Н.Энхбаяр: Монгол голланд өвчин туссан нь улам хүндэрчихээд байна

Н.Энхбаяр: Монгол голланд өвчин туссан нь улам хүндэрчихээд байна

Н.Энхбаяр: Монгол голланд өвчин туссан нь улам хүндэрчихээд байна

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна. Энэ долоо хоногийн ярилцлагын зочдоор УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн комиссын гишүүн Я.Цэлмэн, Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар оролцлоо. Мөн Евроазийн холбоотой түр худалдааны гэрээ нь Монгол Улсад хэр ашигтай вэ асуудлаар эдийн засагчид болон үйлдвэрлэгчдийн байр суурийг сонссоноо хүргэж байна.


УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл/ТТБЗ/-ийн дарга, эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 гаруй жилийн түүхэнд анх удаагаа төсвөө хоёр дахь удаагаа УИХ-аар хэлэлцүүлж байна. Та үүний шалтгааныг юу гэж харж байна? 

-Өнгөрсөн жил энэ оны буюу 2024 оны улсын төсвийг 27 их наяд төгрөг байхаар баталсан. Ингээд сонгуулийн дараа буюу наймдугаар сард төсөвт тодотгол оруулж 30 их наяд төгрөгт хүргэсэн. Тодотгол оруулснаас хэдхэн хоногийн дараа 2025 оны төсвийг өргөн барихдаа зарлагын хэмжээг 35.8 их наяд төгрөг байхаар тооцож оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, жил хүрэхгүй хугацаанд төсөв 27- 35 их наяд төгрөгт хүрч 8 их наядаар өссөн. Төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 37-38 орчим хувьд хүрч өссөн. Төсвийн зарлагын хувь хэмжээг аваад үзэхээр үнэхээр ингэж их өсгөх шаардлага байсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Үндсэндээ 2023 оны нөхцөл байдлыг аваад үзэхээр Монгол Улс жилдээ 25 орчим их наяд төгрөгөөр үйл ажиллагаагаа хэвийн явуулаад болж байсан байна. Гэтэл нэг жил хүрэхгүй хугацаанд төсвийг 40 гаруй хувиар тэлэх тийм айхтар эрэлт хэрэгцээ Монголын эдийн засагт байхгүй.

Гэтэл юунд итгэж найдаж төсвөө 40 орчим хувиар тэлсэн тооцоолол оруулж ирээд байна гэхээр уул уурхайгаас олж байгаа түүхий эдийн экспортоос олж байгаа орлогодоо л найдсан гэсэн үг.

Тухайлбал, энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 74 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ орлогыг цаашид байнга орж орж ирж байх юм шиг төсөөлөөд, төөрөлдөөд байна. Ийм төөрөгдөлтэй байгаа учраас уул уурхайгаас тэр дундаа нүүрснээс  орж ирж байгаа мөнгөө  хаашаа хийх вэ гэсэн асуудал үүсээд байна. Эндээс бидний зовлон эхэлж байгаа юм. Хэрвээ нүүрснээс орж ирэх орлого байхгүй байсан бол зарлага талаасаа, эрэлт хэрэгцээ талаасаа төсвөө айхтар тэлэх шаардлага байхгүй.

Улсад мөнгө, орлого байхгүй байсан бол төсвийн байгууллагууд учир зүггүй ажил хийх мөнгө дутаад байна гээд суухгүй. Гэтэл өнгөрсөн хугацааны үр дүнг аваад үзвэл төсвийн, төрийн байгууллагуудад мөнгө дутсан зүйл байхгүй. Харин ч улам үрэлгэн болж байна.

Энэ талаар эхний төсөв өргөн бариад хэлэлцүүлж байх хугацаанд УИХ-ын гишүүд хангалттай ярьсан.  Төсвийн байгууллагууд үрэлгэн байна, ашигтай бус алдагдалтай ажилладаг төрийн өмчит үйлдвэрийн газрууд олон байна гэх мэт. Уг асуудлын талаар засгийн судлаачид шүүмжиллээ, Үндэсний аудитын дүгнэлтэд тодорхой дурьдлаа, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтээр ч  төсөв хэтэрхий данхар байна, урсгал зардлын хувь хэмжээ өсч байна, нөгөө талдаа хөрөнгө оруулалтын зардлыг аваад үзэхээр хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг төр булааж авч хийж байна гэдгийг хэлсэн. Үндсэн хуулийн 5.1-д Монгол Улс социалист тогтолцооноосоо салаад зах зээлийн эдийн засгийн баримжаагаар явна гэсэн утгатай заалт бий. Энэ зүйл заалтаа УИХ-ын гишүүд дахин сайн  унших хэрэгтэй. Үндсэн хуулиа мэдэгтүн, сахихтун гэдэг дээ. Үндсэн хууль дахь үндсэн агуулга маань бид хуучин социализм биш, зах зээлийн эдийн засгийг байгуулъя, төрийн оролцоог харьцангуй бага түвшинд байлгая гэж байна.

Тийм учраас олсон мөнгөнийхөө хэмжээндээ тааруулж  эдийн засгийн бодлого явуулах биш, Үндсэн хуулийн агуулга, урт хугацааны зорилгоо бодож, төсвөө төсөөлөх ёстой.

Гэтэл ийм зарчмаар биш өнөөдөр олсон мөнгөөрөө юу ч хамаагүй хийчихье, зам ч барьчихъя, үйлдвэр ч барьчихъя гэсэн байдлаар л хандаж байна. Тиймээс улсын төсвийн хөрөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр хийх аливаа төслийг сонгохдоо, яг энэ Үндсэн хуулийн агуулга, урт хугацааны хөгжлийн бодлогоо бодох ёстой. Ингэж чадахгүй байгаад л гол алдаа нь байна.

УИХ өөрөө Үндсэн хуульд заасны дагуу хөгжлийн бодлогоо тодорхойлох гол институт. Тиймээс УИХ  бодлогоо зөв тодорхойлохгүй бол тэндээс батлагдан гарч байгаа хууль, түүнийг хэрэгжүүлж байгаа бүх зүйл шат шатдаа алдаатай хэрэгжинэ.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2768804/ энэ линк рүү нэвтэрч уншина уу.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ ХҮНДРҮҮЛЭХ ЗААЛТ ТУСГААГҮЙ

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн комиссын гишүүн Я.Цэлмэнгээс Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-Монгол Улсад хүнлэг бус, хэрцгий хандах, эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1984 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг баталсны 40 жилийн ой тохиож байна. Монгол Улс энэ конвецид нэгдээд 24 жил болж байна. Уг конвенцын нэмэлт протокол батлагдсанаар Монгол Улс эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмтай болсон. Ингэснээр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, гарах шалтгаан нөхцөлийг илрүүлэх, зөвлөмж бичих үүрэгтэй. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа болж бэхжээд гурван жил болж байна. Дэлхийн улс орнууд энэ эрхүүдийг Үндсэн хуулиараа хамгаалж, бэхжүүлж ирсэн. Цаашид хамгаалах шаардлагатай юм байна гэж үзсэн гол эрхүүдийн нэг бол эрүү шүүлтээс ангид байх эрх.

Бид өнөөдрийн байдлаар эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 135 өргөдөл гомдлыг холбогдох мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн.

Эдгээр гомдол нь тодорхой нэр устай, албан тушаалтантай холбоотой хүмүүсийг шалгуулахаар иргэн болон хоригдож байгаа, СЭМҮТ-д эмчлүүлж буй эмчлүүлэгчид, асрамжийн газарт байгаа ахмад настан, хүүхдүүдээс ирүүлдэг.

Улсын хэмжээнд сүүлийн таван жилээр тооцвол, нийт 400 гаруй гомдол мэдээлэл хуулийн байгууллагаас шалгасан байдаг. Эдгээрээс 14 хэргийг шүүхэд шилжүүлсэний долоо нь Улаанбаатарт, орон нутагт долоон хэрэг шийдэгдсэн байгаа юм. Иргэдээс ирж буй гомдол мэдээлэл, шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн тоо хол зөрүүтэй байгаа. Энэ асуудлыг судалж ажиллаж байна. Бидний гол зорилго бол Монголд эрүү шүүлт, хүнлэг бус харьцааг байхгүй болгоход анхаарч, УИХ-ын чиг үүргийг хэрэгжүүлдэг хараат бус, бие даасан механизм.

-Эрүү шүүлт ямар шинж байдлаар, хаана үйлдэгдэж байна вэ?

-Бид хуулиар олгосон эрхийн хүрээнд тодорхой газруудад заавал очиж ажиллах ёстой. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, баривчлах төвүүдээс ихэнх гомдол, мэдээлэл ирдэг. Мөн бид гомдол мэдээлэл ирэхээс өмнө тухайн газруудад очиж ажилладаг. Болж өгвөл хүн нэг бүртэй уулзах хүсэлт гаргадаг. Биднийг анх очиход "Нэг удаа ирээд явах юм чинь уулзахгүй шаардлагагүй" гэдэг байдлаар ханддаг байсан бол одоо очсон газар болгон хүн уулзах хүсэлт гаргаж байна.

-Эрхээ хязгаарлуулсан хүмүүс та бүхэнтэй биечлэн уулзаж, гомдол гаргалаа гэхэд эргээд эрүү шүүлтэд орох эрсдэл гарах эрсдэл гарах магадлалтай. Энэ асуудалд хэр анхаардаг бол?

-Энэ бас бодох асуудал. Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм нь мэдээлэл өгч буй хүний гомдол нь үнэн зөв эсэхээс хамаарч, тухайн хүнийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах, дарамталж болохгүй гэсэн НҮБ-ын конвенцын заалтыг бүх албан хаагчдад сануулдаг. Мөн тэр хүмүүс бидэнтэй ганцаарчлан уулзах эрхээр хангагддаг. Тэр хүмүүсийн мэдээлэх эрхийг хамгаалах үүрэгтэй. Гомдол мэдээллийг нь шалгуулаад, мөрдөх байгууллагаас мэдээлэл авч, тухайн иргэнд хариу өгдөг. Шалгагдаж байгаа хугацаанд тухайн хүнийг ямар өрөөнд байлгаж, ажлын орчин өөрчилсөн эсэх, эргэлтийг нь хэвийн олгож байна уу гэдгийг давхар хянадаг.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2769317/ линк рүү нэвтэрч уншина уу.

"ЕВРАЗИЙН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БИЗНЕСҮҮДЭД БОЛОМЖ НЭЭЖ БАЙГАА"

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүтэй ярилцлаа.


-Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр байгуулах асуудал нийгмийн шүүмжлэлийг дагуулах болсон. Энэ нь үндэсний үйлдвэрлэлд халтай шийдвэр биш үү?

-Ярилцлагынхаа эхэнд Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд элсэх тухай асуудал огт яригдаагүй гэдгийг тодотгохыг хүсч байна. Харин Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийх тухай асуудал яригдаж байна. Евроазийн эдийн засгийн холбоо бол таван гишүүн орныг өөртөө нэгтгэсэн олон улсын байгууллага.  Монгол Улсын Засгийн газраас тус холбоотой гурван жилийн хугацаатай чөлөөтэй худалдааны түр хэлэлцээр байгуулах ажил яриа өрнөж байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн гол зорилго нь Монгол Улсын экспортын зах зээлийг тэлэх, төрөлжүүлэх зорилготой. Евроазийн эдийн засгийн холбоо чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан татваргүй экспортлох тухай асуудал юм. Эдийн засаг, хөгжлийн яам хоёр жил гаруйн өмнө байгуулагдсан. Засгийн газрын тухай хуулиар гадаад худалдааны бодлого тус яаманд шилжиж ирсэн. Тиймээс гадаад худалдааг сайжруулах тал дээр идэвхитэй бодлого явуулахыг хичээж ажилласан.

ОХУ-аас Монгол Улсад 1700 гаруй нэр төрлийн бараа импортоор орж ирж байна. Харин Монгол Улсаас ОХУ-руу 2023 оны байдлаар 490 төрлийн бараа  бүтээгдэхүүн гаргасан гэх статистик тоо мэдээ бий.

Монгол Улс болон ОХУ-ын хооронд хийж байгаа худалдаа хэт тэнцвэргүй буюу ОХУ-аас 96 хувийн импорт орж байгаа бол Монгол Улсаас нийт худалдааны дөрвөн хувьтай тэнцэх экспорт  хийдэг.

 -Монгол Улсын үе, үеийн Засгийн газраас уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх талаар зорилт тавьдаг боловч бодит үр дүн бага байна. Хамгийн наад зах нь ОХУ-руу хийх импортын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээ хэт өндөр байгааг шүүмжилдэг. Тэгвэл Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулснаар ямар боломж бий болох  вэ?

-Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд элссэн. Тэр цагаас хойш гадаад худалдааны нээлттэй бодлого хэрэгжүүлж ирсэн. Импортын татварын тухайд цөөн нэр төрлийн барааг эс тооцвол таван  хувийн татвартай байдаг.  Хориглосон бараа бүтээгдэхүүний нэр жагсаалтад багтаагүй, Монгол Улсаас тавьж байгаа чанар, стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэх нь нээлттэй.

Тэгвэл ОХУ болон Евроазийн эдийн засгийн холбооны улс орон руу Монгол Улс бараа бүтэээгдэхүүн экспортлоход 15-50 хувийн татвар төлдөг.  Түүнчлэн ОХУ-руу бараа бүтээгдэхүүн гаргахад худалдааны бусад саад хориг ихтэй.

Тиймээс Евроазийн эдийн засгийн холбоо чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд худалдааны бусад саад тотгорыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх боломж бий болох юм. Тиймээс Монгол Улсын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн өмнө тулгамддаг татварын хувь хэмжээ өндөр, худалдааны хориг саад ихтэй эдгээр асуудлуудыг дээрх хэлэлцээрийн хүрээнд нээлттэй болгож, зах зээлийг нь тэлж өгөх  зорилго тавьсан. Ер нь өрсөлдөөнөөс айдаг,  өрсөлдөөнийг хааж байгаад хөгжинө гэдэг энэ сэтгэлгээ уул уурхайн бус зах зээлийн ирээдүйг хөгжүүлэхэд хамгийн хортой нөлөө үзүүлнэ. Аж ахуйн нэгжүүд аль болох өрсөлдөөнд орж, өрсөлдөөнөөр хөгжлийнхөө гарцыг харж явах нь зүйтэй. Урт дунд хугацаанд аж ахуйн нэгжүүд төрөөс байнга дэмжлэг аваад яваад байх ёстой юм уу эсвэл өрсөлдөх чадараа сайжруулж зөвхөн дотооддоо биш гадаад зах зээл рүү гарахыг зорих ёстой юм уу. Тийм учраас аж ахуйн нэгжүүд зоригтойгоор өөрчлөлт хийх ёстой. Дандаа халамжлуулдаг, шүүмжилдэг, өөрийн өчүүхэн эрх ашгийг хамгаалдаг байж болохгүй.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2769896/ линк рүү нэвтэрч унших боломжтой.

БАЙР СУУРЬ: МОНГОЛ АШИГТАЙ ХУДАЛДАА ХИЙХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

Монгол Улс Европын холбоо, Япон улстай Чөлөөт худалдааны гэрээтэй. Үүн дээр нэмээд Евроазийн эдийн засгийн холбоо, БНСУ-тай мөн Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар яригдаж, олны шүүмжлэл дагуулж байна. Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулах гэрээ нь импортын татваргүйгээр, тоо хэмжээний хязгааргүйгээр, таван бүлгийн барааг Монголоос экспортлох боломжийг олгоно. Ингэснээр Монголд үйлдвэрлэсэн 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн ОХУ-руу татвар, хэмжээ хязгааргүйгээр гарах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж буй.

Эдийн засгийн хөгжлийн яам ОХУ-ын холбогдох талтай энэ сард гэрээг баталж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хэлэлцээртэй холбоотойгоор эдийн засагч, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байр суурийг сонслоо.


"ТОМ ЗУРГААРАА АРДЧИЛСАН, ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГТАЙ УЛС ГЭДЭГ СТАТУСАА АЛДАНА"

Эдийн засагч Б.Лхагважав:

-Дэлхий дахинд одоо дайнтай нөхцөл байдал таатай биш байна. Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр Монгол Улсыг өөрийг нь шахаанд хийхээс гадна чөлөөт ардчилсан улсын хамтын ажиллагаа, худалдаа хаагдах эрсдэлтэй. Мөн бид 2016 онд Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулж байсан. Үүний үр дүн маш муу байгаа.

Шалтгаан нь гэвэл Монголын талаас хэлэлцээрийг ашиглаад эрдэс баялгийн түүхий эдээ дахин боловсруулж авах гол зорилготой байсан. Бид энэ зорилгоосоо өөрсдөө ухарсан.

Нэгэнт гэрээ хэлэлцээр байгуулсан бол нэг тал нь ажиллахгүй бол нөгөө тал нь ажиллаад л явна. Бид ийм том боломжоо алдсан. Өмнө нь хийсэн гэрээ хэлцлийн үр дүн, эдийн засаг, улс төр, нийгмийн асуудлыг тунгаан харвал БНСУ цаашлаад Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэхээсээ өмнө сайтар харах ёстой. ОХУ-аас шатахуун, эрчим хүчээ авдаг л юм байгаа биз. Тэртэй тэргүй зах зээл дээрээ өндөр үнээр зарагдаж байна. Заавал царай алдах албагүй. Харин эсрэгээрээ уул уурхайн компаниуд хэдий болтол шатах тослох материалаараа ОХУ-аас хамааралтай байх вэ. Өөр газраас гарц хайх хэрэгтэй. Том зураглалаараа ардчилсан, чөлөөт эдийн засагтай улс гэдэг статусаа алдана.

"ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНИЙХЭЭ 50-ИАС ДЭЭШ ХУВИЙГ ХАНГАЖ БУЙ САЛБАРЫГ ТУСАД НЬ АВЧ ҮЗЭХ ЁСТОЙ"

"Түмэн шувуут" ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болд:

-Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудал өнгөрсөн долоо хоногоос олон нийтэд хүрч эхэллээ. Бизнес эрхлэгчид энэ талаар тодорхой мэдээлэлгүй, төр засгаас бидэнтэй зөвшилцөж, дуу хоолойг сонссонгүй. Ерөнхийдөө хүч түрсэн байдалтайгаар шууд хэрэгжүүлэх гэж байна. Мэдээж импортын татваргүй хямд бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлнэ гэж ярьж байгаа. Энэ нь нэг талаараа зөв ч нөгөө талаараа том хор уршигтай зүйл. Тухайлбал, Монголд дотоодын үйлдвэрлэгчид байгаль цаг уур, техник технологи, эдийн засгийн хувьд боломжгүй бараа бүтээгдэхүүний хувьд байж болох асуудал. Тухайлбал, банана болон өөр бусад Монголд тарих боломжгүй жимс жимсгэнэ ч юм уу.

Гэтэл монголчууд өөрсдөө үйлдвэрлэж чадаж байгаа, нийт хэрэгцээнийхээ 50-иас дээш хувийг хангаж буй салбарыг тусад нь авч үзэх ёстой.

Дотоодын үйлдвэрлэлийн өсөлт байхгүй болно. Одоогоос хоёр, гуравхан жилийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хувьсгал"-ыг зарлаж, гол нэрийн 19 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байх ёстой гэж мэдэгдсэн. Засгийн газраас дэмжиж, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын зээл авч эхнээсээ үр дүнгээ өгч байхад энэ ажлынхаа эсрэг юм яриад байна. Төр засгийн бодлого тогтвортой, тууштай байх ёстой. Цар тахлын үеэр бид хүнсээ өөрсдөө үйлдвэрлэх нь ямар чухал гэдгийг ойлгосон. Ер нь энэ хэлэлцээр Монгол Улсад ямар ч тохиолдолд алдагдалтай, ашигтай гадаад худалдаа хийх ямар ч боломжгүй.

"ТҮҮХИЙГ НЬ Ч МЭДЭХГҮЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ГЭРЭЭ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ"

Эдийн засагч Ч.Отгочулуу:

-Хэвлэлээс харахад, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан гэх Засгийн газар нь Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны “түр” гэрээ байгуулах гэж байгаа бололтой. Ингэх нь буруу. Нэгдүгээрт, одоогийн Засгийн газар бол Монгол Улсын түүхэнд байгаагүй ёс суртахуунгүй, зарчимгүй, нэр хүндгүй, муйхар мулгуу сайдуудаар дүүрсэн засаг юм. Төсвөө ч батлуулж чадахгүй, ийм бүтэлгүй Засгийн газарт улс эх орны тусгаар тогтнол, үндэсний эрх ашигтай холбоотой асуудлыг огт даалгаж болохгүй.

Хоёрт, сайд нарт нь нэгдсэн ойлголт огт алга. Эдийн засгийн сайд нь болохоор, өмнөх сайд, нутгийнх нь улстөрч эхлүүлсэн учир төрийн бодлогын залгамж халааны зарчмын үүднээс би үргэлжлүүлнэ гэж зүтгээд байгаа. Тийм биш. Буруу юмыг үргэлжлүүлэх нь зарчмын хувьд буруу. 2016 оны Засгийн газар АН-ын эхлүүлсэн маш олон зөв ажлуудыг зогсоосноороо эдийн засгийн хямрал авчирч байсан. Одоо энэ МАН-ын буруу зүйлийг үргэлжлүүлбэл гамшигт хүрнэ. За тэгээд, Сангийн сайд нь болохоор энэ яриа хэлэлцээ нь 20 дахь жилдээ үргэлжилж байна гэж УИХ дээр танилцуулж байна билээ. Гэтэл тус холбоо нь 2015 онд байгуулагдсан 10 дахь жилийнхээ нүүрээ үзэх гэж байна. Түүхийг нь ч мэдэхгүй байгууллагатай гэрээ хийнэ гэж юу байдаг юм. Нөгөө талаа судлах нь яриа хэлэлцээний алтан дүрэм шүү дээ. Гадаад хэргийн сайд нь болохоор энэ гэрээ нь манай улсад ашиггүй, эрсдэлтэй гэсэн судалгааны дүн танилцуулсан гээд байдаг. Ийм байдлаар ажил хийхгүй ээ.

Хоёрдугаарт, дэлхийн геополитикийн орчин жилээр биш, сараар биш, өдрөөр биш, бүр цагаар өөрчлөгдөж байна. ОХУ нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад тэс өөр байдалд байна. Дайтаж байгаа, хоригт орчихсон, эрс ядуурчихсан, ханш нь уначихсан, иргэд нь ядуураад, худалдан авах чадвар нь тэг заачихсан ийм улс болсон. Манайхаас юм худалдаж авах тэнхээ чадал байхгүй. Яах вэ цэрэг армиа тэжээх гэж мах авч магад. За тэр, арьс шир бол худлаа шүү. Эрэлт бараг байхгүй.

Гуравдугаарт, Казак ба Киргиз ахан дүүстэйгээ шууд худалдаа хийхийн тулд заавал Москвагаас зөвшөөрөл аваад байх шаардлага байхгүй. Азийн Хөгжлийн Банк зэрэг бусад гишүүнчлэл бүхий механизм энэ тэрээ ашиглаад өөр аргаар үзэж болно. Шууд хоёр талын яриа хэлэлцээг ч эхлүүлж болно. Ер нь баруун бүстээ нэг том агаарын тээврийн боомт байгуулчихсан байхад болохгүй юм байхгүй.

Дөрөвдүгээрт, Орос бараа чанаргүй, найдваргүй болсон. Сүүнийхээ үйлдвэрийн саванд дарга нар нь усанд ордог, хор шахуу мөхөөлдөс хийж Монголд нийлүүлдэг гээд оросууд өөрсдөө үзүүлээд, бичээд, шуугиад байна. Оросын рублийн ханш их унасан. Ингэхээр оросын экспортын бараа эрс хямдрах боломжтой. Өөрөөр хэлбэл, оросуудад ханшны маш том давуу байдал нэгэнт үүссэн. Манайд харин эсрэгээр. Төгрөг харьцангуй тогтвортой байна. Гэхдээ хэрэв доллар чангарвал манай экспортын бүтээгдэхүүний үнэ Орост их үнэтэй болно. Тэгэхээр өнөө худалдааны алдагдал маань өснө үү гэхээс буурахгүй.

Тавдугаарт, Монголын үндэсний үйлдвэрлэгч нар хаалгаа барьж, ажилгүйдэл өснө. Тэртээ тэргүй нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрэхэд ойрхон байхад ингэж гал нэмж шидэх нь үндэсний эрх ашигт харшилна.

"МОНГОЛ УЛС МАЛ, МАХНЫ ЭКСПОРТОО НЭМЭХ ХЭРЭГТЭЙ"

“Дельта холдинг” ХХК-ийн захирал У.Мөнхжаргал:

-Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрт зөвөөр нэгдсэн зөв л алхам болно. Буруу ажил эхлүүлбэл буруу л байна. Дотоодын үйлдвэрлэгчид гэхээр хэдхэн компани л байгаа. Тэрийгээ хамгаалаад, Монгол Улс махаа гаргаад байвал сайн л байна. Монгол Улсын малын тоо толгой нь өсөөд байдаг. Тиймээс махны экспортоо нэмэх хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэгчид гаалийн тавхан хувийн татвар төлдөг. Тэр татварын хувь хэмжээг нь бариад явбал ямар ч асуудалгүй гэж бодож байна. Салбар яамнаас нь үйлдвэрлэгчидтэйгээ тулж ажиллахгүй байна. Монголчууд аливаа юмыг нарийвчилж авч үздэггүй нийтэд нь авч үзэж, сургаар ажлаа хийдэг.

Монголчууд одоо гурил, мах, ургамлын тос, хүнсний зарим төрлийн ногоо, өндөгөө үйлдвэрлэж байна. Бусдыг нь гадаадаас оруулж ирж, савлаж, баяжуулж байгаа. Эдгээр цөөн үйлдвэрлэлээ хамгаалах нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.112.207

Чөлөөт худалдааны хэлэлцээрт орчихвол хариуд нь гаргах юмгүй монголын компаниуд хэцүүднэ л дээ. Хэрэв гаргах юм хангалттай байса бол харин чашигтай байх байсан… Юмгүй хүмүүсийн амиа аргацаасан байдал эндээс харагдана. Бас цаана нь улс төр явж байгаа…

Avatar

Нэргүй 2024-12-15 203.91.115.44

Авлигач хулгайчдаас бусад нь ядруухан л байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2024-12-15 66.181.184.234

Монголд нам дагасан өсөхийн өлөн хулгайчууд, үндэсний гэх хамаг л зээл төслийг авчхаад гэмгүй царайлсан луйварчид л улс орныг самарч дуусгаж байна

Avatar

Иргэн 2024-12-15 202.126.91.205

Үндэсний үйлдвэрлэл нэрээр хамгийн их татаас авч байж шунал нь дийлэхгүй дэлхийд байхгүй үнээр өндөг зарж байж бас олон юм яриваа. Гаднаас хаа холооос ирсэн өндөгтэй үнээрээ өрсөлдөж чадахгүй бол одоо яахав дээ. Бид хямд чанартай бүтээгдэхүүн хэрэглэмээр байна. Үндэсний нэрт шуналын туламнууд минь.

Avatar

ИРГЭН 2024-12-15 103.212.162.154

Ингээд л бие биенээ гоочлоод хоорондоо нэгдэж өгөхгүй болохоор энэ монгол улс чинь яаж хөгжих юм бэ? Тэгээд л хувь хувиараа өөрсдөө л баяжихаа л бодох юм. Дэлхийд төдийгүй Азидаа хүртэл Монгол улс чинь ядуугийн тоонд нь орчихсон байна шүү дээ?!

Avatar

Сайшаалт Ерөөлт 2024-12-15 202.126.89.241

…ЭНЭ ЭНХБАЯР ГЭЖ ХҮМҮҮСИЙН ТАРХИ ТОЛГОЙ ЭРГҮҮЛСЭН АМЬТАН…БААХАН ХУДЛАА ХИЙ ХООСОН ЧАЛЧААД Л..ЭНЭ ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ САЙНГҮЙ ШАЛ ТУРАНХАЙ..ЯГ Л ЯМААНЫ ГУРАВ…ЭНЭ ЛАВ.УУШИГНЫ СҮРЬЕЭТЭЙ БАЙХӨӨӨӨӨ

Avatar

Зочин 2024-12-15 59.153.113.245

Энхбаяр эдийн засагч үнэн хэлдэгч хулгайч дарга нарын чихэнд ус ч хийсэн алт ч хийсэн сэгсэрнэ

Avatar

Нэргүй 2024-12-15 202.70.43.34

Үндэсний Үйлдвэрүүд өөрсдөө бас өрсөлдөх чадвартай баймаар бна, өнөөдөр Монголд Компани шиг компани байхгүй.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: МАНАЙ БИЗНЕСИЙНХЭН ХОЙТ СОЛОНГОС ШИГ БИЕЭ ДААНА гээд байгаа юм уудаа янз нь. 2024-12-15 66.181.177.205

Оросоос ирдэг өндөг тасарахад Түмэн шувуут, Баян компаниуд өндөгний үнээ сансарт хөөргөж байсан. Сонгуулийн өмнөхөн манай гурилын үйлдвэрүүд үгсээд үнээ зэрэг нэмсэн.Гадаадын арилжааны банк үгүй тул манай банкуудын зээлийн хүү бууна гэдэг гонжийнжоо. Оросын амттай алимыг авъя гэвч кг нь 10000 төгрөг.Өнгөрсөн зуднаар малаа алдсан малчид хот суурин луу хошуурч байна. Ямаагүй малчдын орлого үнэндээ хэцүү байна. Хотын утаа, түгжрэлийн хор уршгийг яриад яахав. НЭГ Ч ИРГЭНИЙ САНАЛ СОНСОХГҮЙ БАЙНА

Avatar

сонгогч 2024-12-15 202.9.47.19

1990 оноос хойш 26 жил засагласан МАН. 8 жил засагласан АН хоёр Монгол голланд өвчин туссаны гол буруутан нь мөн. УБ- н утааны гамшиг, түгжрэл, монголчуудын ядуурлын болоод хөгждөггүйн буруутан нь нь бас л энэ 2 нам. Бидэнтэй ижил түвшинд байсан улс орнууд хөгжөөд гүйцэгдэхгүй боллоо, монгол ухарсаар, уруудсаар….авилгалдаа идэгдсээр….

Avatar

Нэргүй 2024-12-15 103.57.94.47

Монгол улс хөгжих хөгжихгүй, өнөмаргааш юу хийх, юуг хийхгүй байхыг УИХ, ЗГ маань бус Москвагийн төслийн Ерөнхий Зохицуулагч женко баттулга л мэдэж шийдэж бна шүү дээ !!!

Avatar

иргэн 2024-12-15 122.201.31.105

Энэ женко хаашаа янзын урвагч нөхөр вэ ? ээж аав нь ямар удмын хүн гэхээрээ улс орноо хорлож дуусдаггүй их шуналтай гэр бүл бэ!

Avatar

Нэргүй 2024-12-15 103.212.117.58

голлланд өвчин баялагын х****л энэ тэр гэж тархи угаахаа боли хэдхэнхнлбүх баялагыг эзэмшчихээд бна шлээхуцалгүй тэрхүмүүсийг олон ниитэд юу юу эзэмшдэгийн зарлаач бид мэдэх ёстой шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж