Өмнөд Солонгосын улс төрийн хурцадмал байдал нь Дональд Трампийн тарифын нэмэгдлийг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Тодруулбал, Өмнөдийн ерөнхийлөгч Юн Сук Ёл гэнэтийн цэргийн онц байдал зарласнаас болж тус улсын сөрөг хүчин, эрх баригч намын хооронд маргаан үүссэн. Улмаар хоёр ч удаа Юн Сук Ёлын эсрэг импичмент явуулах санал хураалт явагдсаны үндсэн дээр Бямба гаригт /2024.12.14/ дэмжигдэж, түүний өмнөөс ерөнхий сайд Хан Дак Сү үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болсон билээ.
Үүнээс улбаалан АНУ болон Өмнөд Солонгосын хооронд тун удахгүй болох худалдаа, эдийн засгийн хэлэлцээнд албан ёсны ерөнхийлөгч нь оролцохгүй болсон нь Трампийн тарифын нэмэгдлийг багасгах аливаа хүчин чармайлтад сөргөөр нөлөөлнө гэж эдийн засагч, бизнес эрхлэгчид үзэв.
Өмнөд Солонгосын томоохон үйлдвэрлэлийн фирмийн албан тушаалтан хэлэхдээ "Дэлхийн бүх улс орон Трампийн санаачилсан тарифын нэмэгдлийг багасгаж, хохирол бага авах гэж АНУ-тай нууцлаг байдлаар тэмцэлдэж байна. Гэвч улс төрийн удирдагчгүй Өмнө Солонгосын хувьд бусад улсаас илүү хэцүү байдалд орсон" гэжээ.
Тус улсын Үндсэн хуулийн цэц ирэх зургаан сарын дотор Юн Сук Ёлыг огцруулах эсэхийг шийдвэрлэх ёстой. Энэ хооронд түүнийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж байгаа юм. Харин Трамп нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөх учир АНУ-тай тарифын хөнгөлөлтийн талаар хэлэлцэхэд бэрхшээл үүснэ гэж эмээж байна.
Солонгосын экспортод тулгуурласан технологийн фирмийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Трамп хоёр дахь удаагийн бүрэн эрхийн хугацаандаа Солонгосын эсрэг худалдааны дарамтаа нэмэгдүүлж магадгүй. Тэрбээр аль хэдийнэ бүх импортын бараанд 10 хувийн татвар ногдуулна гэдгээ мэдэгдсэн бөгөөд манай улсаас АНУ руу нийлүүлдэг барааны хэмжээ хязгаарыг давсан" гэжээ. Дашрамд дурдахад, Трамп 2017 онд албан ёсоор ерөнхийлөгч болж байхад тухайн үеийн ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах санал хураалт мөн адил явагдаж байсан.
Гэхдээ эл үед Трамп эрх мэдлээ тогтоох гэж хичээж байсан тул Өмнөд Солонгосын эсрэг ямар нэгэн ноцтой шийдвэр гаргаагүй байдаг.
Өмнөд Солонгосын санхүүгийн тайлангаас АНУ-тай хийсэн худалдаа жил ирэх тусам нэмэгдсэн байгааг харж болно. Тодруулбал, 2019 онд 1.14 тэрбум ам.долларт хүрсэн бол 2023 онд 44.4 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна. Трампийн хувьд АНУ-д хамгийн их бараа, бүтээгдэхүүн импортолдог орнуудын эсрэг 10 хувийн татвар ногдуулахаас илүү хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан тул энэ нь Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчдийг сандаргаж байна. Улмаар Аж үйлдвэрийн холбооны дарга Рю Жин болон конгломератуудын нэг хэсэг удирдагчид АНУ-ыг зорин очиж, тус холбооны нэгдсэн хуралдаанд оролцож, лоббидох арга замыг эрэлхийлэх болжээ.
Холбоотой мэдээ