АНУ-д нөлөөлсөн Милейн гинжит хөрөө бодлого

АНУ-д нөлөөлсөн Милейн гинжит хөрөө бодлого

АНУ-д нөлөөлсөн Милейн гинжит хөрөө бодлого

Аргентины либертари үзэлтэн Хавьер Милей ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгээд нэг жил болжээ. Түүний эдийн засгаа сэргээх ажил одоог хүртэл үргэлжилж байгаа ч хэрэгжүүлж буй бодлого нь АНУ-д нөлөөлж байна. Тодруулбал, Милей олон жилийн турш хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээ мэддэггүй хэт үрэлгэн засгийн газрын зардлыг бууруулах томоохон даалгавартайгаар ерөнхийлөгч болсон. Хэдийгээр зардлыг хэмнэх хатуу арга хэмжээг өнгөрсөн нэг жилийн турш авч байгаа ч тус улсын ядуурлын түвшин нэмэгдсээр байна. Милейг ямар ч үр дүнгүй арга хэмжээ авч байна гэж шүүмжлэгчид харддаг боловч Аргентины нийт хүн амын тал хувь нь түүнийг одоог хүртэл дэмжсэн хэвээр байгааг "CB Consultora" байгууллага мэдэгджээ.

Милейн алдар нэр Дональд Трамптай адил түвшинд бий. АНУ-ын нийт иргэдийн бараг тал хувь нь шинээр сонгогдсон ерөнхийлөгч Трампийг сонгуулийн үеэр дэмжиж ирсэн. Трампийн хувьд кампанит ажлынхаа үеэр Аргентиныг дахин агуу болгох хүн гэж Милейг магтан сайшаасан удаа бишгүй олон байв. Үүгээр ч зогсохгүй АНУ-ын шинэ засаг захиргааны голлох хүн болсон тэрбумтан Элон Маск хэлэхдээ, Милейн удирдлага дор Аргентин улс асар том ахиц дэвшил үзүүлж байна гэж мөн адил магтсан байна. Гэхдээ Трамп, Маск нар Милейгээс юуг олж харна вэ?

Мөн энэ хүмүүс дэлхий нийтийн таамаглаж байгаа шиг нэг үзэл суртал, бодолтой юу гэдэг нь маш сонирхолтой.

Өнгөрсөн хугацаанд олны итгэл найдвар, бахархлыг олж авсан Милейн нэг гавьяа нь инфляцыг мэдэгдэхүйц бууруулсан явдал байв. Гэвч түүний өөрийн улсдаа хэрэгжүүлж буй хэд хэдэн бодлого нь АНУ-ын холбооны засгийн газрын хэмжээг багасгахыг эрмэлздэг идэвхтнүүдэд нөлөөлсөн. Улмаар АНУ-д улс төрийн шуугиан тариад байна. Жишээ нь, Милей хэмнэж эхлэх анхны арга хэмжээнийхээ хүрээнд түлшний үнийг тогтворжуулахын тулд төрөөс олгодог санхүүжилтийг багасгаж, засгийн газрын яамдын тоог хоёр дахин бууруулсан байдаг.

Одоо тэрбээр 2008 онд өмчлөгдсөн тэргүүлэх агаарын тээврийн "Aerolineas Argentinas" зэрэг төрийн өмчит компанийг бөөнөөр нь худалдах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг оролдож байна.

Энэ бүх арга хэмжээ нь АНУ-ын зардлыг бууруулах хүсэлтэй идэвхтнүүд болон засгийн газрын үр ашгийн хэлтсийг байгуулах Маскийн анхаарлыг татаж чаджээ. Маск болон түүний хамтрагч, тэрбумтан Вивек Рамасвами нар АНУ-ын холбооны зохицуулалтыг бууруулж, олон тооны цомхотгол явуулахаас гадна зарим яамны салбар агентлагуудыг хаах хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдсэн байдаг. Тэд холбооны засгийн газрын нэг жилийн зардлыг хоёр их наяд ам.доллар буюу гуравны нэг орчим хувиар басгах хүсэлтэй байгаа. Тиймээс Милейн авч буй зардал танах арга хэмжээг Маск магтан сайшаасан төдийгүй түүний дараа дараагийн алхмуудыг анхааралтай ажиглах болсон байна.

Маск хэлэхдээ, "Милей Аргентинд бүхэл бүтэн хэлтсүүдийг устгаж гайхалтай ажил хийж байна. Бид ч ялгаагүй Трампийн дэмжлэгээр АНУ-д Милей шиг арга хэмжээ авах хүсэлтэй байна" гэсэн юм.

Гэвч Латин Америкийг олон жил ажигласан шинжээчид үүнд эргэлзэж буй. Вашингтон дахь Петерсоны нэрэмжит Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн ахлах ажилтан Моника де Болле хэлэхдээ "АНУ-ын холбооны засгийн газрын хэмжээг багасгахын тулд Милейгээс санаа авах нь утгагүй. Аргентин дахь бодлого Аргентиндаа л нөлөөлнө. Учир нь олон 10 жилийн турш нөөцөө буруу менежментээр зарцуулж байсан алдааг Милей засах гэж байгаа. Энэ нь АНУ-ын нөхцөл байдалтай ямар ч холбоогүй зүйл" гэжээ.

Тэрбээр мөн Аргентины засгийн газрын зардал хэт их байснаасаа болоод эдийн засаг нь хоёр, гурван жил тутамд хямралд ордог байсан гэдгийг онцолж, "Арга хэмжээ авахаас өөр арга байгаагүй. Зардал танах, засгийн газрын хэмжээг багасгах нь Аргентинд л зөвхөн тохиромжтой, өөр хаана ч тохирохгүй" гэсэн юм.

"Horizon Engage" хэмээх дэлхийн зөвлөх фирмийн Буэнос-Айрес дахь Америк тивийг хариуцсан захирал Марсело Ж.Гарсиа хэлэхдээ, “Милей сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд цахилгаан хөрөөгөөр гинжлэгдсэн засгийн газрын салбаруудыг тасдаж буйг харуулсан нь улс төрд хандах хандлагыг нь илэрхийлж чадсан. Энэ нь дэлхий даяарх жижиг улс төрийн идэвхтнүүдэд хүчтэй нөлөө үзүүлж чадсан хүчирхэг шийдэл байсан” гэжээ. Гэхдээ хэмжээгээ багасгасан засгийн газрын зохицуулалт нь Маскийн бизнес ашиг сонирхолд ашиг тусаа өгөх боловч Трампийн хүсдэг зүйл биш гэж тэрбээр үзэж буй. Ж.Гарсиа хэлэхдээ "Трампийн удирдах ёстой талбар Милейн цахилгаан хөрөөгөөр тасддаг жижиг засгийн газар шиг биш гэж бодож байна.

Трампийн бодлогод хилийн хана босгох, хууль бус цагаачдыг олноор нь албадан гаргах зэрэг зарим газар нутаг том засгийн газарт авах шаардлагатай арга хэмжээ юм. Энэ мэт том арга хэмжээг жижиг засгийн газар хийж чадахгүй" гэжээ.

Милейн хувьд дэд бүтцийн төслүүдийг хувийн хэвшилд даатгах нь зөв бөгөөд засгийн газартай ямар ч холбоогүй байх шаардлагатай. Тэрбээр дэлхийн соёлын дайнд Трамптай үзэл баримтлал нэг төдийгүй бусад баруун, Европын орнуудын улс төрийн сонголтыг "woke agenda" гэж буруутгадаг. Гэсэн хэдий ч эдийн засгийн хувьд тэдний байр суурь, нөхцөл байдал томоохон ялгаатай. Милей чөлөөт худалдаа эрхлэгч бөгөөд Аргентин нь Бразил, Парагвай, Уругвайг багтаасан Өмнөд Америкийн худалдааны "Меркосур" холбооны гишүүн юм.

Тус холбооны саяхан Европын холбоотой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг Милей дэмждэг. Гэвч “Меркосур” гишүүн орнуудаа хувийн гэрээ хэлэлцээр хийхийг зөвшөөрөхгүй байгаа нь түүний дургүйцлийг хүргэжээ.

Улмаар “Меркосур” шорон болж хувирсан гэж Милей буруутгасан аж. Тэрбээр энэ сарын эхээр Европын холбоотой гэрээ байгуулсан Уругвай улсад болсон “Меркосур”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэхдээ "Хэрэв ‘Меркосур’ холбоо нь худалдааг хөнгөвчилж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, манай бүс нутгийн бүх иргэдийн амьдралын чанарыг сайжруулах динамик хөдөлгүүр биш юм бол яг юу юм бэ? Яг юуны төлөө ийм холбоо оршин тогтноод байгаа юм?" гэж шүүмжилсэн байдаг.

Түүний адилаар Трамп өөрийн бүс нутгийн худалдааны холбоо болох АНУ-Мексик-Канадын хэлэлцээр (USMCA)-тэй зөрчилдөж буй. Гэхдээ шалтгаан нь Милейгээс өөр юм. Трамп АНУ-ын үйлдвэрлэлийг хамгаалах, ажлын байрыг хамгаалах гэж анхны бүрэн эрхийн хугацаандаа байгуулсан “USMCA” гэрээг дахин хэлэлцэхийг хүсч байгаа юм. Тэр ч байтугай Канад, Мексик улсууд АНУ-тай хамтарсан хилийнхээ хараа хяналтыг чангатгахгүй бол тус хоёр улсаас импортлогдох бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлсэн байдаг.

Моника де Боллегийн хувьд Трамп Масктай хамтарч жижиг засгийн газар байгуулж чадна гэдэгт эргэлзэж байна. Тэрбээр хэлэхдээ "Популист үндсэрхэг үзэлтэн хүн засгийн газрынхаа хэмжээнд анхаарна гэдэг үлгэр. Тиймээс эдийн засгийн асуудал дээр чанга дуугарч, маргаан дэгдээх зорилгоор Маскийг томилсон нь Трампийн хувьд зүгээр л хөгжилдөх гэсэн арга" гэжээ.

Эдийн засгийн зөв шийдлийг олох гэсэн мэтгэлцээн АНУ болон Аргентинд өмнө нь байсан, байх ч болно.

Гэвч эцсийн дүндээ хүн амын тал хувь нь дэмжиж байгаа гэдэг нь нөгөө хэсэг нь дэмжихгүй байгааг илэрхийлдэг. Энэ нь Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснийхөө дараа томоохон арга хэмжээ авах бүртээ өөрийг нь дэмжээгүй иргэдийн шүүмжлэлтэй тэмцэх болсныг илэрхийлнэ. Харин Милейн хувьд нэг жилийн өмнөөс эсэргүүцэгчдээ даван туулах замдаа гарсан.

Аргентины завсрын сонгууль 2025 оны аравдугаар сард болох бөгөөд эл үед Милей олон нийтийн бодит санаа бодлыг мэдэж авах юм. Уг сонгуулиар түүний жижиг засгийн газрын хувьсгал Аргентины ирээдүйг цаашид тодорхойлох уу, эсвэл ямар ч үр дүнгүй оролдлого болоод дуусах уу гэдгийг шийдэх юм. Тиймээс үлдсэн хугацаандаа өөрийн бодлогыг үр дүнтэй гэдгийг батлах том сорилт Милейд үлдээд байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 23 минутын өмнө 103.212.117.136

ХАРИН МАНАЙ ДАНХ ТӨСВИЙГ УЛАМ ТЭЛЖ ТӨР ДАНХАЙЖ БОРДИОР НОГООН АВТОБУС ХӨШӨӨ ХАЛАМЖ ХУЛГАЙГ ГААРУУЛЖ БАЫНА.

Avatar

Нэргүй 53 минутын өмнө 210.148.94.144

Милейг Монголд авчирч Улсаа удирдуулмаар байна.

Avatar

Nertei 2 цагийн өмнө 72.229.163.156

Mongold heregjuuleh bodlogo monoosoo mon doo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж