FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс 2030 болон 2034 оны хөлбөмбөгийн ДАШТ болох орнуудыг албан ёсоор зарлалаа. Ийнхүү 2030 оны дэлхийн аварга Испани, Португал, Морокко гэсэн гурван улсад болох бол 2034 оны дэлхийн аваргыг Саудын Араб ганцаараа зохион байгуулахаар болжээ.
2030 оны дэлхийн аваргын гурван тоглолт Аргентин, Парагвай, Уругвай гэсэн гурван улсад болно. Учир нь дэлхийн аваргын 100 жилийн ой тохиож байгаа тул тухайн улсуудад хүндэтгэл үзүүлж буй хэлбэр гэнэ. Бусдаараа үлдсэн бүх тоглолтууд Испани, Португал, Мороккод болно.
FIFA-д бүртгэлтэй 211 гишүүн улсын холбоод дээрх санал хураалтад оролцжээ.
Саудын Арабд болох дэлхийн аваргад олон улс санаа зовж байна. Шалтгаан нь өмнөх Катарын дэлхийн аваргатай холбоотой. 2022 оны дэлхийн аваргын бүтээн байгуулалтын ажилд оролцсон ажилчдын орчин нөхцөл тааруу, хүний эрхийг зөрчсөн олон асуудалтай байсан билээ. Энэ ч утгаараа Саудын Арабын дэлхийн аваргын зохион байгуулалтын ажилд FIFA болон хүний эрхийн байгууллагуудыг сайн анхаараасай гэж улс орнуудын хөлбөмбөгийн холбоод хүсч байна.
Саудын Араб 2034 оны дэлхийн аваргад зориулж, 15 цэнгэлдэх барих бөгөөд үүний дөрөв нь хэдийнэ ашиглалтад оржээ.
Холбоотой мэдээ