Армийн химийн зэвсгийн ангийн даргын цахилгаан дугуйнд тэсрэх төхөөрөмж нууцаар суурилуулж, улмаар аминд нь хүрсэн хэргийн сэжигтнийг баривчилсан байна. Тодруулбал, Мөрдөн шалгах хороо Лхагва гаригт мэдэгдэхдээ "Оросын радиологи, хими, биологийн хамгаалалтын хүчний командлагч Игорь Кириллов болон түүний туслах Илья Поликарпов нарын амь насыг хохироож, халдлага үйлдсэн хэрэгт 1995 онд төрсөн Узбекистаны иргэнийг сэжиглэн баривчилсан" гэжээ.
Мөн тус сэжигтэн нь Украины тусгай хүчний гишүүн болохыг тогтоосон гэв.
Кириллов болон түүний туслах Мягмар гаригийн өглөө цахилгаан дугуйнд суурилуулсан байсан тэсрэх төхөөрөмж нь тэсэрсний улмаас амиа алдсан юм. Мөрдөн байцаагчид сэжигтнийг байцаасан бөгөөд тэрбээр Кирилловын аминд хүрэх гэж Москвад ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн хөлсөлж байсан машиндаа камер суурилуулж, Кирилловын гарч ирэх байрны эсрэг талын зогсоол дээр хүлээж байсан бөгөөд орон сууцны орцноос гарч ирснийх нь дараа тэсрэх төхөөрөмжийг алсаас удирдан дэлбэлсэн гэдгээ илчилсэн байна. Тухайн үйл явдлыг Днепр хотод байх халдлага зохион байгуулагчид руу камераар шууд дамжуулж байсан гэжээ.
Халдлагыг захиалсан хүмүүс сэжигтэнд 100 мянган ам.доллар, Европын аль нэг улсад суурьших боломжийг олгоно гэж амласан байна.
Орос 2022 онд Украин руу түрэмгийлснээс хойш Кириллов Москвад амь насаа гаднын нөлөөтэй алдсан хамгийн том цэргийн зүтгэлтэн болов. Ерөнхийлөгч Путин Украинд цэргийн ажиллагаа явуулж буй армийнхаа амжилтыг сайшаан магтсанаас нэг өдрийн дараа Кириллов алагджээ. Украины аюулгүй байдлын албаны /SBU/ эх сурвалж Мягмар гаригт Франс Пресс агентлагт мэдээлснээр, Кириллов нь дайны гэмт хэрэгтэн учир устгах тусгай ажиллагаа явуулсан гэжээ.
3,595.72















































