ҮСХ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.1 хувиар өссөн

ҮСХ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.1 хувиар өссөн

ҮСХ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.1 хувиар өссөн

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 11 сарын үзүүлэлтийг өнөөдөр /2024.12.17/ танилцууллаа.


Үндэсний Статистикийн хорооны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил: 

-Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувь, өмнөх оны эцсээс 7.7 хувь, өмнөх сараас 1.7 хувиар өссөн байна. Түүнчлэн Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 21.4 хувь, Хангай болон Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.1 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 9.5 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

Мөнгө, зээл үнэт цаасны зах зээлийн статистикаар мөнгөний нийлүүлэлт 2024 оны арваннэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 (17.2%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.2 (32.5%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.6 (36.2%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Өрийн статистикаар улсын нийт гадаад өр 2024 оны эхний есөн сард 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.4 (7.2%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 772.0 (2.2%) сая ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2024 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.4 (16.6%) тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Харин Төв банкны гадаад өр 813.2 (41.5%) сая ам.доллароор буурчээ. Нийт гадаад өрийн 16.7 (46.7%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.8 (21.9%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.0 (5.6%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 1.1 (3.2%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 8.0 (22.5%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.2 (28.7%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 26.1 их наяд төгрөгт хүрч, 5.4 (26.0%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний 11 сард 24.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 25.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

Гадаад худалдааны статистикаар Монгол Улс 2024 оны эхний 11 сард нийт 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 14.6 тэрбум ам.доллар, импорт 10.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 4.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.0 (13.4%) тэрбум ам.доллар, экспорт 781.7 (5.7%) сая ам.доллар, импорт 2.2 (26.2%) тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 1.4 (-25.9%) тэрбум ам.доллароор буурсан байна.

Дундаж цалингийн статистикийг харвал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/- ын 768.0 мянган ажиллагч хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.8 (3.6%) мянгаар, өмнөх улирлаас 373 (0.7%)-аар, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 12.6 (1.7%) мянгаар, өмнөх улирлаас 10.9 (1.4%) мянгаар тус тус өсжээ.

Харин Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 (6.6%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 1.5 (7.8%) их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 132.3 (7.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН ТОХИОЛДОЛ 23.8 ХУВИАР ӨСЧЭЭ

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний 11 сарын байдлаар 4910 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 944 (23.8%)-аар өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны эхний 11 сарын байдлаар нийт 6062 хүн нэрвэгдсэн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2024 оны эхний 11 сарын байдлаар ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 479 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 67 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 74 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 4290 удаа тус тус бүртгэгдсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж