Австралийн нэгэн хотын цэцэрлэгт хүрээлэнд 40 жилийн турш амьдарсан Японы макака сармагчны сүргийг дахин үржихээс сэргийлсэн арга хэмжээ авах болсон гэж албаны хүмүүс мэдэгдэв. Учир нь тухайн сүрэгт цус ойртох тохиолдол ихэссэн гэж тайлбарлаж байна. 1980-аад оноос хойш Тасманийн Лонсестон хотын өвөрмөц үзмэр болсон тухайн сармагчны сүргээс зөвхөн эр сармагчнуудад нь үржил зогсоох ажилбар хийх шийдвэрийг хотын зөвлөл гаргажээ.
Энэ нь ирэх 15-30 жилийн дотор тус хүрээлэнд байх макака сармагчны тоо толгойг бүрэн тэглэх зорилготой аж.
Японы Икеда хотоос 1980 онд 10 макака сармагчныг Лонсестонд олгож, оронд нь 10 имж авсан байдаг. Одоогийн байдлаар Лонсестон хотын цэцэрлэгт хүрээлэнгийн макака сармагчны хэсэгт нийт 26 сармагчин байгаа бөгөөд үүний 14 нь эрэгтэй, өнгөрсөн долоо хоногт төрсөн хоёр монш болон нэг хээлтэй эм сармагчин бий. Хотын зөвлөл макака сармагчнуудад генетикийн олон янз байдал дутагдаж байгаад санаа зовниж, хэт их үржлээс болж хүрээлэнд амьдрах нөхцөл нь муудаж эхэлнэ гэж үзжээ.
Цасан сармагчин гэгддэг Японы макакууд 30 орчим жил амьдардаг.
Түүнчлэн Австралийн Байгаль орчныг хамгаалах, биологийн олон янз байдлыг хамгаалах тухай хуульд макака сармагчныг импортлоход тохиромжгүй амьтдын төрөлд оруулсан байдаг тул хотын цэцэрлэгт хүрээлэн сармагчны тоог нэгээр нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарах болжээ. Хотын зөвлөл Пүрэв гаригийн үдээс хойш хуралдаж, эр сармагчны үржлийг хаах санал 10-1 гэсэн тоогоор дэмжигджээ. Үүнээс өмнө цэцэрлэгт хүрээлэнд байх зарим эм сармагчин хээл хаяж, амьгүй монш төрүүлэх зэрэг асуудалтай тулгарсан учир амьтны эрхийг хөндөлгүйгээр зөвхөн эр сармагчинд ажилбар хийж, төрөлтийг хянах хэрэгтэй гэх малын эмч нарын зөвлөгөөг биелүүлэх болсон байна. Дашрамд дурдахад, 2000 онд макака сармагчны сүргээс герпес В вирус илэрч байсан бөгөөд тухайн үед олон нийтийн эсэргүүцлээс болж хотын зөвлөл устгах ажиллагааг зогсоож байжээ.
Холбоотой мэдээ