Д.Өлзийбат: Сайжруулсан түлш хэрэглэснээр утаа 50 хувь буурсан

Хуучирсан мэдээ: 2024.12.17-нд нийтлэгдсэн

Д.Өлзийбат: Сайжруулсан түлш хэрэглэснээр утаа 50 хувь буурсан

Улсын онцгой комисс/УОК/-ын хуралдаан өнөөдөр /2024.12.17/ боллоо. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.


Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-УОК ын ээлжит VI хуралдаан боллоо. Нийслэлийн агаар орчны бохирдолтой холбоотой асуудлаар хэрэгжүүлж байгаа арга хэмжэний талаар мэдээлэл сонсч, шийдвэр гарсан.

Агаарын бохирдол нэмэгдэж байгаа тул холбогдох  төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр шийдвэр гарч, Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб байгуулж 24 цаг тогтмол хяналт тавьж ажиллах. Уг комиссыг Нийслэлийн Засаг дарга ахалж ажиллана. Мөн үүнд Засгийн газрын холбогдох яам, агентлаг, салбарын хяналтын байцаагч нарыг татан оролцуулна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга агаарын бохирдолтой холбоотой асуудлаар өмнө нь чиг үүрэг хүлээж ажиллаж байсан Үндэсний хороог сэргээн байгуулж ажиллах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр боллоо.

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд,  Эрчим хүчний сайд,  Нийслэлийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллагуудыг агаарын бохирдлыг бууруулах хүрээнд богино болон дунд урт хугацаанд хэрэгжүүүлэх ажлын талаар даалгавар өгөгдсөн.

Хяналт шалгалт эрчимжүүлэх үүрэг өглөө. Одоогоор 2500 орчим төрийн албан хаагч нийслэлийн гэр хорооллын айл өрхөөр явж угаарын мэдрэгчээр мэдээлэл сурталчилгаа өгөх зөвлөн туслах баг ажиллаж байгаа  бол нэмж урьдчилан сэргийлэх баг ажиллана.

Мөн сайжруулсан түлшний чанар стандарттай холбоотой шинжилгээг гадаадын итгэмжлэгдсэн лабораторид хийлгэж, эргэн мэдээлэл өгөх  хугацаатай үүрэг өглөө.

“Тавантолгой түлш” компанийн  ерөнхий технологич Д.Өлзийбат:

-“Тавантолгой түлш” компани нь 2019 оноос хойш шахмал түлш үйлдвэрлэхдээ “Энержи ресурс” компанийн олборлож байгаа нүүрсний завсрын бүтээгдэхүүн болох мидлингийг бүтээгдэхүүнийхээ орц найрлагад ашиглаж байна. Зургаан сарын турш тогтвортой ашиглаж байна.

Мидлинг, барьцалдуулагч хоёр солигдоогүй. Мидлинг 95 хувь, барьцалдуулагч 5 хувийг бүрдүүдэг.

2020-2021 онд зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсон. Солонгосын уурын хатаалгатай технологи ашигласан үйлдвэр байгуултал манай цаг уур орчинд тохирохгүй байсан тул технологийг сольж бүх үйлдвэр хатаалгатай бллсон. Чийгийн хувьд стандарт шаардлага хангаж байна.

Жилд 520 мянгаас -560 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг. Сүүлийн таван жилд 540 мянга орчим шахмал түлш үйлдвэрлэж, борлуулж байна.

Шахмал түлшний стандарт 2019 онд батлагдсан. Бүтээгдэхүүний чийг анх 10 хувь байсан, стандартыг чангаруулснаар чийгийн агууламжийг 6 хувь болгож, сайжруулсан. 2022 оноос өмнөх бүтээгдэхүүний чийглэгийн агууламж өндөр байсан, харин одоо 6 хувиас бага болж буурсан.

Түүхий нүүрсний дэгдэмхий бодис буюу тоосонцорын хэмжээ 54 хувьтай байсан бол одоо бидний ашиглаж байгаа мидлинг 22 хувиас бага байгаа. Нүдэнд харагдаж байгаа утааны хэмжээ 50 хувиар буурсан нь эндээс шууд харагдана. Хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ зэргийг нийслэлийн 19 цэгт байршдаг самбарт өдөр өдрөөр гарч байгаа.

Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Л.Оюунжаргал:

-Улаанбаатар хотын хувьд нийслэлээс 6 цэг дээр, манайхаас 13 цэг дээр агаарын бохирдлын гол үзүүлэлтүүдийг хэмждэг. Азотын давхар исэл, угаарын хий, озон зэрэг зургаан төрлийн бохирдуулагч бодисыг хэмждэг. 2019-2020 онд нийслэлийн хэмжээнд PM 2.5 буурч байсан, харин хүхэрлэг хий өссөн байсан.  2021 оноос хүхэрлэг хийн хэмжээ бага зэрэг буурч байгаа. “Тавантолгой түлш” компани үйл ажиллагаагаа сайжруулсны үр дүн гэж харж байгаа.

Өнгөрсөн жилийн арваннэг, арванхоёрдугаар сард цаг агаар тогтворгүй салхи ихтэй өдрүүд байсан учраас энэ саруудад агаарын бохирдол бага байсан. Энэ жилийн арваннэгдүгээр сард цаг агаар тогтуун байсан. Арванхоёрдугаар сар гарангуут агаарын температур  хүйтрээд ирэнгүүт их даралтын орон үүсдэг. Их даралтын орон үүсэхээр салхи байхгүй болдог. Энэ байдал арванхоёрдугаар сар гарснаас хойш олон хоног үргэлжилж байна. Түүнийгээ дагаад агаар бохирдуулагч бодисын хуримтлал нэмэгдэж байна.

Дээр нь мөн агаар бохирдуулагч ялгаруулагчийн хэмжээ нэмэгдэж байна.  Гэр хороололд бүх төрлийн агаарын чанарын үзүүлэлт муу байгаа, ялангуяа Баянхошуунд агаарын чанар хамгийн муу байдаг.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж