Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг солилцох хэлэлцээ урьд өмнөхөөс хамаагүй эерэг, үр өгөөжтэй болж өнгөрсөн гэж Хамас мэдэгдэв. Тодруулбал, Израилийн төлөөлөгчид Дохад хүрэлцэн ирж зуучлагчидтай уулзсанаас нэг өдрийн дараа Хамас уг мэдэгдлийг гаргажээ. Түүнчлэн, "Катар болон Египетийн ах дүүсийн ивээл дор Дохад болж буй эерэг, үр өгөөжтэй хэлэлцээний хүрээнд Израиль шинэ нөхцөл тавихаа больвол гал зогсоох, хоригдлуудыг солилцоонд хүрэх боломжтой гэдгийг баталж байна" гэж Хамасын төлөөлөгч онцолсон байна.
"AFP" агентлагийн мэдээлснээр, Даваа гаригт Катарын Доха хотод гал зогсоох хэлэлцээ болсон.
Катар АНУ, Египет хамтарч Газын зурваст гал зогсоох хэлэлцээг өмнөх үеийн хэлэлцээнүүдийн адил удирдан зохион байгуулсан байна. Өнгөрсөн оны сүүлээр талууд Газын зурваст түр гал зогсоож, хоригдол солилцсоноос хойш ямар ч тодорхой үр дүнд хүрсэн томоохон үйл явдал болоогүй. Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан гал зогсоох гурван шат хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар ярилцсан.
Гэвч эхний шатанд Израиль Газаас цэргүүдээ гаргахгүй гэж мэдэгджээ.
Гэсэн хэдий ч талууд Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулахад ойртож байна гэж АНУ-ын албаныхан үзэж байна. Израилийн батлан хамгаалахын сайд Исраэль Кац мөн хэлэхдээ "Израилийн хэлэлцэгчид 2023 оны арваннэгдүгээр сард эвлэрэх гэрээ байгуулснаас хойш Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг суллах талаар тохиролцоонд энэ удаагийнх шиг тийм ч ойр байгаагүй" гэжээ. Хэлэлцээр өмнөхөөсөө илүү үр дүнтэй байгаа мэт харагдаж байгаа хэдий ч Дохад төвтэй Хамасын дээд албан тушаалтан Нетаньяхуд хандаж, "Өмнө нь хийж байсан шигээ хэлэлцээрийг тасалдуулж болзошгүй" гэж Даваа гаригт анхааруулжээ.
Холбоотой мэдээ