Сурвалжлага: Гацуур мод 35 мянгаас 2.8 сая төгрөгийн үнэтэй байна

Сурвалжлага: Гацуур мод 35 мянгаас 2.8 сая төгрөгийн үнэтэй байна

 Нийслэлд шинэ жилийн уур амьсгал аль хэдийн орж, гурав хоногийн өмнө төв талбайд сүлд модоо асаалаа. Улсын нийслэл Улаанбаатар төв талбайдаа сүлд модоо чимсэнтэй ижил айл өрхүүд, албан байгууллагууд сүлд модоо чимэж байгаа эдгээр өдрүүдэд гацуур модны үнэ ханшийн талаар сурвалжиллаа.


                                      ГАЦУУРЫН СОНГОЛТ ХИЙХДЭЭ ЗАЙ ТАЛБАЙГАА ЗӨВ ТООЦОХ НЬ ЧУХАЛ

"Бөмбөгөр" худалдааны төвөөр хөл ихтэй байх бөгөөд костьюм, пиджак, даашинз сонирхсон хүмүүс олонтаа зөрөх нь шинэ жилийн хүлээн авалтад бэлтгэж байгаа нь илэрхий. “Сүлд модны худалдаа” гэх хаягтай тасагт орлоо. Энд олон төрлийн өндөр нам, өтгөн, сийрэг гацуур  харагдана. Худалдагч Н.Энхчимэг “ Манайх гацуур модоо олон төрлийн сонголттойгоор иргэддээ санал болгож байна. Үнэ ханшийн хувьд үйлдвэрлэсэн газраасаа болоод өндөр намаасаа шалтгаалаад 50 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн хооронд үнэтэй байна.

Хамгийн хямд гацуур 90 см-ийн өндөртэй 50 мянган төгрөгийн өртөгтэй. Хамгийн өндөр мод 2.5 метр өндөртэй нэг сая төгрөгийн үнэтэй байна.

Иргэд сонголтоо хийхдээ нэгдүгээрт санхүүгийн боломж бололцоондоо тааруулан сонголтоо хийж байна. Энэ нь зарж байгаа бидэнд ч, сонголт хийх хүндээ ч амар байдаг.  Хоёрдугаарт, үнэ ханш гэхээс илүүтэй чанар, аюулгүй байдалд илүү ач холбогдол өгч давуу болон сул талыг нь харгалзан үнэ ханшаас үл хамаарч сонголт хийх хүмүүсч бий. Түүнээс гадна сонголт хийхдээ анхаарах нэг чухал асуудал бол гацуур байрлуулах зай талбайг зөв тооцож, сонголтоо хийх нь хэн хэндээ амар байдаг. Тухайлбал, 2.5 метр өндөртэй гацуурыг энд харахад тийм ч том биш харагддаг талтай. Гэтэл яг гэртээ очоод байрлуулахад төсөөлж байснаас нь өндөр, тойргийн хэмжээ нь гацуур байрлуулахаар тооцсон газарт нь томдох тохиолдол гардаг.

Өнгөрсөн хугацаанд ганц нэг хүн гацуурынхаа хэмжээг буруу тооцоолсноос эргэж ирж солиулах тохиолдол гарсан. Хотын түгжрэл дийлдэхгүй болсон ийм үед цаг зав үрсэн, давхар ажил болох учраас гацуур авах гэж байгаа хүмүүс зай талбайгаа зөв тооцож сонголт хийх нь зүйтэй.

Олон жил гацуур зарж байгаа учраас гацуур авч байгаа хүмүүстээ аль болох зөв сонголт хийхэд нь туслах, харилцан зөвлөлдөж бараа бүтээгдэхүүнээ зардаг. Зарим нь сэтгэлээсээ үйлчилсэнд баярлалаа гээд явдаг. Ер нь худалдаа эрхэлж байгаа хүмүүс бараагаа ямар ч аргаар хамаагүй зарахыг зорилго болгохоос илүү худалдан авч байгаа хүнийхээ хүсэл сонирхол, санхүү мөнгөд нийцсэн сонголт санал болгох нь чухал болсон. Заримдаа гацуур модны чимэглэл ямар өнгөтэй байх тал дээр ч сонголт хийх гэж  их юм болно. /Инээв/ Хөшиг, хана таазнынх нь өнгийг ч асуух үе гарна шүү дээ гэв.

Тэрбээр, иргэдийн худалдан авах чадвар энэ жил өмнөх жилүүдээс тааруу байгаа талаар хэлж байна. Гацуураар дагнасан тасаг учраас гацуур авах сонирхолтой иргэд л энэ тасгаар түлхүү үйлчлүүлдэг. Гэтэл өдөрт хэдэн зуун хүн орж ирж, үзэж сонирхож байгаа боловч өдөрт  3-4 гацуур л зарагдаж байна гэж учирлав. Түүнийг бидэнтэй ярилцах зуур хүүхдүүдээ дагуулсан иргэд, утсаар эхнэртэйгээ зөвлөлдөж байгаа залуус тааралдав. Утсаараа видео дуудлага хийж байсан залуу эцэст нь нэг метрийн өндөртэй гацуур сонгохоор шийдэв.

Тэрбээр, өөрийгөө н.Ганхуяг гэж танилцуулав. Тэднийх бага насны хоёр хүүхэдтэй учраас хүүхдүүд нь гацуур модоо засахыг орой бүр шавдуулсаар байгаа тул ийнхүү шинэ гацуур авч хүүхдүүдийнхээ хүслийг биелүүлэхээр яваа нь энэ гэнэ.

Энэ гацуур тус айлын анхны гацуур биш бөгөөд өмнөх гацуур модоо тагтан дээрээ хадгалсан боловч зуны борооны усанд нороод дахин хэрэглэх боломжгүй болсон гэдгийг саяхан мэдсэн байна. Тиймээс ийн шинэ гацуурын эрэлд гарсан аж. Тэрбээр "Гадуур гацуур модны үнэ янз янз л байна. Өндөр нам, чанараасаа болоод байх шиг. Хорооллын “Мянган нэрийн бараа”-ны дэлгүүрийн өмнөх гадаа талбайд гацуур модны худалдаа дэлгэгдсэн байна. Ямартай ч "Бөмбөгөр" орж ирсэн нь зөв болж. Тэндээс эндэх нь үнийн хувьд арай хямд байхаас гадна дулаахан орчинд сонголтоо тухтай хийхэд ч амар байна" гэж хэллээ. Ямартай ч хоёр хүүхдийнх нь хүсэл биелж энэ орой нэг айлын хойморт гацуур мод гэрэлтэхээр боллоо.

 ГАРААРАА БАРЬЖ, НҮДЭЭРЭЭ ҮЗЭЖ, ҮНЭРЛЭЖ СОНГОЛТ ХИЙХ НЬ ЗӨВ

Бид цааш Улсын их дэгүүрийг зорив. Тус дэлгүүрийн долоон давхарт байрлах  “Гацуур мод, чимэглэл” хямдралтай худалдаа гэх тасагт оров. Энд мод бүрт үнийн дүнг наасан байв. Хамгийн хямд гацуур 35 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 15 см-ийн өндөртэй мини гацуур байв. Харин хамгийн үнэтэй гацуур 3 метр 80 см-ийн өндөртэй 2.8 сая төгрөгийн өртөгтэй байв. Танхим зохион байгуулагч н.Хишгээ ярихдаа “ Гадуур ихэвчлэн Хятад улсаас оруулж ирсэн гацуур худалдаалагдаж байгаа байх. Манайд зарагдаж байгаа гацуурууд бол Турк улсын Истанбул хотоос оруулж ирж байгаа учраас бусад газрын гацууруудаас үнийн хувьд бага зэргийн өндөр байж магадгүй. Хоёр метрийн өндөртэй гацуур нэг сая төгрөгийн үнэтэй. Иргэдийн худалдан авах чадвар боломжийн  байна” гэж харж байна. Нэг үеэ бодвол иргэд эрүүл мэнддээ сөрөг нөлөөгүй, галд тэсвэртэй гэх мэт олон давуу талтай чанартай материалтай гацуур авахыг эрмэлздэг болсон байна.

Ойролцоогоор 20 гаруй хоног гацуураа зассан хэвээр байлгадаг учраас хийсэн материал нь элдэв үнэргүй, чанартай буюу анхдагч материалаар хийсэн байхад анхаарах нь чухал" гэв.

Тус дэлгүүрээр үйлчлүүлээд гарч байгаа иргэн н.Нарангэрэл “ Нэг гацуур авлаа гэхэд хоёр жил л болдог. Чанартай юм авчихвал хэдэн жил санаа амар гэж бодоод сая төгрөгөөр гацуур авлаа. Гэхдээ л үнэтэй байна. Хүмүүсийн амьдрал адил тэгшгүй, худалдан авах чадвар ч мөн адил. Бүгд л өөрсдйин хэмжээндээ баяраа тэмдэглэж өнгөрүүлнэ.

Төгрөгийн ханш суларсантай л холбоотой ч юм уу энэ жил гацуур модны үнэ өссөн байх шиг санагдаж байна. Манайх өмнөх гацуураа гурван жил хэрэглэсэн. Өнгөрсөн жил гацуур модоо шинэчлэх гээд боломж хараахан болоогүй.

 

Гэхдээ үнэ ханшийг нь сонирхож байхад энэ жилийнхээс 100-200 мянган төгрөгөөр хямд байсан санагдаж байна. Шинэ жилийн баяраар ах дүүсээ гэртээ урьж хүүхдүүдэд нь бэлэг өгдөг уламжлалтай. Тийм учраас ганцхан хүүхдүүдээ баярлуулахаас гадна ирсэн хүн бүрт манай гацуур баяр баясал бэлэг байх гэдэгт итгэж байна.

Олон ч хүн ирдэг учраас аль болох чанартай сонголт хийхийг хичээлээ. Мэдээж гадуур гацуур ямар үнэ ханштай байгаа талаар тодорхой хэмжээнд судалсан. Гацуур модны загвар, хийц жил ирэх бүрт л улам их сонголттой болсон харагдаж байна. Гэхдээ ихэвчлэн хятадад үйлдвэрлэсэн гацуурууд байсан. Үнийн хувьд хол зөрүүгүй учраас эндээс сонголтоо хийхээр шийдсэн. Ямартай ч ойрын таван жилдээ гацуураа солихгүй байх. Зарим хүмүүс гацуураа интернэтээс захиалж авах тохиолдол их юм билээ. Тухайлбал, манай найз интернэтээр захиалтал, гаднах өнгө үзэмж нь аятайхан боловч маш их үнэртэй байсан учраас гаргаж хаяхаас өөр сонголтгүй боллоо гэж байсан. Тиймээс өөрөө гараараа барьж,нүдээрээ үзэж, үнэрлэж сонголтоо хийх нь зөв санагдсан гэв.

УЛИРЛЫН ЧАНАРТАЙ УЧРААС ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВЧ ИРЭХ НЬ ЭРСДЭЛТЭЙ

                             

“Сандэй” худалдааны  төвд гацуур модны олон тасаг байх агаад өндөр нь 50 см-ээс 3 метр урттай. Үнэ 120 мянган төгрөгөөс 2 сая 300 мянган төгрөгийн өртөгтэй байна. Иргэд ихэвчлэн хямд болон дундаж үнэтэйг сонгон авч байгаа дүр зураг тодхон харагдана. Иргэн Алтангэрэл “ Хүмүүс амьдралын боломж бололцоондоо тааруулж, худалдан авалт хийдэг. Нэг метр 50 см-ийн өндөртэй мод авах санаа байвч болсонгүй. Дараа жилээс болно биз дээ. Худалдан авах чадвар тйим ч сайн биш байна. Гэхдээ энэ асуудал ганц манайд байгаа юм биш шүү дээ. Бидэнтэй адилхан эгэл энгийн амьдралаар амьдарч, төрийн албанд зүтгэж байгаа мянга мянган айл өрх байгаа гэж боддог” гэж ярилаа.

Тус төвийн худалдагч н.Байгалмаа хэлэхдээ “Худалдан авалт сайнгүй байна. Шинэ он гартал миний хэдэн гацуур борлогдохгүй нь бололтой. Ноднин бас ч гэж учиртай байсан байна.  Хажуу лангуунууд ч ялгаагүй. Орлого тун муу байна. Гацуурын хувьд сарын онцлогтой худалдаа. Ихэнх айл гэр, албан байгууллагууд арванхоёрдугаар сар эхлэхтэй зэрэгцээд гацуураа засдаг. Өөрөөр хэлбэл арванхоёрдугаар сарын 20-д гарааад гацуур худалдаж авдаг иргэд ховор. Тиймээс ойролцоогоор 20 гаруй хоногийн л эрэлттэй бараа гэсэн үг. Энэ жил шинэ жилийн барааны үлдэгдэл их үлдэхээр байна.

Өмнөх жилийн үлдсэн бараагаа энэ жил гаргаж ирж зарахаас өөр сонголт байхгүй. Гэтэл жил бүр гацуурын өнгө загвар шинэчлэгдэж байна.

Иргэд аль болох нь шинэ загварын гацуур авахыг хүсдэг. Тиймээс хуучин загваруудаа хямдралтай үнээр зарахаас өөр аргагүйд хүрдэг. Гацуур мод авсан хүмүүст үнийн дүнгээс нь хамаарч чимэглэх тоглоомын сонголт хийх боломж олгодог. Дунджаар 500 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй гацуур сонгосон иргэдэд 100-300 мянган төгрөгийн чимэглэл бэлэглэж байна. Түннчлэн чимэглэлүүдээ дангаар нь зарах бөгөөд ширхэгийн үнэ нь 5000-15.000 хооронд байгаа бол багц доторх тоо хэмжээнээсээ шалтгаалаад 20-100 мянган төгрөгийн чимэглэлүүд байна. Улирлын байтугай сарын онцлогтой бараа учраас хэт их хэмжээгээр оруулж ирэх нь санхүүгийн хувьд эрсдэлтэй  гэв.

Шинэ он гарахад 19 хоног үлдлээ. Айл гэрийн хоймор бүрт гэрэлтэй гацуур гэр бүлд аз жаргал, инээд хөөр бэлэглэх биз ээ.

Д.ЭНХБАЯР

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж