"Мансуурагчидтай Зөрчлийн хуулиар тэмцэх тусам донтолт нэмэгддэг"

"Мансуурагчидтай Зөрчлийн хуулиар тэмцэх тусам донтолт нэмэгддэг"

"Мансуурагчидтай Зөрчлийн хуулиар тэмцэх тусам донтолт нэмэгддэг"

Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд нийгмийн сэтгэлзүйн асуудал хурцаар хөндөгдөх болсон. Тэр дундаа донтох эмгэг хүүхэд залуусыг онилоод удаж байна. Хар тамхинд донтох эмгэгийн эсрэг арга хэмжээ үр дүнд хүрч чадаж байна уу?

-Харамсалтай нь мансууруулах бодист донтох эмгэгт автах иргэдийн тоо нэмэгдэх болсон. Манай нийгэмлэг 25 жил үйл ажиллагаа явуулахдаа энэ чиглэлээр дотоод болон гадаадын байгууллагуудтай хамтран 18 удаа судалгаа хийсэн. Хар тамхинд донтох эмгэгээр өвчилсөн иргэдтэй ажиллаад 25 жил боллоо. Энэ хугацаанд 61 хүнийг мансуурах эмгэгээс нь салгасан. Гэхдээ 25 жилийн хугацаанд гэхэд энэ тоо чамлалттай үзүүлэлт.

Хар тамхинд донтох эмгэгийг эмчлэхийн тулд хэн, хэнээс нь асар их цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаарддаг. Зан үйлийг нь өөрчилнө, дэмжих бүлгийн үйл ажиллагаа явуулна. Дараа нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэх мэтээр шат дараалласан ажлууд явдаг.

Манай байгууллагаас хийсэн тандалт судалгаанд 1179 хүн "Би хэрэглэдэг" гэдгээ илэрхийлсэн байна. Гэтэл үүний цаана хууль бус хэрэглээ гэж бий.  Хар тамхинд донтох эмгэгтэй иргэд тогтмол эрүүл мэндийн байгууллага, сэтгэл зүйч, сэтгэл заслын эмнэлгийн хяналтад байх ёстой. Харамсалтай нь, донтох эмгэгээ хүлээн зөвшөөрөхгүй, хүнээс нуудаг иргэд холбогдох эмч, эмнэлгийн байгууллагад хандаж эмчлүүлэхгүй байна. Гэтэл нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн маш том асуудлыг гэмт хэрэг, зөрчил гээд хуульчилсан. Зөрчлийн хуулийн 5.1.3-д мансуурсан, архинд донтсон этгээдийг 30 хоногийн хугацаатай түр саатуулах заалттай.

Гуч хоногоор хорихоор сэтгэцийн эмгэгтэй тэдгээр хүмүүс худлаа хэлдэг, хулгай хийдэг. Харин ч эсрэгээрээ саатуулах байранд тодорхой хугацаанд саатуулагдахад хар тамхинд донтох эмгэг нь нууц байдалд орчихдог. Тэгэхээр Зөрчлийн хуулийн 5.1.3 дах заалтыг хасаад өгөөч ээ гэдэг саналыг манай байгууллагаас гаргадаг.

-Хар тамхинд донтох эмгэгт өртөж  байгаа хүмүүсийн талаар багагүй судалгаа хийдэг байх. Ер нь ямар насныхан донтох эмгэгт өртөх эрсдэлтэй байдаг вэ?

-Сүүлийн үед насны босгыг хязгаарлаж тогтооход хэцүү болсон. Ойролцоогоор 14 наснаас мансууруулах бодис хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Цагдаагийн ерөнхий газрын судалгааны төвтэй хамтраад 2018 онд 1300 хүүхдэд судалгаа хийж үзсэн. Энэхүү судалгаагаар өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн донтох эмгэгт өртөх, цаашлаад хэрэглээ өндөр болж байгаа гэсэн үзүүлэлт гарсан.

Хэрэглээ өсөн нэмэгдээд байгаа асуудал чинь Монгол Улс, эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид, томчууд бид өсвөр үеэ хаяж гээгдүүлж байна гэсэн үг шүү дээ. Бас нэг асуудал байгаа. НҮБ-ын урьдчилан сэргийлэх ажлын стандарт гэж байдаг. Уг стандартыг орчуулаад холбогдох яаманд хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Цагдаа нар урьдчилан сэргийлэх ажил хийж, баривчилгаа явуулах тусам хар тамхины хэрэглээ ихэсдэг нь амьдрал дээр ч, судалгаагаар ч нотлогддог.  Олон улсад цагдаа нар сургалт орж болдоггүй гэж байхад манайд эсрэгээрээ яваад байна. Хар тамхинаас урьдчилан сэргийлэх стандартаа мөрдөж байж нийгмийн асуудлыг шийднэ.

-Хар тамхинд донтох эмгэгт өртсөн хүмүүсийн талаарх боловсрол, мэргэжил, орлогын судалгаа байдаг уу?

-Нийгмийн давхаргын ялгаагүй болсон. Эхэндээ баян айлын хүүхдүүд хэрэглэж байна гэдэг л байсан. Одоо тийм биш. Хэрэглээ цаашдаа замбараагүй болох хандлагатай байна. Ийм эгзэгтэй цаг үед  бид нар ирээдүй хойч болох хүүхэд багачуудаа хар тамхинд донтох эмгэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллахгүй бол цаг алдах тусам төлөх төлөөс өндөр байх болно.

 Сүүлийн үед хүүхдүүдийн дунд цахим орчны хэрэглээ нэмэгдэж байна. Үүний дагаад олон сөрөг нөлөөлөл гарч байна. Угтаа цар тахлын үед хар тамхины хэрэглээ 26 хувиар буурсан судалгаа гарсан байсан.

Учир нь хил хаалттай байсан. Эндээс хар тамхинд донтох эмгэгт өртөх гол эх үүсвэр гаднаас тээвэрлэгдэн орж ирдэг гэсэн дүгнэлтэд хүргээд байна.

Хар тамхинд донтох эмгэгт өртөж бөйгаа хүүхдэд илрэх хамгийн анхан шатны шинж тэмдэг юу байдаг вэ?

-Ерөөсөө л мөнгө санхүүтэй холбогдоод эхэлнэ. Хүүхэд нь тогтмол мөнгө нэхээд эхэлвэл мөнгөө юунд зарцуулж байна вэ гэдгийг нь анзаараад үзэхэд буруудахгүй л болов уу. Өмнө нь өдөрт хэдэн төгрөг хоол цайндаа зарцуулдаг байсан, одоо ямар шалтгаанаар тогтмол авдаг мөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлээд байна вэ.

Мөнгөний тоо хэмжээ нь өсч 100 мянган төгрөг рүү ороод эхэлвэл анхааралдаа авах ёстой. Дараагийн шинж тэмдэг бол хүүхэд нь уур уцаартай болно. Хүнтэй харилцаж чадахаа болино. Ганцаардмал болно гэх мэтээр олон төрлийн шинж тэмдэг илэрнэ.

Энэ бол донтолтын эхний шатуудын шинж тэмдэг. Ер нь бол цаг завгүй гэж шалтаглахгүйгээр өдөр бүр хүүхдээ хаана юу хийж, хэнтэй уулзаж, хаашаа явж байгааг нь мэддэг, орой ирээд хүүхэдтэйгээ ярилцдаг эцэг эхчүүдийн хувььд хүүхдийнхээ анхан шатны өөрчлөлтийг богино хугацаанд мэдэрдэг. Харин зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэй харилцах харилцаа, хандлагандаа хайнга ханддаг учраас хэт хожуу үед нь буюу асуудал нэлээд хүндэрсэн үед нь мэдэх тоохиолдол ч бий. Донтолтын хугацаа янз бүр байдаг. Анх удаа хэрэглээд цаашид донтох эмгэгтэй болсон хүн байдаг бол бага багаар хэрэглээд эцэст нь донтсон хүн ч бий. Тиймээс донтох эмгэгт өртөх цаг хугацааны хэмжүүр гэж үгүй. Донтохдоо амархан ч эдгэрэх үйл явц маш удаан үргэлжилнэ.

Д.ЭНХБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 36 минутын өмнө 59.153.114.247

Энэ тал дээр энэ эгч л ганцаар зөв юм хийдэг

Avatar

ok 55 минутын өмнө 66.181.190.178

mansuural deer zasgiin gazar 1 nomert ajillah hergtei odoo sain ajilaagui baij ongorson hoino ni haramsaad herggui bolno shuu.tor zasag anhaaraliig mash sai tavih hergtei bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж