Чөлөөт хослол, шар айргийг хааяадаа гял цал хувцас, оргилуун дарсаар солиход буруудах зүйлгүй. Шинэ жилийн үдэш нүд гялбам даашинзтай, эрвээхэй зангиатай хундага тулгаж зогсохдоо хуучин оныг яагаад ийм сүртэй үдэж байгаагаа гайхаж бодож байсан удаа танд бий юу? Өчнөөн үнэтэй даашинз, хиймэл хумс, сормуус зэрэг бол бидний амьдарч буй цаг үеийн илэрхийлэл. Яг үнэндээ шинэ он эхлэнэ гэдэг шинэ зүйл огтоосоо биш аж. Он цаг тоолол бол мухар сүсгийн нэг хэсэг гэж үзэгсэд ч бий.
Тэгвэл шинэ жилийн баяраар гоёж гооддог энэ уламжлал бидний санаснаас ч эрт эхэлжээ.
Шинэ жилийн баярыг анхлан тэмдэглэсэн хүмүүс бол шотландчууд. Гэхдээ тэдний гоёл нь даашинз бус үхрийн ширэн хувцас байлаа. Учир нь эрт дээр үед хүмүүс малын арьс өмсөж, галт бамбар асааснаар тосгоноо бузар муухайгаас хамгаалж, ариусгаж байна гэж үздэг байжээ. Шинэ оныг угтан үхрийн ширээр гоёдог байсан уламжлал өнөөдрийг хүртэл хувьсан өөрчлөгдсөн гэж тэгвэл ойлгож болох нь.
Харин эртний ромчууд өнөө цагийн үдэшлэгтэй ойролцоо хүлээн авалт, цайллага маягийн зүйл зохион байгуулдаг байжээ. Английн номлогч Гэгээн Бонифас 742 онд Ромд айлчлахдаа он солигдох мөчид хүмүүс ямар их баяр хөөр болж буйг хараад цочирдож байсан гэдэг. Гудамжинд хүмүүс бүжиглэж, согтуурхах ба ширээ нь идээ ундаагаар дүүрэн байсан аж. Мөн эмэгтэйчүүд нь хүзүүндээ том гэгчийн сахиус зүүсэн байх бөгөөд үүнийгээ өндөр үнээр зарахыг оролдож байв. Тухайн үеийн эмэгтэйчүүд бузар муугаас хамгаалдаг гэж итгэн янз бүрийн сахиус зүүдэг байжээ.
Шинэ жилийн үдэшлэгт ирчихээд үнэт зүйлээ зарах гэж орчин цагт оролддоггүй ч гэлээ гоёл чимэглэл гэсэн үндсэн санаа эндээс эхтэй байж мэдэх юм.
Эртний Вавилонд хоёр он солигдох хоорондын заагийг эмх замбараагүй байдал ба дэг журам хоорондын тэмцэл гэж үздэг байв. Яагаад гэвэл яг энэ цаг мөчид хүмүүсийн дагаж мөрддөг хэв журам алдагдаж, янз бүрийн хувцас өмсдөг. Ингээд онцгой дүр төрхтэйгөө шөнө дунд хүртэл байдаг байжээ. Бараг Үнсгэлжингийн үлгэртэй үүнийг зүйрлэж болох юм. Орчин цагт ч бас Үнсгэлжингийн үлгэр үргэлжилсээр байна. Хүмүүс баярын орой ихэвчлэн тансаг, өнгөлөг, гялалзсан, үнэтэй хувцас өмсдөг. Гэтэл өдөр тутамдаа бид ийм байдаггүй, тийм ганган дэгжин хувцаслаад хүнсээ цуглуулдаггүй. Ердийн үеэс өөр чимээ шуугиан, алиа наргиан, эмх замбараагүй байдал дунд бодит цаг мөчийг өнгөрөөх боломжийг шинэ жил бидэнд олгодог.
Шинэ жилийн баярын орой хамаг сайн сайхнаа өмсөж зүүдэг нь нэг талаасаа мухар сүсэгтэй холбоотой. Эрт цагт ч тэр, орчин цагт ч тэр ялгаагүй.
Бүх цаг үеийн туршид хүмүүс шинэ жилийг шинэ эхлэл гэж үзсээр иржээ. Тийм ч учраас цаашид ямар байгаасай гэж хүснэ тэр байдлаараа он солигдох мөчийг өнгөрөөхийг хүснэ. Шинэ жилийн баяр таны ирэх жилийн өнгийг тодорхойлно гэсэн итгэл үнэмшилтэй энэ нь холбоотой. Монголчуудын хувьд энэ төрлийн зан заншил, мухар сүсгийг шинэ жил, сар шинийн баяраар ярих дуртай.
Тэгвэл Британийн ардын аман зохиол сөхөөд үзвэл тэд нэгдүгээр сарын 1-нд гэрийнхээ хог шороог шүүрддэггүй байжээ. Учир нь тоос шороотой хамт аз хийморио салхинд хийсгэчихнэ гэж боддог байв. Мөн ирэх жил элбэг дэлбэг байхын тулд зөвхөн шинэ эд зүйлс л хэрэглэнэ гэсэн мухар сүсэг байжээ.
Орчин цагт ярьвал үнийн шошгыг нь саяхан тасдаж авсан даашинзнаас илүү гарах цоо шинэ эд зүйл гэж юу байх билээ?
Шинэ онд өөртөө хөгжил цэцэглэлт, амжилт бүтээлийг татахын тулд хамгийн сайхан хувцасаа өмсөнө гэдэг бол зорилго тавихтай адил зүйл аж. Хуучин бүхнийг таягдан хаяж, цоо шинэ хүн болно гэсэн санаа. Энгийн нэг хуванцар байсан ч хамаагүй титэм зүүх зэрэг нь энэ уламжлалтай салшгүй холбоотой.
1800-аад оны сүүлчээс өмнө шинэ жилийн баяр нь гэр бүлийн баяр байв. Хүмүүс сүмд очиж, өнгөрсөн жилээ эргэцүүлэн боддог байв. Гэвч цаг үе хувьсан өөрчлөгдөхийн хэрээр шинэ жилийн баяр улам тансаг, чимээ шуугиантай байх болжээ. Хүмүүс хөдөө тосгоноос хот суурин газрыг илүүд үзэх болж, сүм бус үдэшлэг сонгох болсон байна.
Америкчууд 1915-1916 онд шилжих шөнийг сүр дуулиантай тэмдэглэснийг цагаан дээр хараар тэмдэглэн үлдээжээ. Тодруулбал, 1916 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн "Вашингтон пост" сонины дугаарт "Нью-Йоркчууд өнгөрсөн шөнө өрөсдийгөө мартан зугаацаж цэнгэлээ. Энэ бол хамгийн гайхамшигтай шинэ жилийн үдэш байв" гэсэн нийтлэл гарчээ.
Гэрлэн чимэглэлтэй, сүр дуулиантай баяраа тэмдэглэдэг болсон нь мэдээж хотууд цахилгааны шугамд холбогдсонтой холбоотой. Тог цахилгаантай болсноор гудамж, үзвэр үйлчилгээний газруудын гэрэлтүүлэг, шөнийн трамвай гэх зэргээр хотод шөнийн амьдрал сэргэсэн.
Үүний дараачаас америкчууд цаганд ач холбогдол өгч эхэлжээ. Хувь хүмүүс халаасны цаг хэрэглэх нь ихэссэний зэрэгцээ байшин барилгуудыг улам л том том цагуудаар чимэх болсон. Ингээд шинэ он гарах мөчид цаг тоолон баярлалддаг болжээ.
Төрөл бүрийн байдлаар шинэ жилийн үдэш үзүүштэй болохтой зэрэгцээд эмэгтэйчүүд өөртөө илүү их анхаарал хандуулж эхлэв. Тэд хувцсаа анхааралтай сонгож, тансаг цэнгээний газрыг зорин бүжиг наадам хийх болсон. Шинэ жил зүгээр нэг баяр биш тухайн жилийнхээ хамгийн том үдэшлэг болсон нь эмэгтэйчүүдийн хувцаслалтаас бэлээхэн ойлгогдох болжээ.
Үхрийн ширэн өмсгөлөөс эхэлсэн соёл өнөөдөр хэчнээн их үнэ мөнгөөр хэмжигдэх гялалзсан даашинз болж хувирчээ. Шинэ жилийн баярыг угтан гангарах шаардлага бүх л цаг үед байсаар ирсэн. Энэ жилийн нүд гялбам сонголт тань ч түүхийн үргэлжлэл болон тэмдэглэн үлдэх буй за.
Холбоотой мэдээ