Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаад парламентыг илүү төгөлдөржүүлэхийн тулд олон намын төлөөллийг УИХ-д суудалтай болгох санаачлага гаргаж, өнөөдөр 126 гишүүнтэй таван намын төлөөлөлтэй парламент үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ-д албан ёсоор МАН, АН-ын бүлэг байгуулагдаж, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам гэсэн намуудын төлөөлөл парламентад сууж буй.
Нэг.
Тэд 2024-2028 оны парламентаар нийгмийн амьдрал, эдийн засаг улс орны хөгжлийг түүчээлэх олон шинэ хууль, төсөл батлах том үүрэг бөгөөд ачаа үүрсэн. Гэвч эхнээсээ парламентын гишүүд нь түүхэндээ анх удаа төсөвтөө хориг тавиулж, хоёр ч удаа төсвөө хэлэлцэж, хугацаа алдаж туршлагагүйтэв. 2025 оны төсвийг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуультай. Тиймээс ч Засгийн газраас 2025 оны төсөв өргөн барьж, УИХ-аар батлуулах үеэр алдаа оноо ихтэй, алдагдал ихтэй төсөв батлуулсан учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт орсон. Ийн төсвөө хугацаанд нь баталсан ч хориг тавиулж, маш их алдагдалтай төсөв батлуулсан хэмээн олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Мөн төсвөө батлахдаа дахин тодотгол хийх тогтоол баталсан нь ч Үндсэн хуулийн зөрчил үүсгэсэн.
Нэгэнт баталсан төсөв нь хориг тавиулсан, тодотгол хийх тогтоол нь хууль зөрчсөн гээд 126 гишүүнтэй парламент том алдаа гаргасан. Түүнийг нь Ерөнхийлөгчийн хориг нэрийн дор алдаагаа залруулж, алдагдлаа бууруулсан төсөв батлах ёстой үүрэг ирэв.
Гэвч төсөвт хориг тавиад анх удаа хүлээж авсан учраас 126 гишүүнтэй парламент төсвөө яаж хэлэлцэх, дахин өргөн барих, зарим хуульд өөрчлөлт оруулах гээд олон асуудалтай тулгарсан. Ийн УИХ хуулийн хайчинд орсон учраас төсөв хэлэлцэх нэг удаагийн хууль баталж, Засгийн газраас төсвийн тухай хуулийг өөрчилж, 2025 оны төсвөө дахин өргөн барьснаар 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр 2025 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудаа батлав. Улсын төсөв батлагдах нь хойшилсон учраас 2025 оны аймаг, нийслэл, орон нутгийн төсөв ч түүнийг дагаж хойшилж, цаг алдав. 126 гишүүнтэй олон намын төлөөлөл багтсан парламентад анхнаасаа төсвөө алдагдалгүй батлах, шаардлагагүй зардлуудаа танаж, чанартай сайн төсөв батлах хангалттай хугацаа болоод боломж байсан. Гэвч 126 гишүүнтэй парламент туршлагагүй гэхээсээ илүү хариуцлага алдсан. Төсөв хэлэлцэх үеэр 30, 40-үүлээ гадаадад айлчилж, хууль батлах үндсэн үүргээ умартсан асуудал ч үүссэн билээ. Тиймээс 126 гишүүн хариуцлагагүй байна гэж олон нийт шүүмжилж буй.
Хоёр.
Өнгөрсөн 2020-2024 оны парламентын үеэс эхлэн гишүүд хурууны хээгээр санал өгч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, гишүүдийн санал өгөх төхөөрөмжийг шинэжилж, цахимаар санал өгүүлж буй. Гэвч 126 гишүүнтэй парламентын гишүүд одоо ч саналаа өгч сураагүй л байна. Учир нь хууль хэлэлцэх үеэр санал тоолох машин ажиллахгүй байна, ажиллаж байна хэмээх асуудал одоо ч дуусахгүй байсаар байна.
2024 оны зургадугаар сараас хойш бүтэн хагас жил өнгөрсөн байхад шинэ гишүүд одоо ч саналаа өгч чадахгүй байгаа нь хувь гишүүдийн асуудал уу эсвэл үнэхээр төхөөрөмж нь ажиллахгүй байна уу гэдгийг эргэж харах цаг болжээ. Аливаа хууль бүрт ард түмнээс сонгогдсон гишүүд саналаа өгч, олон нийтийг төлөөлж буй учраас хариуцлагатай хандах үүрэгтэй. Зарим гишүүдийн хэлснээр санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа, гишүүд өөрсдөө саналаа өгч чадахгүй байна гэснийг ч бас санах хэрэгтэй.
Тиймээс санал хураах төхөөрөмжтэйгээ зууралдсаар хагас жилийг үдчихсэн парламентын гишүүд мөн л хариуцлагагүй байна гэж олон нийт шүүмжилж сууна.
УИХ-ын гишүүд хариуцлагатай байснаар парламентаар зөв, алдаа оноогүй хууль батлагдана. Тиймээс нэгэнт ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон Д.Амарбаясгалан даргатай 126 гишүүн хариуцлага өндөржүүлж, дахин алдаа гаргахгүй, гишүүнийхээ үндсэн ажлыг хийж сурч, хариуцлагатай байхыг олон нийт сануулж байна.
3,595.11















































