Украины өмнөд хэсгийн Запорожье мужид НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагын ажилтнуудыг тээвэрлэж явсан машин халдлагад өртжээ. Запорожье атомын цахилгаан станцыг Украинд довтолсны дараа Орос улс хяналтдаа авсан. Тийм учраас Олон улсын атомын энергийн агентлаг цөмийн станцын аюулгүй байдалд хяналт тавихын тулд ажилтнуудаа илгээсээр байгаа билээ.
Халдлагаас болж хүний амь нас эрсдээгүй.
Энэ хэрэгт талууд бие биеэ буруутгаж байна. Тодруулбал, Украины ерөнхийлөгч Зеленский Мягмар гаригт "Оросын нисгэгчгүй онгоц Олон улсын атомын энергийн агентлагийн цуваа руу дайрсан. Оросууд юу хийж байгаагаа мэдэж байгаа. Тэд зориудаар ингэсэн. Олон улсын хамтын нийгэмлэг энэ хэрэг дээр тодорхой бөгөөд шийдэмгий хариу арга хэмжээ авах хэрэгтэй" гэж мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам Лхагва гаригт мэдэгдэл хийхдээ Украины тал машин руу дайрсан гэв.
Олон улсын атомын энергийн агентлагийн багийнхны ээлж солигдох үед энэ үйл явдал болжээ. Энэ талаар агентлагийн захирал Рафаэль Гросси хэлэхдээ "Атомын цахилгаан станцуудын аюулгүй байдалд санаа тавьдаг хүмүүс рүү дайрах нь туйлын хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл" гэжээ.
3,595.38















































