Австралийн Квинслэнд дахь Нийгмийн эрүүл мэндийн вирус судлалын лабораториос 323 ширхэг хуруу шил вирусийн дээж алдагдсаныг Даваа гаригт мэдээллээ. Хуруу шилнүүд 2023 оны наймдугаар сард алдагдсан боловч засгийн газраас албан ёсоор мэдээлсэн нь энэ Даваа гариг юм.
Био аюулгүй байдлын протоколыг түүхэнд байгаагүйгээр зөрчсөн энэ үйл явдлыг мөрдөн шалгахыг засгийн газраас Квинслэндийн эрүүл мэндийн газарт даалгаад байна. Энэ хүрээнд "Есдүгээр хэсгийн мөрдөн байцаалт" гэдэг зүйлийг эхлүүлжээ. Энэ нь хэрэгтэй холбоотой өчүүхэн сэжүүрийг ч болов нухацтайгаар авч үзэж, лабораторийн дүрэм журам, үйл ажиллагаа зэргийг тандах мөрдөн байцаалт юм. Мөн ажилтнуудын зан үйлийг ч тандан судлана.
Эдгээр хуруу шилэнд Хендра вирус, Лиссавирус, Хантавирус зэрэг үхлийн аюултай олон төрлийн вирусийн дээж байжээ. Хендра нь зөвхөн Австралид л байдаг, амьтнаас хүнд халддаг вирус юм. Хантавирус нь ноцтой өвчлөл болон үхэлд хүргэх аюултай бол Лиссавирус нь галзуу өвчин үүсгэдэг төрлийн вирус болохыг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ. Эдгээр нь хүнээс хүнд дамждаг гэж нотлогдоогүй ч халдсан тохиолдолд ихэвчлэн үхлийн аюул дагуулдаг. Тухайлбал, Хантавирусийн нас баралтын түвшин 15 хувь буюу Covid-19-ийнхөөс 100 дахин илүү юм.
Дээж алга болсон лаборатори нь төрөл бүрийн вирус болон шумуул, хачигаар дамждаг халдварт өвчний оношлогоо, тандалт, судалгаа хийдэг. Дээжүүдийг хэн нэгэн хулгайлсан, аль эсвэл устгасан эсэх нь тодорхойгүй байна.
Гэхдээ вирусийн дээж лабораторийн орчноос гарсан тохиолдолд маш хурдан задарч, халдваргүй болно гэдгийг мэргэжилтнүүд сануулжээ. Австралийн засгийн газар энэ хэргийг нухацтай авч үзэж байгаа нь сайшаалтай ч гэлээ олон нийтэд мэдэгдэлгүй жил гаруй хугацаа зарцуулсан нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.
Нэргүй 2024-12-12 139.5.218.129
yoo neeree yumuu