Энэтхэгийн шатрын их мастер Гукеш Доммаражу Пүрэв гаригт дэлхийн шатрын аварга болж, тус салбарын бүхий л тамирчдыг цочирдуулав. Учир нь тэрбээр дэлхийн аваргын байр сууриа хадгалах гэж хичээж байсан Хятадын тамирчин Динг Лиренийг 18 настайдаа ялснаар хамгийн анхны залуу шатрын аварга боллоо. "FIDE" Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээний шагналын сан 2.5 сая ам.доллар бөгөөд Сингапурт зохион байгуулсан.
Ченнайгаас гаралтай Гүкеш 12 настайдаа их мастер болсон бөгөөд долоон настайгаасаа эхлэн дэлхийн аварга болохыг мөрөөддөг байжээ.
Тэрбээр 2013 онд Вишванатан Ананд, Магнус Карлсен нарын хооронд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамгийн анх үзээд шатрын эрдэмд суралцах болсон. Динг Лиренийг ялсныхаа дараа хэвлэлийн бага хурал дээр Гукеш хэлэхдээ, "Мөрөөдөл минь ийм хурдан биелнэ гэж төсөөлөөгүй" гэжээ. "FIDE" Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 1886 оноос эхлэн зохион байгуулагдах болсон. Улмаар хамгийн анхны дэлхийн шатрын аварга нь Вильгельм Стейниц болсноос хойш 18 дахь аваргаар Гукеш тодорлоо. Тэрбээр 2006 оны тавдугаар сард төржээ.
Гукешээс өмнө 1963 оны дөрөвдүгээр сард төрсөн Гарри Каспаров 22 настайдаа дэлхийн шатрын найм дахь аварга болсноор хамгийн залуу аварга гэж тодорхойлогдож байв.
Гукеш болон Динг нар 13 тоглолтын дараа тус бүр хоёр хожилтойгоор тэнцсэн байна. Улмаар 14 дэх тоглолт мөн адил тэнцэнэ гэж ажиглагчид үзэж байсан ч Динг 55 дахь нүүдлээ буруу тооцоолсны улмаас Гукеш өөрийн хожлоо бататгаж чадсан юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Гукеш олон гайхалтай амжилт гаргаж байсан. Жишээ татан дурдвал, тэрбээр сүүлийн хоёр шатрын олимпиадад амжилттай оролцож алтан медалийн эзэн болсон байдаг. Мөн Энэтхэгийн шатрын багыг удирдаж 2022 онд Ченнайд хүрэл, 2024 онд Будапештэд алтан медаль хүртэж байжээ.
Холбоотой мэдээ