"FaZe-ээс өмнөх Мэйжорынхоо өшөөг авахыг хүссэн"

"FaZe-ээс өмнөх Мэйжорынхоо өшөөг авахыг хүссэн"

"FaZe-ээс өмнөх Мэйжорынхоо өшөөг авахыг хүссэн"

Шанхайн Мэйжор өчигдөр/2024.12.15/ өндөрлөж, Оросын "Spirit" баг түрүүллээ. Тус баг гранд финалд "FaZe" багийг 2-1 гэсэн харьцаатай буулган авсан бөгөөд 17 настай Данил Крышковец буюу "donk" гайхалтай тоглолтыг үзүүлж, багаа хожилд хөтлөв. Мэйжорт түрүүлсэн хамгийн залуу тоглогчоор тодорсон тэрбээр энэ удаагийн Мэйжорын шилдэг тоглогчоор шалгарчээ. Данил Крышковец аварга авсаныхаа дараа өгсөн ярилцлагыг та бүхэндээ хүргэе.

-Баяр хүргэе, "donk". Чи Мэйжорын аварга, хамгийн залуу Мэйжорын "MVP" боллоо. Ямар мэдрэмж төрж байна вэ?

-Гайхалтай байна. Миний хамгийн залуу болсон эсэх нь хамаагүй. Ямар ч утгагүй зүйл. Гол нь манай баг Мэйжорын аварга болсон нь галзуу зүйл. Бид зөвхөн "CS2" бус "Counter Strike"-ийн түүхэнд үлдэхээр боллоо. Яг одоо төрж байгаа мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй байна. Надтай эсвэл "zont1x"-той харьцуулахад энэ хүртэл олон зүйлсийг туулсан залуусынхаа өмнөөс бахархаж байна. Тэдний өмнөөс баяртай байна.

Мэйжорт түрүүлэх л миний хувьд утга учиртай. Учир нь манай залууст ч энэ хамаатай. Мэдээж, энэ бол миний мөрөөдөл байсан.

-Финалын тоглолт зөвхөн чамаас шалтгаалсангүй. "Magixx" бас раундуудад өндөр нөлөөтэй байлаа. Түүний хувьд хэзээ ч мартагдахааргүй гранд финал боллоо. Ийм тоглолтод бусдаасаа ингэж дэмжлэг авах хэр чухал байдаг вэ? 

-Хүн бүхэн энэ BO3 тоглолтод нөлөөгөө үзүүллээ. Учир нь юуны түрүүнд хувь хүн бус баг ялдаг. Манай залуус бүгд л өөр өөрийн аргаар тоглолтод нөлөөллөө. Жишээлбэл, "chopper"-ийн нөлөөг буудалт эсвэл цохилтоор нь хэмжиж болохгүй. Бид л баг дотроо үүнийг хэмжих боломжтой. Бусад залуусын хувьд ч тийм. Хүн бүр өөр, өөр мөчид багаа ялахад тусалсан. Манай баг яг л механизм шиг.

"Magixx"-ийн хувьд тэр энэ плей-оффын турш гайхалтай тоглосон. Түүний өмнөөс, түүнээс ийм тоглолт харсандаа үнэхээр баяртай байна. Би түүний ямар чадамжтайг сайн мэднэ. Бид түүнтэй олон тоглолоо. Түүний давуу талыг мэддэг юм. Эцэст нь тэр өөрийгөө харуулж, ямар сайн бэ гэдгээ хангалттай баталлаа.

-Танай баг энэ жилийг "FaZe"-ийн эсрэг Катовицед гранд финалд тоглож эхлүүлсэн. Жилийн төгсгөлд бас л гранд финалд "FaZe"-ийн эсрэг тоглолоо. Жилийн эхлэл, төгсгөл хоёр адилхан байх ямар байна? Өмнө нь тэднийг ийм нөхцөлд хожиж байсан учир өөрсдөдөө итгэлтэй байв уу?

-Үнэндээ "FaZe"-ийн эсрэг оны эхэнд тоглосон эсэх нь энд ямар ч хамаагүй ээ. Катовицед болсон зүйл тэндээ л үлдэнэ. Оны эхэнд болоод удаан хугацаа өнгөрчээ. Ялгаа байхгүй. Тэдэнд Мэйжорын шөвгийн наймын шатанд хожигдсон талаараа л их бодсон. Тиймээс өмнөх Мэйжорынхоо өшөөг авахыг хүссэн.

-Мэйжорын дараа хэн энэ жилийн шилдэг нь бэ гэх яриа улам газар авна. Чамаас гадна "ZywOo", "m0NESY" нар энэ ярианы эзэд. Чи "m0NESY"-ийг энэ оны шилдэг болох өндөр магадлалтай гэж хэлсэн. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн үү?

-Хэн нь энэ оны шилдэг болох талаар надад өчүүхэн ч төсөөлөл алга. Надад ерөөсөө хамаагүй. Илья (m0NESY) жилийн турш сайн тоглолоо. Яагаад түүнд шилдгийн шагналыг өгч болохгүй гэж? Надад бол хэн шилдэг нь болох хамаагүй. Хамгийн чухал нь манай багийн ялалт. Би дэлхийн 150 дахь шилдэг тоглогч байсан ч баг маань хожиж байвал би баяртай байх болно.

-Чи оны шилдэг байх болзлоо хангачихлаа гэж бодож байна уу?

-Тийм бас үгүй. Жилийн турш тогтмол амжилттай байсан нэгэн л шилдэг нь болох ёстой. Топ түвшинд олон тоглож байгаагүй, туршлагагүй миний хувьд статистик болон хувь хүн тал дээрээ хоёр ч том тэмцээнд бүтэлгүйтсэн. Гэхдээ хэнийг шилдэг болгох нь тэдний сонголт. Би үүнийг хүртэх ёстой эсэхээ мэдэхгүй байна. Би биш шийддэг хүмүүс нь шийднэ биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж