Сирийн босогчид Башар аль-Ассадын дэглэмийн үед хилсээр хоригдсон хүмүүсийг суллаж эхэлсэн билээ. Мөн Ассадын үеийн бүх шоронг хааж, хоригдлуудыг хөнөөсөн, тэднийг тамлан зовооход оролцсон хүмүүсийг агнана гэдгээ мэдэгдэв. Харгис хэрцгийгээрээ алдартай Сайднаяа шоронг л гэхэд хүний эрхийн байгууллагууд хүн нядалгааны газар гэж нэрийддэг. Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Ассадын дэглэмийн шоронгуудад бараг 60 мянган хүн эрүү шүүлтээр амиа алджээ.
Мөн босогчдын бүлэг химийн зэвсэг хадгалдаг байж болзошгүй газруудыг хайж олохоор олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ талаар Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Сабрина Сингх хэлэхдээ "Бидний гол зорилго бол эдгээр химийн зэвсгийг буруу гарт оруулахгүй байх явдал юм" гэжээ.
Израилийн арми Сирийн нутаг дэвсгэр даяар олон зуун цохилт өгөхдөө химийн зэвсгийн үйлдвэрлэлтэй холбоотой байж болзошгүй судалгааны төвийг онилсон гэж таамаглаж байна. Израиль энэ үйлдлээ тайлбарлахдаа "Хэт даврагчдын гарт химийн зэвсгийг оруулахын эсрэг бид ажиллаж байна" гэжээ.
Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр 2013-2018 оны хооронд Сирид дор хаяж 85 удаа химийн зэвсгийн халдлага болжээ. Ассадын засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн гэдгээ үргэлж үгүйсгэдэг боловч дээрх халдлагуудын дийлэнхийнх нь хариуцлагыг огцорсон засгийн газар хүлээнэ гэж үзэж байна.
Дамаск хотын захын дүүрэгт химийн зэвсгийн халдлагын улмаас 1400 гаруй хүн амь үрэгдсэний дараа буюу 2013 онд Сири улс Химийн зэвсгийн гэрчилгээнд гарын үсэг зурсан юм. Одоогоор Сирид хэдий хэмжээний химийн зэвсэг байгаа нь тодорхойгүй. Гэсэн ч Ассад нөөцтэй байсан, түүнийгээ дутуу мэдүүлсэн гэж таамаглаж байна.
Дашрамд дурдахад, "Их-7"-ийн удирдагчид өнөөдөр Сирийн талаар виртуал уулзалт хийнэ.
Холбоотой мэдээ