Афганистаны нийслэл Кабулд "ISIS"-ын илгээсэн амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөгтэй халдлага үйлдсэний улмаас Талибаны дүрвэгсдийн сайд амиа алдсан байна. Тодруулбал, Лхагва гаригт /2024.12.11/ амиа золиослогч этгээд Дүрвэгсдийн яамны байранд зочилж буй хүний дүрээр нэвтэрч, Халил Хакканийг бичиг баримтад гарын үсэг зурж байхад нь тэсрэх бөмбөг дэлбэлсэн гэж яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Улмаар Халил Хаккани болон өөр таван хүн харамсалтайгаар амиа алдсан гэж мэдэгдсэн байна.
Халил Хаккани нь өргөн цар хүрээтэй Талибаны нэг хэсэг болох хүчирхэг Хаккани сүлжээг удирддаг одоогийн Талибаны Дотоод хэргийн сайд Сиражуддин Хакканигийн авга ах юм.
Түүнийг нас барсан тухай мэдээг Талибаны удирдагчид хүлээж авахдаа гүнээ харамссан болохыг хэвлэлийн төлөөлөгч нь дамжуулсан бөгөөд "ISIS"-ыг хэтэрхий хулчгар учир амиа золиослогч этгээд илгээсэн гэж буруутгасан байна. Мөн мусульман хүмүүсийг үл итгэгч гэж зарлаж буйгаараа исламын шашныг хууран мэхэлдэг гэж "ISIS"-ыг шүүмжилжээ. Одоогийн байдлаар тус бүлэглэл амиа золиослогч тэсрэх бөмбөгтэй халдлагын талаар тайлбар хийгээгүй байна.
Талибууд гурван жилийн өмнө Афганистанд эрх мэдлээ тогтоосноос хойш өндөр албан тушаалтан амиа алдсан анхны тохиолдол нь Халил Хакканигийн үхэл юм. Түүний ач хүү Анас Хаккани Ройтерс агентлагт хэлэхдээ, "Бид хамгийн зоригтой Мужахидыг алдлаа. Бид хэзээ ч түүнийг болон талибуудын төлөө золиосолсон бүхнийг мартахгүй" гэжээ.
АНУ 2011 онд Халил Хакканиг хамгийн онц ноцтой террористуудын ангилалд оруулсан бөгөөд түүний талаар мэдээлэл өгсөн хүнд 5 сая хүртэлх ам.долларын шагнал олгоно гэж мэдэгдэж байсан.
Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1988 оны хориг арга хэмжээний жагсаалтад Халил Хаккани бүртгэгдсэн байв. Хаккани сүлжээ нь Афганистаны дайны үед хэд хэдэн томоохон халдлага үйлдэж байсан төдийгүй талибуудын хооронд хурцадмал байдал үүсгэж байсан удаатай. Дайн судлалын хүрээлэнгийн мэдээлснээр, АНУ-аас Хаккани сүлжээг Гадаадын террорист байгууллага гэж тодорхойлсон бөгөөд Талибаны халхавч дор бүрдсэн уг сүлжээ нь өөрсдийн гэсэн тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
ЗОЧИН 3 цагийн өмнө 203.91.115.40
ЛАЛЫНХАНЫ ИЙМ БАЛИАР АЙМААР ЮМНУУДЫН УЧИРЫГ ОЛОХОД УХААН ХҮРЭХГҮЙ НЭЭ. ЯМАР Ч УЧИРТАЙ ЮУ Ч БОЛООД БАЙДАГ ЮМ.