- 1 дүгээр зүйл.Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
- 2 дугаар зүйл.Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ.”
- 2 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Тиймээс Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэн шинэчилж намын дүрэм хөтөлбөрөө илүү өргөн хүрээгээр тодорхойлж үндэсний хэмжээний бодлогыг дэвшүүлэн Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцон ажиллахад чиглүүлэх үүрэг хариуцлагыг хуулиар хүлээгээд байгаа юм.
Энэхүү үүрэг хариуцлагыг харгалзан тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж хуульчилсан. Гэвч хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2024 оны зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль, аравдугаар сард орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, нэр дэвшигчдийг тодруулах, сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуульд оролцох, сонгуулийн үр дүнгээр УИХ, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах зэргээр сонгуулийн үйл ажиллагаа дуустал намын дүрэм журмыг шинэ хуульд нийцүүлэх боломж хомс байсан учраас дээрх өөрчлөлтийг оруулахаар өөр аргагүй гэж Засгийн газраас үзсэн байна. тиймээс
Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт 37 нам байгаагаас 22 нь 2024 оны УИХ-ын сонгуульд, 12 нь орон нутгийн сонгуульд тус тус оролцжээ.
Улс төрийн намын тухай хуульд намын дүрмээр гишүүдийн эрх, үүрэг, зохион байгуулалтын бүтцээс гадна намын удирдах дээд төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх болон хяналтын байгууллагыг байгуулах журам, тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ болон намын салбар, бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах зэрэг асуудлыг цогц байдлаар зохицуулахаар заасан.
Түүнчлэн намын дүрэм, хөтөлбөрийг шинэчлэхэд гишүүдийн оролцоо ил тод байдлыг хангах олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлах, намын дүрэм, хөтөлбөрийг батлах түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг намын удирдах дээд байгууллагын онцгой бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл намын дүрэмд гуравны нэгээс дээш хэмжээний өөрчлөлт оруулах асуудлыг намын анхан шатын бүх нэгжийг хуралдуулж гишүүдийн оролцоог хангаж шаталсан хэлбэрээр санал авсны үндсэн дээр намын удирдах дээд байгууллагаас эцэслэн шийдвэрлэж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хуульд заажээ. Ийнхүү улс төрийн намын дүрмийн шинэчлэл нь гишүүдийн идэвх оролцоог хангахыг шаардсан өргөн хүрээний өөрчлөлтийг хамарч байгаа тул хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө санхүү, зохион байгуулалт, төлөвлөлтийг шаардсан төдийгүй тодорхой шат дамжлага бүхий бэлтгэл ажлыг хангахгүйгээр шууд хэрэгжүүлэх боломжгүй асуудал үүсэж байна гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Намын бүтэц, дүрмийг ардчиллын зарчимд нийцүүлэн шинэчлэхэд намын бүтцийн байгууллагуудад жендэрийн тэгш байдал, хүйсийн төлөөллийн оролцоог хуульд заасан хэмжээнд бүрдүүлсэн байх шаардлага мөн тавигдаж байгааг ЗГХЭГ-ын дарга онцлоод, гэвч энэхүү шаардлагыг богино хугацаанд хангахад ялангуяа УИХ-д суудалгүй болон Улс төрийн намын тухай хуулийн 27.3-д заасан нөхцөлийг хангаагүй намуудын боломж хязгаарлагдмал байна.
Тиймээс улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах Үндсэн хуулийн суурь зарчим, жендэрийн тэгш байдал, гишүүдийн оролцоог хангах хуулийн шаардлагад нийцүүлэн намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг нэг мөр цогц байдлаар шинэчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Улс төрийн намын тухай хуулийн зөвхөн 2 дугаар зүйлд заасан өөрчлөлт буюу дүрэм, хөтөлбөртэй холбогдсон зохицуулалтыг тодорхой хугацаанд хойшлуулах хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан гэдгийг тодотгож байсан юм.
Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороод болон УИХ-ын чуулганаар хэлэлцэж, нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2027 оны наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгахаар хуулийн төсөлд тусгасныг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор болгон өөрчлөн, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх, мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлд уг хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны арванхоёр дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөх зэрэг асуудлуудыг хэлэлцэн дэмжээд байгаа юм. Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганы хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг өрнөж, хуулийн төслийг эцэслэн батлахаар байна.
Холбоотой мэдээ