Шанхайн Мэйжорын плей-оффын шат өчигдөр/2024.12.12/ эхэлсэн. Энэ шатны нээлтийн тоглолт Германы "MOUZ" болон Монголын "The MongolZ" багуудын хооронд болов. Тоглолтын өмнө "MOUZ"-ийн ахлагч "Siuhy" нэг багтаа хоёр дахиа хожигдохгүй гэж ярьсан нь ч биеллээ олж, тэд хүчирхэг өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожиж, хагас шигшээд шалгарчээ. Харин Азиас анх удаагаа плей-оффд шалгарч, түүх бүтээсэн монгол багийн гайхалтай аялал өндөрлөв. Тоглолтын дараа "MOUZ"-ийн гол тоглогчдын нэг "Brollan" буюу Лудвиг Бролин дараах ярилцлагыг өгчээ.
-Баяр хүргэе. "The MongolZ"-ийг давж, хагас шигшээд шалгарлаа. Чиний хувьд Мэйжорын хамгийн өндөр амжилтаа үзүүлээд байна. Ямар санагдаж байна ?
-Гайхалтай байна. Үнэхээр баяртай байна. Хүнд тоглолт боллоо. Би үнэхээр шөвгийн наймаас цааш шалгарахыг хүссэн. Хагас шигшээд шалгарсандаа баяртай байна. Дараагийн тоглолтоо тэсэн ядан хүлээж байна. Тайз үнэхээр гайхалтай байсан. Тоглоход сайхан байлаа.
-Тоглолт хүндхэн эхэлсэн. Та нар 3-9 гэсэн харьцаатай хожигдож байсан шүү дээ. Тоглолтын эхлэлд юу болсон бэ?
-"Ancient" дээр бид дөрвийн эсрэг хоёр байсан гар бууны раунддаа хожигдсон. Бид хэтэрхий төгс тоглохыг хичээлээ. Магадгүй үүнээсээ болоод дуэлиуд дээр бага зэрэг айсан байх. Сэтгэл түгшээсэн зүйлс ч их байлаа. Эгзэгтэй мөчүүдээ алдсан. "Mzinho" нэг, хоёр удаа клатч тоглолт үзүүлсэн байх. Ерөнхийдөө тааруу эхэлж, хэмнэлдээ орж чадаагүй. Гэхдээ эцэст нь эргэн ирж чадлаа.
-Тоглолт эхлэхийн өмнө "siuhy" хэлэхдээ дахиж хожигдохгүй гэсэн. Танай багийн сэтгэл зүй хэр байсан бэ? Хэр өөрсдөдөө итгэлтэй байв? Тоглолтын өмнөх таамгийг харахад хоёр багийн хожих магадлал тэнцүү байсан. Энэ ямар санагдсан бэ?
-Үнэндээ шөвгийн наймд шалгарахад хачин мэдрэмж төрсөн. Тэд бидний эсрэг өмнөх шатанд сайн тоглосон. Бид ч тэр тоглолтод сайн бэлдэж чадаагүй. Эхний өдрийн хоёр тоглолт маш давчуу хугацаатай, завсаргүй болсон.
Бид "The MongolZ"-ийн эсрэг өмнө нь алба ёсны тэмцээн дээр ч юм уу, бэлтгэл дээр тоглож байгаагүй. Тэгэхээр тэдний эсрэг тоглох үнэхээр хачин байлаа. Гэхдээ тэдэнтэй нэг удаа тоглосон байхад хэрхэн тоглодгийг нь мэдэх боломжтой. Энэ тоглолтод ч бэлтгэлтэй орж ирсэн. Өөрсдийгөө 2-0 эсвэл 2-1 гэсэн харьцаатай хожно гэдгээ мэдэж байсан. Эхний учраан дээр бид сайн бэлдэж чадаагүй. Харин өнгөрсөн дөрвөн өдрийн турш хэний эсрэг тоглохоо сайн бэлдлээ.
-"Ancient" дээр тааруу эхэлсэн гэлээ. Яаж эргэн ирж чадсан юм бэ?
-Бид тайзан дээрээ дасах гэж хугацаа зарцууллаа. Тоглолтыг үнэхээр тааруу эхлүүлсэн. Магадгүй энэ тайз болон бусад зүйлс нөлөөлсөн биз. Заримдаа бид тоглолтыг тааруу эхлүүлдэг. Тэгэхээр буцаад тоглолтдоо орох гэж хэцүү байдаг юм.
Бид хоорондоо сайн ярилцсан. Эхнээсээ л сайн байя гэж бодсон ч саяны хоёр мап дээр эхний хагаст тун муу байлаа. Үүнийгээ ярилцаж, засахыг хичээсэн. Энэ үзэгчдийн чимээ шуугиан, дарамтад хүн бүхэн тоглолтдоо дасах гэж хэцүү байлаа. Бид сайн эхэлж чадаагүй.
-Тайзны туршлагагүй багтай тоглосон нь танайд ашигтай байв уу? Хэрэв арай туршлагатай баг байсан бол танайхыг эхний мап дээр хожиж, цуврал 0-1 гэж эхлэх байлаа шүү дээ.
-Тийм бас үгүй. "The MongolZ"-д тайзны туршлага байгаа эсэх нь огт хамаагүй санагдсан. Бид тэдний тайзны туршлагын талаар ч бодоогүй. Тэд бидэн шиг л сандарсан байх. Магадгүй өмнө нь ийм тайзан дээр тоглож байгаагүй учир илүү сандарсан биз.
Бид ч бусад том багуудтай харьцуулахад тайзны туршлага гээд байх зүйл байхгүй. Учир нь бид залуу баг. "Ancient" дээр бид раундын зөрүүг ойртуулах тусам "The MongolZ"-ынхон дарамт илүү их мэдэрсэн байх. Таны хэлсэнчлэн өөр туршлагатай баг байсан бол магадгүй хожчих байсан биз. Гэхдээ л бид эргэн ирнэ гэдгээ мэдэж байсан. Төгсгөлд ч үүнийгээ харуулж, эргэн ирж чадсан.
-Чиний хувьд Мэйжорын хамгийн өндөр амжилтаа үзүүлж, хагас шигшээд шалгарлаа. Дараагийн тоглолтоо "Spirit" эсвэл "Liquid"-ийн эсрэг хийнэ. Танай баг финалд хүрч чадах уу? Чиний хэлснээр тайзан дээр танай баг бүгдийг нь ялж чадна гэсэн.
-Тиймээ. Бид хожиж чадна. "Liquid", "Spirit" бол сайн багууд. "Liquid"-ийн эсрэг бид тэмцээн дээр тоглож байгаагүй. Ганцхан удаа бэлтгэл дээр тоглосон. Тэд сайн баг. Гэхдээ уналт, босолт ихтэй. Магадгүй орон гаран тоглолт нь тэдний хэв маяг байх.
"Spirit"-тай бол бид олон тоглосон. Энэ жил л гэхэд дөрвөн удаа таарсан байх. Бид гуравт нь хожсон. Тэдний эсрэг тоглох амаргүй. Бусад багуудтай тоглох илүү амар гэх үү дээ. Өнөөдөр тэднийг хэрхэн тоглохыг харна.
-Аль багтай нь хагас шигшээд тогломоор байна?
-Аль нь ч байсан хамаагүй. Гэхдээ "Spirit"-ийг илүү баг нь гэж бодож байна. Хоёулантай нь л тогломоор байна. Надад хамаагүй. Гэхдээ "Spirit" илүү нь.
Энэ ярилцлагын дараа "Spirit", "Liquid" багуудын тоглолт эхэлж, 2-0 гэсэн харьцаатай Оросын "Spirit" баг хожсон юм. "MOUZ" болон "Spirit" багуудын тоглолт маргааш 14:00 цагаас болно.
Zochin 2024-12-13 139.5.218.108
azid zondoo togolchood europiin taizan deer togloh turshlaga gj yu yariad bgan be
Нэргүй 2024-12-13 66.181.177.227
зүгээр зүгээр ,мундаг шүү манай хүүхдүүд
Zusman MGL 2024-12-13 103.212.162.208
daraa uchraa taarhad mouz Ali hediin ene bag zadarsan baih bolno
Нэргүй 2024-12-13 202.9.40.45
Та нар энэ удаадаа сайн тоглосон. энэ хожигдол дээрээ дүгнэлт хийж дараа дараагийн тэмцээндээ сайн тоглоорой. Наад багаа дараа нь дахин тоглож хожоорой. Дүү нартаа амжилт хүсье. Юм нэгээр дуусахгүй
Нэргүй 2024-12-13 103.212.163.231
Асуултаа зөв асуугаач ээ
Нэргүй 2024-12-13 66.181.186.26
За яахав юм ээлжтэй. Даага нэхэж дараагийн удаад наад хэдэн германуудаа уйлтал нь, утаа манартал нь гүвээд өг. Тэгээд аварга болоорой.
Зочин 2024-12-13 66.181.184.73
Дүү нартай баярлалаа.Аль ч утгаараа та нар аварга шүү.
Нэргүй 2024-12-13 66.181.191.112
Дүү нар сайн байнаа,,,,дэлхийд данстай болжээ,,,,ялж ялагдах аль аль нь байлгүй яахвээ,,,,,шинэ монгол залуустаа хайртай шүү,,,,,
Kraken 2024-12-13 43.228.129.68
manai hed sain bsaan