Лионель Месси 2015 онд хөлбөмбөгийн ертөнцөд цахиур хагалах ирээдүйтэй гэж арван залууг сонгож байлаа. Тэрбээр "Adidas"-тай хамтран "Backed by Messi" гэх кампанит ажлыг өрнүүлж, өөрийн шилдэг болно гэж бодсон тамирчдаа дэмжсэн түүхтэй. Дараах арван тамирчин түүний кампанит ажлын нүүр царай болсон билээ.
- Жереми Бога
- Аккурсио Бентивенья
- Кенеди
- Максвел Корнет
- Алексей Миранчук
- Тимо Вернер
- Рони Лопес
- Жэймс Уилсон
- Гяаси Зардес
- Хири Шелтон
Тэгвэл дээрх арван тамирчин өдгөө хаана явна вэ?
- Жереми Бога
Челсигийн академид гялалзаж байсан залуу хүү өдгөө Францын Нице клубд тоглож байна. Шигшээ багийн түвшинд ч Кот-д’Ивуарын төлөө 23 тоглолтод оролцжээ. Нэг хэсэг Италид дажгүй тоглож байсан тэрбээр хүлээлтэд хүрч чадаагүй билээ.
- Аккурсио Бентивенья
2015 онд л удахгүй од болох нь баараггүй гэж байсан хүү одоо сураггүй явна. Палермод байхдаа Пауло Дибалагаас ч илүү үнэлэгдэж байлаа. Гэвч одоо Сери-С лигт тоглож явна.
- Кенеди
Кенедигийн алдаа бол 2015 онд нутгаа орхиж, Челситэй нэгдсэн явдал. Тэнд бразил хүү хөгжиж чадаагүй, боломж олдоогүй. Ихэнхи хугацаанд зээлээр явж, Челсигийн төлөө ердөө 30 тоглолтод оролцжээ. Одоо Испанид байгаа.
- Максвел Корнет
Лионы Корнет бол гайхалтай байсан. Хурдтай, тэсрэлттэй, хууралт сайтай франц хүү Лионы төлөө 51 гоол оруулж, 29 гоолын дамжуулалт өгсөн амжилттай. Премьер лигийн томчууд ч авна гэх яриа гарсан. Гэвч 2021 онд Бөрнли рүү явж, удалгүй Вест Хэмтэй нэгдсэн. Одоо бол Саутхемптонд зээлээр тоглож байна.
- Алексей Миранчук
Ихэр Миранчукийн Алексей нь Мессигийн анхаарлыг татсан. Локомотив Москвагийн төлөө 228 тоглолтод 43 гоол, 43 гоолын дамжуулалт өгч, Европын том багуудын анхааралд өртсөн нэгэн. Эцэст нь Итали руу Аталантад очсон. Мессигийн төсөөлсөн шиг амжилт үзүүлээгүй ч муугүй яваа. Одоо АНУ-д Атланта Юнайтедын төлөө тоглодог.
- Тимо Вернер
Энэ арваасаа Тимо Вернер л хамгийн давгүй замналыг туулж байна. Герман довтлогчийн хувьд 2020 онд Челсигийн хамтаар УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн билээ. Харин одоо Лондон хотын цагаан баг болох Тоттенхэм Хотспурт харьяалалтай.
- Рони Лопес
Өсвөр насандаа Бенфикагаас Манчестер Сити руу очиж байсан хүү Премьер лигт ердөө тавхан тоглолтод оролцсон. 2015 онд Монаког зорьж, давгүй тоглож эхэлсэн. 2017-2018 оны улиралд Францын лигт 15 гоол оруулсан үзүүлэлттэй. Одоо Туркийн лигт байгаа сурагтай.
- Жэймс Уилсон
Юнайтедын фэнүүд энэ хүүг мартаагүй биз. 2013-2014 оны улиралд Премьер лигт цахиур хагалж байсан түүхтэй. Гэвч олон дасгалжуулагчийн нүүр үзэж, эцэст нь Луи ван Галь ирснээр түүнд дахин боломж олгоогүй. Зээлээр явсаар өдгөө Английн нэгдүгээр лигийн Нортхэмптон Таун багт тоглож байна.
- Гяаси Зардес
АНУ-аас төрөн гарах дараагийн тод од нь Зардес гэж олон хүн ч ярьсан. Месси ч түүнийг онцолсон. 2014 онд Мэйжор лигт ЛА Галаксигийн төлөө 16 гоол оруулж байсан гэхээр яагаад ч муу тоглогч байгаагүй. Харамсалтай нь бэртэл гэмтэл түүний эхэлж байсан замналыг үгүй хийсэн. Хэзээ ч Европд ирээгүй. Одоо ч нутгийнхаа Остин багт тоглож байна.
- Хири Шелтон
АНУ-аас од болох ирээдүйтэй өөр нэгэн залуу нь Хири Шеллтон байсан. 2015 оны Мэйжор лигийн драфтын хоёр дахь сонголт болж байлаа. Мэйжор лигтээ ч олигтой тоглоогүй тэрбээр 2019 онд Герман руу явсан ч амжилт олоогүй. Жилийн дараа нутаг буцаж, Спортинг Канзас багтаа одоог хүртэл тогож байна.
Холбоотой мэдээ