"My Driver and I" кино нь 2016 онд нээлтээ хийх ёстой байсан ч 30 гаруй жил үргэлжилсэн Саудын Арабын кино театруудыг хориглох хатуу хууль дүрмийн дагуу хойшлуулаад байв. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус улсын кино урлагийн салбар эрс өөрчлөгджээ. Тус киноны гол дүр Роула Дахелалла энэ жилийн Улаан тэнгисийн олон улсын кино наадмаас нэр хүндтэй "Chopard Emerging Saudi Talent" шагналыг хүртсэн байна. Энэ нь Саудын Арабын урлаг, кино үйлдвэрлэлийн салбар хөгжих гэж хичээж буйн илрэл юм.
Саудын Араб 2018 онд кино театрын хоригоо цуцалсны дараа дэлгэцийн уран бүтээлийн өөрчлөлт эхэлсэн.
Улмаар тус улсын соёлын томоохон эргэлт эхэлсэн аж. Үүний хүрээнд засгийн газар театр барих, кино уран бүтээлчдэд буцалтгүй тусламж санал болгох, Эр-Рияд хотын захад Аль Хисн студи зэрэг үйлдвэрлэлийн төвүүдийг барихад ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь тус улсын 2030 он хүртэлх алсын харааны нэг хэсэг бөгөөд энтертайнмент салбарт анхаарлаа хандуулж, эдийн засгаа төрөлжүүлэх, газрын тосноос хараат байдлыг бууруулах гэх мэт томоохон амбицтай эрх баригчдын төлөвлөгөө юм.
Улаан тэнгисийн олон улсын кино наадам нь 2019 онд эхэлсэн бөгөөд энэ нь стратегийн гол хэсэг болж, олон улсын авьяастнуудыг татаж, Саудын Арабын кино уран бүтээлчдэд зориулсан платформыг бий болгожээ. Түүнчлэн хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлийг үл харгалзан соёлоор дамжуулж олон улсад өөрсдийн хүч чадлаа зөөлөн аргаар таниулах эрх баригчдын арга аж.
Шүүмжлэгчдийн хувьд зугаа цэнгэл, кино урлагт оруулсан хөрөнгө оруулалт нь Саудын Арабын хүний эрхийн маргаантай байдлыг цайруулах башир арга гэж үзэж буй.
Гэсэн хэдий ч кино урлагт гүн гүнзгий дурладаг Дахилалла зэрэг хүмүүс шинэ хөгжиж буй Саудын Арабын урлагийн салбарт хүч үзэхээ зогсохгүй гэдгээ илэрхийлсэн юм. Кино үйлдвэрлэлд ахиц дэвшил гарсан хэдий ч томоохон сорилтууд байсаар байна.
Учир нь эрх баригчид "LGBTQ+" сэдэв, улс төрийн сэдэв зэрэг олон сэдвийг цензурдэж, хориглосон хэвээр байгаа аж.
Жишээлбэл, Саудын Арабт хөдөлмөрийн мөлжлөгт орсон энэтхэг эрийн тухай өгүүлэх “Ямааны амьдрал” кино нь эмзэг агуулгатай учир тус улсын "Netflix" дээр үзэх боломжгүй. Мөн Жидда дахь жолооч судан эрэгтэй болон түүний хүүхэдтэй харилцах харилцааг харуулсан “My Driver and I” кинонд романтик харилцаа ороогүй байдаг ч эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Гэвч өнөө цагт Саудын Арабын кино үйлдвэрлэл хурдацтай хувьслын бэлэг тэмдэг болж, гол дүрд нь кино найруулагч, жүжигчид тоглож байна. Цензур, нийгмийн консерватизм зэрэг сорилтууд хэвээр байгаа ч Саудын Арабын кино урлагт өөрчлөлт орж байгаа нь маргаангүй бөгөөд энэ салбар хөгжиж, дэлхийн тавцанд дуу хоолойгоо олно гэж Роула Дахелалла үзэж байна.
Холбоотой мэдээ