ДЭМБ-ын тооцооллоор авч үзэхэд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаар дахь PM 2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын жилийн дундаж агууламж нь ДЭМБ-ын зөвлөмжөөс найм дахин их байна гэсэн тооцоолол бий. 2025 онд Улаанбаатар хотын нарийн ширхэгт тоосонцорын хэмжээг 41-31 мкг/м3 болгоно гэж төлөвлөсөн талаар албаныхан мэдээлж байв. Ингээд агаарын бохирдол болон өвчлөлийн талаар эрдэмтэн, судлаачдын байр суурийг хүргэж байна.
"АГААРЫН НАЙРЛАГА ДАХЬ ХОРТ БОДИСУУД ХАРШЛЫН ГАРАЛТАЙ ӨВЧЛӨЛИЙГ СЭДРЭЭЖ БАЙНА"
-УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн их эмч Б.ЗОЛЗАЯА:
-Ер нь хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын өвчлөл нэмэгддэг. Энэ нь агаарын бохирдол ихсэх, хүйтэн агаараас гадна амьсгалын замын вирусийн халдваруудын идэвхжил нэмэгддэгтэй холбоотой. Үндсэн гурван шалтгаан гэж хэлж болно. Агаарын бохирдол эдгээр хүйтэн агаар, амьсгалын зам цочрох, вирусийн халдвараар амьсгалын зам өвдөх зэргийг хамгийн их хүндрүүлж байдаг. Угаасаа л хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын өвчлөл ханиад томуу, уушгины өвчин үүсгэдэг. Үүн дээр нэмээд байнгын агаарын бохирдолтой байснаар уушги өөр өөрийгөө сэлгэх боломжгүй болдог.
Дээрээс нь агаарын найрлага дахь хорт бодисууд ямар ямар хэмжээтэй байгааг харахад нарийн ширхэгт тоосонцор буюу нүдэнд үл үзэгдэх маш жижиг тоосонцорууд агаарт өндөр найрлагатай дэгдэж байна.
Энэ нүдэнд үл үзэгдэж байгаа тоосонцорууд амьсгалын замын алслагдсан гуурсан хоолойд очиж, салтангуудыг үрэвсүүлж байдаг. Хэрвээ бид цэвэр агаараар амьсгалж байсан бол уушги өөр өөрийгөө цэвэрлэдэг. Уушгины сормууслаг эс нь байнгын гадагшаа чиглэсэн хөдөлгөөн хийдэг. Гэвч агаарын бохирдлоос үүдэн уушги өөр өөрийгөө цэвэрлэх боломжгүй болж вирусийн халдварууд илүү хүндэрч байна.
Ер нь хүйтэн сэрүүний улиралд ханиад томуу, хатгалгаа, уушгины өвчлөл нэмэгддэг. Гэхдээ энэ жилийн хувьд гойд их өвчлөл нэмэгдэж байна. Томуу, томуу төст өвчлөлд арваннэгдүгээр сараас бэлэн байдалд шилжиж, зарим дүүргийн эмнэлэг зөвхөн бага насны хүүхдүүдээ хүлээн авах зохицуулалтыг хийдэг. Тийм учраас манай эмнэлэг ачааллыг хуваалцаж, Чингэлтэй дүүргийн зарим хорооны насанд хүрэгчдийг хэвтэн эмчлүүлж байгаа. Өвчлөлийг харах юм бол уушгины архаг бөглөрөлийн сэдрэл, гуурсан хоолойн багтраа өвчний сэдрэл, уушгины хатгалгаагаар өвдсөн тохиолдлууд дийлэнх хувийг эзэлж байна. Тэгэхээр агаарын найрлага дахь хорт бодисууд харшлын гаралтай өвчлөлийг сэдрээж байна. Энэ жилийн тандалт судалгааг харж байхад амьсгалын замын синцитиаль вирусийн халдвар өндөр байна. Бусад вирусээ бодвол хоруу чанар өндөртэй, хий ханиалгадаг, хоолой өвддөг, хамар, ам шархирдаг шинж тэмдэг илэрдэг. Тэр дундаа агаарын бохирдолтой холбоотой харшлын шалтгаантай ханиад зэрэгцэж байна. Ямар ч ханиад хүрсэн шинжгүй мөртлөө шууд хий ханиалгаж, хатгалгаагаар хүндэрч байна. Энэ бүхэн агаарын бохирдол буюу найрлагад байгаа химийн хортой бодистой холбоотой гэж үзэх үндэслэл болж байна.
"ӨВЧЛӨЛИЙН ЦААД ШАЛТГААН НЬ НАРИЙН ШИРХЭГТ ТООСОНЦОР ГЭХ СУДАЛГАА БИЙ"
-ХӨСҮТ-ийн дэд захирал О.БАТБАЯР:
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдэж, нийслэлийн Яаралтай тусламжийн дуудлага мэдээлэл 70 хувь нэмэгдсэн. Өвчлөл нэмэгдэж, эмнэлэгт маш их ачаалал үүсгэж байна. Ихэвчлэн бага насны хүүхдүүд өвчилж байгаа учраас эцэг эхчүүд хүүхдээ асарч, өвлийн улиралд ажлаа хийх боломжгүй болж байна. Зөвхөн Монголд гэлтгүй агаарын бохирдол ихтэй дэлхийн бусад улс оронд агаарын бохирдол нийгэм, эдийн засгийн том дарамт үзүүлдэг. Энэ дарамтыг арилгахын тулд төр иргэнтэйгээ хамтран ажиллах ёстой.
Утаатай холбоотой судалгаа олон байгаа. Уушгины өвчлөл богино хугацаанд хатгаа болж, хүндэрч байгаа. Үүний цаад шалтгаан нь нарийн ширхэгт тоосонцор юм гэдэг судалгаа бий. ДЭМБ-аас агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, нас баралтын 10 орчим хувийг эзэлдэг гэж үздэг гэв.
"АГААРЫН БОХИРДОЛ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА"
-ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.БАТТӨР:
-Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр амбулаторит суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 277.320 хүн хандаж тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 21.367 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байна. Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдийн мэдээллээр 9643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3087 нь буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчний хүндрэл гэсэн үг.
Энэ тооны хамгийн гол үзүүлэлт нь өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад 10 хувиар илүү байна.
Мөн нийт өвчлөгсдийн 47.1 хувь нь, амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Энэ хүндрэлээр өвдөж байгаа бүлэг нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Таван хүн тутмын нэг нь хүүхдүүд байна гэсэн үг. Энийг өнгөрсөн долоо хоногийн мэдээтэй харьцуулахад 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Бид нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг эрт авч, вакцинжуулалтыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын зорилтот бүлгийн 90.4 хувь нь томуугийн вирусийн эсрэг вакцинд хамрагдсан байна. Ер нь энэ өвчлөл арванхоёрдугаар сүүлчээр нэмэгддэг. Тийм учраас эрсдэлт бүлгийн хүмүүс өрхийн эмнэлэгтээ вакцинд хамрагдах боломжтой гэдгийг зөвлөж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 5-ны хугацаанд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторит хийсэн 223 сорьцонд шинжилгээ хийхэд 48 буюу 21.5 хувь нь амьсгалын замын синцитиаль вирус, 12 буюу 5.3 хувь нь томуугийн А хүрээний вирус, цар тахлын вирус 11 буюу 4.9 хувь нь SARS-Cov-2 илэрсэн.
ХӨСҮТ-өөс амьсгалын замын цочмог хүнд халдвартай бага насны хүүхдүүдийн 109 сорьцонд шинжилгээ хийхэд 15 төрлийн томуу, томуу төст өвчний үүсгэгчийг илрүүлэхийг зорьсон. Нийт 67 сорьц буюу 64.4 хувьд ямар нэгэн вирус илэрсэн. Тэр вирус дотор 45 хувь нь амьсгалын замын синцитиаль вирус байсан.
Агаарын бохирдол гэхээр зөвхөн нүдэнд харагдаж байгаа гадна орчны бохирдлыг хэлдэг. Агаарын бохирдол нийгэм, эдийн засагт нөлөөлөхөөс гадна сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Монголд 2021 онд судлаачдын хийсэн судалгаа байдаг. Агаарын бохирдолд 65-аас дээш насны ахмад настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй.
Нэргүй 38 минутын өмнө 103.212.117.137
ӨВЧЛӨЛ ТҮГЖРЭЛ УТАНД ХҮХДҮҮД ХАМГИИН ИХЭР ХОРДДОЖ БАИНА ТИМЭС 8 САРЫН 10 НАС ХИЧЭЛЛҮЛЖ ӨВӨЛД АМРА ХӨЛДҮ ЛАЛРУДА
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.176.39
,Ард түмэн утаанд дүнкүүрээд , албан тушаалтан ЕК , Ерөнхий сайд энэ тэр нь архинд лүнкүүрээд энэ улс сөнөлөөө Гэнэт сэрсэн юм шиг үе үе гарч ирэх юм бусад үед нь юу хийгжжд байнааа ҮҮнээс илүү тулгамдсан асуудал гэж юу байнааа Хүмүүс нь хордоод хүүхдүүд нь хордлогоо дийлэхгүй үхэж үрэгдээд байхад ,,,,
Иргэн 2 цагийн өмнө 139.5.216.145
Өөрснийг нь хотоор хэдэн цаг алхуулах юмсан.
Нэргүй 2 цагийн өмнө 139.5.219.152
ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ЭНЭ ТЭР ГЭЖ ШОУДАХАА БОЛИОСОЙ.