Олимпийн аварга хосууд мөсөн талбайдаа гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга хосууд мөсөн талбайдаа гэрлэжээ

“Ванкувер-2010” өвлийн олимпийн наадамд шуугиан тарьж, хосын төрөлд аваргалсан Хятадын хос Жао Хунбо, Шень Сьюэ нар амьдрал дээр ч гэсэн үнэнч хосууд ажээ. Хамгийн сүүлд БНХАУ-ын 2010 оны уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн хосууд өнгөрөгч бямба гаригт мөсөн талбайдаа хайр дурлалаа даатгаж, олон мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө мөсөн талбайдаа гэрлэжээ. Бээжин хотын төв гимнастикийн танхимд болсон хуримын ёслолыг гурван жилийн турш бэлтгэсэн гэнэ. 2007 оны уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэний дараа Жао өөрийн спортын хамтрагч, хайрт бүсгүйдээ анх гэрлэх санал тавьсан байна.

Жао, Шень нар 1992 оноос хойш хамтдаа уран гулгалтын хосын төрлөөр хичээллэх болсон бөгөөд дасгал сургуулилт болоод дэлхийг тойрон уралдаан, тэмцээн гээд үргэлж хамт байх болсон учир бие биедээ хязгааргүй дурлажээ. Хэсэг хугацаанд их спортоосоо завсарласны эцэст хосууд өнгөрсөн хоёрдугаар сард болсон Ванкуверийн олимпод эх орноо төлөөлөн оролцож, хагас зуун жил үргэлжилсэн Зөвлөлт болоод ОХУ-ын ноёрхлыг эвдсэн билээ.

Жао, Шень нар хоёул Хятадын зүүн хойд зүгийн Харбин хотноо төрж өсчээ. Тэд хууль ёсоор 2007 онд гэрлэсэн боловч гурван жилийн дараа ийнхүү нүсэр хэмжээний хуримын ёслолоо хийсэн байна. Тэдний хуримын ёслолд олон мянган хөгжөөн дэмжигчдээс нь гадна дэлхийд алдартай уран гулгагчид мөн оролцжээ. 2006 оны олимпийн аварга, ОХУ-ын Евгений Плющенко “Sex bomb” дуунд бүжиглэсэн бол “Ванкувер-2010” олимпийн мөнгөн медальт Мао Асада мөсөн дээрх танго бүжгээр бэлэг барьсан байна. Түүнчлэн 2002 оны олимпийн аварга Алексей Ягудин, дэлхийн хошой аварга Канадын Стефан Ламбьел нар мөн Жао, Шень нартай хамтран бүжиглэжээ. Гэхдээ хамгийн ихээр олныг шуугиулсан нь АНУ-ын Жонни Уейр Lady Gaga-гийн “Poker Face” дуугаар сюрприз барьсан явдал байв.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж