Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей Италид төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын иргэншил авчээ. Италийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Милейн өвөг дээдэс нь 1926 онд Аргентин руу цагаачилсан итали хүмүүс байсан учир "ius sanguinis" буюу удамшлын үндэслэлээр иргэншил олгосон байна. Түүнчлэн Милейн дүү, улс төрийн зөвлөх Карина Милей Ромд айлчлах үеэрээ Италийн иргэншилтэй болж байжээ. Тухайн үед хэт барууны үеэлтэй ерөнхий сайд Жоржиа Мелонигийн улс төрийн их хуралд Милей ах дүүс оролцож байсан аж.
Милей ах дүүс Италийн иргэн болох болзол хангасан ч тус улсын иргэншил олгох шинэчлэгдсэн дүрэм хэрэгжиж эхлээд удаагүй байхад батлагдсанд зарим улстөрч дургүй байна. Тодруулбал, шинэчилсэн дүрмийн улмаас Италид төрсөн хэдий ч өөр орон руу цагаачилсан, эсвэл иргэншлээсээ татгалзсан хүүхдүүдийг насанд хүрэх үед эргээд иргэн болгоход өндөр зардал шаардагдаж, хэлэлцэх хугацаа уртассан байна. Улмаар Милей ах дүүсийн иргэншил хэдэн жил хүлээдэг энгийн иргэнээс хурдан хугацаанд батлагдсан аж.
Зөвхөн итали гаралтай гэдэг нь батлагдсан хүнд л иргэншил олгох журмын төлөө тэмцэж байсан сөрөг хүчний парламентын гишүүн Риккардо Маги хэлэхдээ, "Энд төрж, өссөн охид, хөвгүүд хэдэн жилийн турш иргэншлээ хүлээж байхад Милейд олгоно гэдэг утгагүй. Тэр төрсөн цагаасаа хойш Италид амьдарч байсан уу? Энэ улсын сургуульд явдаг уу? Италиар ярьдаг ч эцэг эх чинь гадаад гаралтай юу? Тэгвэл иргэн болно гэдгийг зүгээр л мөрөөд” гэж дургүйцлээ илэрхийлсэн байна. Мөн "Тэр Италид хэзээ ч хөл тавьж үзээгүй ч нэрийг нь Хавьер Милей гэдэг, Жоржиа Мелонигийн найз бөгөөд Калабриас дон Чиччио гэдэг холын хамаатантай гэдгээ мэдсэн үү? Санаа зоволтгүй, төр танд өгөх болно" гэж шүүмжилжээ.
Үүнээс өмнө Мелони саяхан Аргентинд айлчилж, хоёр орны харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Засгийн газрын зардлыг танах хүсэлтэй Милей мөн адил хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Холбоотой мэдээ