажлуудыг эхлүүлсэн. Харин судалгааны ажлуудаас хавь илүү хөрөнгө шаарддаг бүтээн байгуулалт, барилгын ажлыг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа эхлүүлэх юм.

Хэрэв хөрөнгө оруулалтын гэрээ удааширвал энэ ажлууд ч төдий хугацаагаар хойшилно.  Тэгэхээр Зөөвч-Овоо төслийн үндсэн олборлолт 2028 оноос хойш эхэлнэ гэсэн үг.

-2028 оны сүүлээр үндсэн олборлолтоо эхлүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын гэрээ хэзээ гэхэд хийгдэж, бүтээн байгуулалтдаа орох шаардлагатай вэ?

-2025 он гарахаас өмнө л хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулсан байх шаардлагатай байгаа. Учир нь ирэх 2025 оны зургаадугаар сар гэхэд зам, цахилгааны шугам татах, компанийн болон гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын ажиллаж, амьдрах суурин кэмпээ барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын барилгын ажлуудаа эхлэх төлөвлөгөөтэй байна. Энэ том ажлууд мөн энэ том ажлуудыг хийх зардлыг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нөхцөлд л гүйцэтгэх боломжтой.

-Хөрөнгө оруулалтын гэрээ энэ ондоо багтах болов уу?

-Хоёр талаас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хугацаатай холбоотой илэрхийлж байгаа байр сууриас харахад миний хувьд бүрэн итгэлтэй байгаа.

-Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 22.7 хувь болгож бууруулах зорилт тавьсан. Таны харж байгаагаар энэ зорилт хэрэгжих хэр боломжтой вэ. Эрчим хүчний салбарын оролцоо, ялангуяа Зөөвч-Овоо төслийн оруулах хувь нэмэр ямар байх вэ?

-Монгол Улс бол сэргээгдэх эрчим хүчний хамгийн их потенциалтай дэлхий дээрх цөөхөн улсын нэг. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлээд явах бүрэн боломжтой. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлд сонирхол нэмэгдэж, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг эхлүүлж байгаа компаниуд олширч байна. Энэ нь ч сайн юм. Гэхдээ сэргээгдэх эрчим хүч үүнийг шийдвэрлэхэд хангалтгүй гэж бодож байна. Учир нь сэргээгдэх эрчим хүч цаг агаарын нөхцөлөөс шалтгаалдаг. Тийм учраас сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжгүй үед хэдийд ч ашиглах боломжтой, байнгын үйлдвэрлэл явуулдаг эх үүсвэрийг хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Тухайлбал, Монгол Улсад байдаг нүүрсээр галладаг эрчим хүчээр орлуулж болно.

Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нүүрсээр ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байгаа учраас өөр  авах нэг боломж нь цөмийн эрчим хүч байх боломжтой билээ.

Цөмийн эрчим хүчийг ашиглахаар төлөвлөж байгаа улс орнуудын хувьд нийгэм, ард иргэд цөмийн эрчим хүчийг эерэгээр хүлээн авч байх нь чухал бөгөөд энэ нь ч урьдчилсан нөхцөл юм. Нөгөө талаар ард иргэд хүлээн зөвшөөрлөө гэхэд цөмийн эрчим хүчний станцыг барихад хугацаа их орно. Шийдвэр гарахаас барих хүртэл дор хаяж 10 жил шаардлагатай. Монгол Улсад ажиллах үеэрээ РосАтом компани SMR ангиллын жижиг реактор барих саналыг гаргасан. ОХУ-аас өөр олон улс ч жижиг реактор барих саналыг дэвшүүлж байгаа. Ямартай ч Монгол Улсад цөмийн реактор баригдвал нүүрснээс гаргаж байгаа хүлэмжийн хийг бууруулахаас эхлээд “Бадрах Энержи” компанийн олборлолт дээр тулгуурлан эрчим хүчний бие даасан байдлаа хангах гээд олон давуу талыг авчирна.

Т.ИВЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 192.82.92.204

Хийн түлш буюу газ хэрэглэвэл дэлбэрч үхнэ
Уран буюу Цөмийн эрчим хүч хэрэглэвэл хордож үхнэ

Тэгээд яая гээд бгаа хүмүүс юм бол доо монголчууд
Тэгсэн мөртлөө нүүрсний утаанд хордож үхлээ хатлаа л гэхийн
Хуурай мод аргалаа түлээд цааш явах гээд бгаамуу.

Avatar

Нэргүй 39 минутын өмнө 103.212.117.238

Цөмийн эрчим хүчний технологиор дэлхийд тэргүүлэгч Францын компанийг оросын хатгалгаар харааж зүхэж байж хөөчихвөл дахин Монгол руу Орос, Хятадаас өөр хэн ч өнгийхгүй!!!

Avatar

Иргэн 1 цагийн өмнө 103.212.118.210

Япон улс одоогоор хийн түлштэй дулааны станц эрчим хүчний хангалтад хамгийн гол байр эзэлж, дараа нь цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч ордог бол 2040 оны түвшинд цөмийн эрчим хүч хамгийн хямд зардалтай эрчим хүчний эх үүсвэр болно гэсэн тооцоолол гаргасан байна. Өөрөөр хэлбэл шингэн хийгээр ажилладаг дулааны станцуудаа цөөрүүлж цөмийн эрчим хүчний станцуудаа нэмнэ гэсэн үг л дээ. Манайд харин нөгөө танк, хор толгойтой ишиг ярьдаг нөхдүүд бидний хөгжлийг хойш нь татсаар л байна

Avatar

h 2 цагийн өмнө 43.228.129.134

"Цөмийн эрчим хүчний үүрэг нэмэгдэж, Зөөвч-Овоо цагаа олсон төсөл болж байна"
ene hend heregtei henii bair suurinaas harj ingej uzej baina ve
tiim bol uuriin ulsad baigaa uranaa olborlooch hunii nutgiig tam bolgohoo boli

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.212.118.210

Тэнэгэтэхэд бас хязгаар бий шүү

Avatar

Бодит түүх 2 цагийн өмнө 59.153.86.201

Уранаа олборлоод Станцаа бариад үр дүнг л үзмээр байна, бас битгий худлаа яриад Зам тээврийн сайд шиг зөөгөөд дуусгаарай, үүн дээр л бид нэгдэж байх ёстой.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 203.17.23.177

ОРОСУУД МОЯА ООРКУУДЫН ТАРХИЙГ МАШ АМЖИЛТТАЙ УГААЖ БАЙГАА ШҮҮ. МОНГОЛД УРААН ОЛБОРЛОЖ, ЦӨМИЙН СТАНЦ БАРЬВАЛ МАШ АЮУЛТАЙ, 2 ТОЛГОЙ 10 ХӨЛТЭЙ ХУРГА ИШИГ ТӨРНӨ. ОРОСТ УРААН ОЛБОРЛОЖ, ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАВАЛ ЯАХ Ч ҮГҮЙ. ТЭРЭНД ТЭГЭЭД ЭРГҮҮ ООРКУУД НЬ ИТГЭЭД БАЙХЫН. ЁОО ЭЛЭГ ЭЛЭГ АХАХАХАХАХАХА

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.180.186

мояа оркууд хамаагүй ээ,наадуул чинь авилга өгсөн нь баригдаад францдаа шүүхдүүлээд нэрээ өөрчлөөд явж байгаа луйварчид,ураныг чинь зөөж дуусгаад л алга болно юун атомын станц,оюу толгойг хар атомын бүү хэл нүүрсний станц барина гээд барихгүй хичнээн жил хулхидаж байгааг мэддэггүй юмуу эсвэл мэдэн будилдаг юмуу сентрра голдоос авхуулаад ер нь бүгдээрээ луйварчид шдээ

Avatar

Нэргүй 33 минутын өмнө 103.212.117.238

Чи тэр мэдээний гарчигийг нь уншаад доторх мэдээг огт уншаагүй чувак байна шдээ??? Арева-ийн үйлчлэгч нэг компани нь Монголын албан тушаалтанд албаны шугамаар мөнгө шилжүүлснийг тэр туучий нь хусчихсан юм байна лээ л дээ!! Гэтэл мэдээг орчуулж тавьсан сэтгүүлч нь Арева монголд хахууль өгсөн мэтээр гарчиг тавьчихсан нь зориудын суртал нэвтрүүлэг л дээ?!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.4

Уран олборлох, атомын цахилгаан станцтай болох нь тусдаа асуудал шүү. Энэ хүн дандаа ингэж худлаа зүйл ярьж явах юм

Avatar

Нэргүй 11 минутын өмнө 103.57.94.47

Аа тэгээд, чи бол урангүйгээр АЦС барьчих юм биз дээ ?!
Битгий солиорооч,хө !
Энэ төслийг заавал хэрэгжүүлэх ёстой, хуурамч эх оронч- үл бүтэх этгээдүүдийг баривчлан шийтгэх хэрэгтэй !!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.168.82

дэлхий нийтийн жишгээс хаа холдох вэ, дандаа бусдын нөлөөнд автан хойшлуулж байх вэ, олборлоод цөмийн станцыг барих хэрэгтэй байна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж