Өнөө цагийн дэлхийн шилдэг дасгалжуулагч гэгддэг Пеп Гвардиола замналдаа үзээгүй өдрүүдээ туулж байна. Түүний Манчестер Сити урд шөнө УЕФА Аваргуудын лигийн хүрээнд Италийн Ювентус багт 0-2 гэсэн харьцаатай хожигдов. Тэд сүүлийн арван тоглолтоосоо ердөө ганцхан хожил байгуулсан гэх тун тааруу амжилтыг үзүүлжээ.
Пепийн удирдаж байгаа баг арван тоглолтоос ганцхан хожсон гэдгийг сонсоход бэрх. Испани мэргэжилтний хувьд замналдаа Барселона, Байерн Мюнхений жолоог атгаж, үргэлж л ялалтын замаар, цом түрүү дагуулж явсан хүн. Англи ирээд ч Ситиг дийлдэшгүй болгосон. Хүсэн хүлээсэн УЕФА Аваргуудын лигийн дэлдэн чихт цомыг эздэд нь атгуулсан. Гэвч энэ улирал үнэхээр танигдахааргүй өөрчлөгдөв.
Манчестер Юнайтедын домог Рио Фердинанд ярихдаа "Тэдний сүүлийн жилүүдийн амжилт, тоглолттой одоогийн нөхцөл байдлыг нь харьцуулбал үнэхээр гайхширмаар байна. Тэд үнэхээр гайхалтай байсан. Премьер лигт дөрвөн удаа түрүүлж, ялалт амжилтын урт удаан түүхтэй байлаа. Харамсалтай нь Пеп Гвардиолагийн баг ийм муу байсныг бид харж байгаагүй. Одоо тэр бүхнийг эргэн байранд оруулж, хуучин шигээ байх арга замаа хайж олох хэрэгтэй байна. Тэд үнэхээр асуудалд орчихжээ" гэлээ.
Тэгвэл Пеп Гвардиола юун дээр алдсан бэ? Магадгүй багийн гол хүн, Алтан бөмбөгийн эзэн Родриг бэртэлд алдсан нь том цохилт байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л арван тоглолтод ганц хожно гэдэг багаараа муу байгаагийн илрэл. Ихэнхи хүмүүс Пепийг солилцоо, наймааны тал дээр алдсан гэдэг. Ялангуяа Коул Палмерыг Челси рүү явуулдаг нь алдаа гэх. Палмер ч 2023 оны зун Этихадаас явж, Челсид очоод "галзуурч" байна.
Үүнээс ч илүү гол хүнээ алдсан нь өнгөрсөн зун Хулиан Альваресыг Атлетико Мадрид руу зарсан нь байв. Альварес бол залуу Палмертай харьцуулахад хэдийнэ Ситигийн бүрэлдэхүүнд байр сууриа эзэлчихсэн, дэлхийн аварга болчихсон, аюул тарьдаг тоглогч байлаа. Холандын эзгүйд довтлогчоор, Кевин де Брюйнегийн эзгүйд хагас хамгаалагчаар тоглодог гоол, гоолын дамжуулалтаар хангадаг нэгэн.
Хулиан Альварес Испанид эхний улиралдаа 24 тоглолтод 12 гоол оруулаад байна. Атлетико Мадрид ч арав дараалан ялжээ. Гэтэл Ситигийн довтолгооны сонголтууд болох Фил Фоден, Жак Грилиш, Жереди Доку нарын сураг алга. Эрлин Холанд 18 гоол оруулсанаараа багаа тэргүүлж байгаа бол түүний ард гурван гоолтой зургаан тамирчин байна. Хэрэв Альварес Ситид үлдсэн бол Холандад тус болж, гоол оруулж, гоолын дамжуулалт өгөх байсан биз.
Хулиан Альварес 2022 онд Сити нэгдсэнээсээ хойш 103 тоглолтод 36 гоол оруулж, 18 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй. Премьер лиг, Аваргуудын лиг, дэлхийн аварга гээд түрүүлж үзээгүй тэмцээн бараг л байхгүй нэгэн. Гэхдээ л тэр хэзээ ч Ситигийн, Пепийн номер нэг сонголт байгаагүй. Үүнийгээ ч мэдэрч, өнгөрсөн зун Атлетико руу 81 сая фунтээр зарагдсан. Одоо шинэ багийнхаа гол тоглогч болж, довтолгоог нь удирдан чиглүүлж байна.
Нэргүй 2 цагийн өмнө 202.179.14.194
Хэд хэдэн алдаа байна даа, Жереми Докугийн нэрнээс эхлээд…