Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн Баасан гаригт төвийн үзэлтэн Франсуа Байруг ерөнхий сайдаар томилжээ. Өмнөх ерөнхий сайд Мишель Барниер итгэл үзүүлэхгүй байх санал хураалтад бүдэрч, огцорсон билээ.
Франсуа Байругийн хувьд ерөнхийлөгчийн сонгуульд гурван ч удаа нэр дэвшиж байсан түүхтэй. Өдгөө 73 настай тэрбээр төв үзэлтэй Ардчилсан хөдөлгөөний улс төрийн намыг үүсгэн байгуулсан. Мөн баруун өмнөд Пау хотын захирагч юм.
Тэрбээр томилогдсоныхоо дараа сэтгүүлчдэд яриа өгөхдөө "Хүн бүр хүнд хэцүүг нь мэдэж байгаа. Хүмүүсийг хагалган бутаргахын оронд нэгтгэх арга замыг нь олох ёстой гэж бодож байна" гэжээ.
Мишель Барниерийн цөөнхийн засгийн газар 60 тэрбум еврогийн татварын нэмэгдлийг багтаасан 2025 оны төсвийг батлах гэж оролдсон нь бүтэлгүйтэж, гуравхан сарын дараа нуран унасан билээ. Хэлэлцэх асуудлыг санал хураалтгүйгээр батлах гэж завдсан нь Барниерийг уналтад хүргэсэн юм. Харин Франсуа Байру арванхоёрдугаар сарын 21-нээс өмнө өөрийн төсвөө батлах ёстой.
Холбоотой мэдээ