Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг энэ ондоо багтаж нураахаар төлөвлөсөн ч амжихааргүй болжээ. Орон сууцыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарангуут барилгыг буулгах тендер зарлана гэж байсан боловч удаашралтай байгааг оршин суугчид хэлж байгаа юм. Учир нь 207 дугаар байрны асуудлыг хариуцсан нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга асан С.Цэдэнсодномыг өнгөрсөн сард /2024.11.28/ хуулийн байгууллагаас баривчлан шалгаж эхэлсэн. Энэ хугацаанд түүний оронд Б.Мөнхбатыг томилсон байдаг. Албаныхан барилгыг "Сурагчдын амралтаар нурааж амжихгүй" гэдгийг оршин суугчдын төлөөлөлд хэлжээ.
“Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр 11 сарын өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн.
Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм.
Тэгвэл нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байгаа талаар өмнө мэдээлж байв.
Энэ хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн. Албан бус эх сурвалжийн мэдээллээр дэлбэрэлт болсон хэргээр "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.
Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хоёр хүнд Эрүүгийн хуулийн :
- 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/
- 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/
- 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шалгалтыг ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа гэнэ.
Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.
Нэргүй 1 цагийн өмнө 192.82.92.204
Шатсан байшингийн иргэд шинэ байртай болдог юм байж, гэмгүй яваад амь хохирсон иргэдийн гэр бүлд учирсан хохирлыг хэрхэн үнэлж барагдуулах вэ?
Хүний байшин сав л ярихаас биш амь нас огт ярихгүй юм. Мэдээж эргээд босоод ирэхгүй нь лав, гэхдээ тэдний гэр бүлд учирсан тэр их хохирлыг хэрхэх вэ?.