УИХ-аас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсан найруулгыг 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Хуульд зааснаар улс төрийн нам нь Үндсэн хуульт байгуулал, ардчилсан тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаагаа ардчилсан зарчимд нийцүүлэн шинэчилж үндэсний хэмжээний бодлого дэвшүүлэн, ил тод, хариуцлагатай ажиллах чиг үүргийг хүлээх болсон.мТиймээс Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэн шинэчилж намын дүрэм хөтөлбөрөө илүү өргөн хүрээгээр тодорхойлж үндэсний хэмжээний бодлогыг дэвшүүлэн Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцон ажиллахад чиглүүлэх үүрэг хариуцлагыг хуулиар хүлээгээд байгаа юм.
НАМЫН ДАРГА НАР СОЛИГДОХГҮЙ
Энэхүү үүрэг хариуцлагыг харгалзан тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж хуульчилсан. Тиймээс ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-ний дотор намууд өөрсдийн дүрэм, журам, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлж, УДШ-д 30 хоногийн дотор хүргүүлэх үүрэг хүлээж байв.
Мөн Улс төрийн намын тухай хуульд намын дүрмээр гишүүдийн эрх, үүрэг, зохион байгуулалтын бүтцээс гадна намын удирдах дээд төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх болон хяналтын байгууллагыг байгуулах журам, тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ болон намын салбар, бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах зэрэг асуудлыг цогц байдлаар зохицуулахаар заасан.
Түүнчлэн намын дүрэм, хөтөлбөрийг шинэчлэхэд гишүүдийн оролцоо ил тод байдлыг хангах олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлах, намын дүрэм, хөтөлбөрийг батлах түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг намын удирдах дээд байгууллагын онцгой бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан байна.Өөрөөр хэлбэл намын дүрэмд гуравны нэгээс дээш хэмжээний өөрчлөлт оруулах асуудлыг намын анхан шатын бүх нэгжийг хуралдуулж гишүүдийн оролцоог хангаж шаталсан хэлбэрээр санал авсны үндсэн дээр намын удирдах дээд байгууллагаас эцэслэн шийдвэрлэж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хуульд заасан юм.
НАМЫН ДАРГА НАР БҮРЭН ЭРХЭЭ БҮТЭН ЖИЛЭЭР СУНГАВ
Гэсэн хэдий боловч Улс төрийн намын тухай хууль/шинэчилсэн найруулга / хэрэгжиж эхлээд жил хүрээгүй байхад дахин нэмэлт, өөрчлөлт оруулж амжлаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас 2025 оны оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Улс төрийн намын дүрмийн шинэчлэл нь гишүүдийн идэвх оролцоог хангахыг шаардсан өргөн хүрээний өөрчлөлтийг хамарч байгаа тул хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө санхүү, зохион байгуулалт, төлөвлөлтийг шаардсан төдийгүй тодорхой шат дамжлага бүхий бэлтгэл ажлыг хангахгүйгээр шууд хэрэгжүүлэх боломжгүй асуудал үүсэж байгаа учраас нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2027 оны наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгахаар хуулийн төсөлд тусгасныг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор болгон өөрчлөх, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх, мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлд уг хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчилж, хуулийн төслийг УИХ- р эцэслэн баталлаа. Өөрөөр хэлбэл он солигдохын өмнө бүх шатны гишүүдээ цуглуулж намын дүрэм, журмаа шинэчлэх, цаашлаад намын даргын суудалдаа үлдэх үү, явах уу гэсэн сонголтын өмнө ирээд байсан намын дарга нар хэсэг хугацаандаа сандал суудал дээрээ үлдэхээр болж хонь бүрэн, гэдэс цатгалан гэгчийн үлгэр боллоо. Нэгэнт нэг жилийн эрх өвөртөлсөн улс төрийн намын одоогийн удирдлагууд энэ хугацаанд амжиж намынхаа дүрэм журмын, өөрчлөлт, шинэчлэх хийх гэрийн даалгавар өвөртлөв.
УЛС ТӨРИЙН НАМУУД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ТАТГАЛЗАЖ ЧАДСАНГҮЙ
Улс төрийн намууд дүрмийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн хугацаагаа хойшлуулж болсон мөртлөө татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжих урамшууллын хугацаагаа хойшлуулах зүрх зориг, ёс зүй улстөрчдөд, хууль санаачилагчид, тогтоогчдод хэн хэнд ч байсангүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулиар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд дараагийн сонгууль хүртэл жил бүр санхүүжилт олгох заалт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ. УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр нийт улс төрийн долоон нам төрөөс 7.4 тэрбум төгрөгийн урамшуулал авах юм. Тухайлбал, парламентад суудалтай МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам авахаас гадна УИХ-д суудал аваагүй ч нийт сонгогчдын нэгээс дээш хувийн санал авсан Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам төсвөөс санхүүжилт авах хуулийн эрх нээгдсэн талаар СЕХ-оос зарласан. Тиймээс он гарсаар МАН төрөөс 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая төгрөг гээд нийт 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах хууль эрх зүйн орчин бий болсон юм. Намуудад олгох энэхүү санхүүжилтийн 25 хувийг эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд, 15 хувийг гишүүдийнхээ улс төрийн боловсролын дээшлүүлэхэд, 15 хувийг намын дотоод сургалт, судалгааг боловсронгуй болгоход гэхчлэн зарцуулалтын зориулалтыг хуульд тодорхой зааж өгсөн бөгөөд санхүүгийн тайлангаа гаргаагүй намуудын суудал болон саналын тоогоор авч байгаа санхүүжилтийг зогсоох, хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа СЕХ-д гаргаагүй бол тухайн намыг идэвхгүйд тооцох санал гаргах зэрэг арга хэмжээ авах боломжтой аж.
УЛС ТӨРИЙН НАМД ТӨРӨӨС ОЛГОХ САНХҮҮЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
2023 онд шинэчлэгдсэн Улс төрийн намын тухай хуулиар намын орлого нь дараах эх үүсвэртэй байна гэж хуульчилжээ. Үүнд:
- төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг,
- гишүүний татвар,
- хандив,
- намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого,
- энэ хуулиар зөвшөөрсөн бусад орлого хэмээн тодорхойлсон байна.
Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь мөнгөн хэлбэрээс гадна шууд бус дэмжлэгээс бүрдэнэ. Шууд бус дэмжлэгт сонгуулийн жилээс бусад хугацаанд намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах;
Мөн намын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх зэрэг багтсан байна.
Мөнгөн хэлбэрийн тухайд хоёр төрөлтэй. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулиар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд дараагийн сонгууль хүртэл жил бүр санхүүжилт олгоно.
Хоёрдугаарт, парламентын сонгуульд хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улстөрчийн тоогоор болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшүүлсэн тоогоор дөрвөн жилд нэг удаа төрөөс санхүүжилт авна.
ТӨРӨӨС НАМУУДАД ОЛГОХ САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?
Улс төрийн намуудад төрөөс олгох санхүүгийн дэмжлэгийг хэрхэн тооцохыг хуульд тодорхой заасан.
- Жил бүр олгох санхүүжилтийг тооцохдоо Н = /С1 х Т1/ + /С2 х Т2/ томьёог ашиглана.
- Н гэж нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн дэмжлэг авсан намд хуваарилах нийт санхүүжилтийг;
- С1 гэж Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоог;
- С2 гэж Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог;
- Т1 гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг;
- Т2 гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хэлнэ гэж заасан байна.
- Дөрвөн жилд нэг удаа буюу сонгуулийн дараа жил олгох санхүүжилтийг тооцохдоо квотын тооноос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлэн тооцно. Уг санхүүжилтийг зөвхөн нэг удаа олгох юм.
Дээрх томьёоллоор бодоход, сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авсан долоон нам 134.5 саяас 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дараагийн сонгууль хүртэл жил бүр авах юм.
Нэргүй 1 минутын өмнө 27.123.212.86
Намууд нийт ард түмэнд тустай гэгээрүүлэх, зөв амьдрах ёс зүйг таниулсан байдал, үлгэрлэн манлайлсан байдлаар нь үнэлж эрэмбэлдэг болмоор байна. Намын гишүүнчлэлтэй хүн бүр ёс зүй, ёс суртахууны өндөр шаргууртай байх хэрэгтэй.
өөө 54 минутын өмнө 210.148.94.144
Сонгуульд 1 хувь хүртэл санал авч чадахгүй байгаа намыг татан буулгадаг замруугаа явах ёстой.
Зочин 1 цагийн өмнө 76.220.74.140
Бүгдээрээ л төрөөр тэжээлгэж данхар төсвөөс хувь хүртсээр байдаг. Монгол улсын өрийн тааз хэт их нэмэгдэж энэ маягаараа цаашид яваад байвал газар нутагаа ч алдах аюулд ороод байна. Харамсалтай нь төрийн өндөр албан тушаалтнуудад зориулж хууль баталдаг болохоор үүн дээр хариуцлага хүлээх хүн нэг ч алга.