УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.18/ хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/-ийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцлээ.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд эрх зүйч мэргэжилтэй М.Алтан-Очир, С.Энхбаатар нар нэрээ дэвшүүлжээ. Байнгын хороогоор эл асуудлыг хэлэлцэхийн өмнө нэр дэвшигчдээр томилгооны сонсгол зохион байгуулсан байна.
Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэн санал хураахад гишүүдийн олонхи нь С.Энхбаатарыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжсэн бол М.Алтан-Очирыг гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар 1977 онд Төв аймагт төрсөн, 47 настай. 1999 онд МУИС-ийн Хууль зүй зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2015 онд Австралийн Сидней хотын Макьюри их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ.
1999-2002 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хуулийн мэргэжилтэн, 2005-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дэд дарга, 2009-2012 онд УБЕГ-ын орлогч дарга, 2012 онд ЗГХЭГ-т референт, 2012-2013 онд ШӨХТГ-т орон тооны гишүүн, Дэд дарга, 2015-2016 онд Соёмбо легал партнерс ХХН-ий зөвлөх, 2016-2018 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 2018-2019 онд Архивын ерөнхий газрын архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс Архивын ерөнхий газрын даргаар ажиллажээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар нэр дэвших болсон үндэслэл, эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа танилцуулсан. Төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа тэрбээр мэргэжилтнээс шатлан дэвших мерит зарчмаар дэвшиж, одоо агентлагийн даргаар ажиллаж байгаа аж. Ажиллаж байх хугацаандаа төрийн албаны шинэтгэл, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төрийн албаны захиргааны чиглэлээр гол төлөв ажиллаж ирсэн. Нэр дэвшигчийн болзлыг хангах боломжтой хэмээн үзэж, хүсэлтээ зохих ёсоор бүртгүүлжээ.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилогдох юм бол шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхэд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд үйлчилгээний стандарт нэвтрүүлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн шүүхийн бодлогын судалгаануудыг сайжруулах, шүүхийн ачаалал, боловсон хүчнийг шилж сонгох, давтан сургах, дэвшүүлэх тогтолцоог анхаарч ажиллана.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч М.Алтан-Очир нь 1974 онд Ховд аймагт төрсөн, 50 настай. 1999 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйчээр төгссөн.
2003 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2012 онд Жонон дээд сургуулийг эдийн засагчаар төгсөж, 2014 онд ОХУ-ын Москва хотод Дотоодыг хамгаалах яамны Удирдлагын академийг удирдахуйн менежерийн магистраар төгссөн.
2019 онд Дотоодыг хамгаалах их сургуулийн хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
Тэрбээр 1993-1995 онд Хорих байгууллагуудыг удирдах газрын Амгалан дахь хорих ангид хянагчаар, 1999 оны зургаагаас аравдугаар сард Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар/ШШБЕГ/-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах ажилтан, 1999 оны аравдугаар сараас 2000 онд ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах төлөөлөгч, 2000 оны нэгээс есдүгээр сард Барилгын материалын ашиглалтын өмнөх захиргаа буюу 409 дүгээр ангид ахлах төлөөлөгч, 2000-2003 онд ШШБЕГ-ын Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 423 дугаар ангид дэд дарга, 2003-2004 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөний газар /ШШГЕГ/-ын 401 дүгээр ангийн Гүйцэтгэх ажил харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар ажилласан байна. Мөн 2004-2012 онд ШШГЕГ-ын Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2015 оны хоёроос дөрөвдүгээр сард ШШГЕГ-ын хорих 409 дүгээр ангийн дарга, 2015 оны дөрвөөс наймдугаар сард ШШГЕГ-ын Амгалан дахь хорих 421 дугаар ангийн дарга, 2015-2017 оны долдугаар сар хүртэл ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, 2017 оны долоогоос арванхоёрдугаар сард ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, 2018-2021 онд ШШГЕГ-т Хяналт шалгалтын газрын дарга, 2021-2022 онд ШШГЕГ-т Хяналт шалгалт аюулгүй байдлын газрын дарга, 2022-2023 онд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албанд Мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргаар ажилласан байна. М.Алтан-Очир 2023 оны дөрвөөс наймдугаар сард ШШГЕГ-ын Сургалтын төвд менежерээр ажилласан
М.Алтан-Очир Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилга гаргаж, идэвхтэй ажиллах, шүүхийн цахимжилтыг дэмжих, шүүхийн ажлын ачаалал зохистой болгох, шүүхийн захиргааны хүний нөөцийг тогтвортой ажиллуулах чиглэлд анхаарч ажиллана гэж мэдэгдсэн юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 1 цагийн өмнө 103.212.117.238
Манайд маш сайн сургуультай, хүнээс дутахгүй ухаантай герман овчарка байна, түүнийг "шүүгч бус гишүүн" болговол чин шударга ажиллана даа??!!
Оноч 1 цагийн өмнө 66.181.190.220
хаха… одоо яахавдээ… Намын л угшилтай нөхөд.. намдаа л үйлчилнэ дээ. Ажил хийх тухайд тасралтгүй төрийн ажил хийгээл яваад байгаа юм. Бүртгэлийн газар гэдэг юм байгуулагдсан цагаас л намын шугамаар томилуулаал яваад бгаа