Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын гэр бүлийн 50 гаруй жилийн дарангуйллыг түлхэн унагаж, ард түмний шинэ баатар болоод буй Абу Мохаммед аль-Голаниг ХҮМҮҮС буландаа онцолж байна.
Олон ургальч үзэл, хүлцэнгүй байдлын төлөө тэмцэгч гэж өөрийгөө тодорхойлсон түүний жинхэнэ нэрийг Ахмад Хуссейн аль-Шараа гэдэг. Тэрбээр 1982 онд Саудын Арабт төржээ. Түүний өвөг дээдэс Сирийн Голаны өндөрлөгт амьдарч байсан боловч Израилийн эзлэн түрэмгийллийн улмаас эх орноо орхин дүрвэхээс өөр аргагүй болсон. Тэгэхээр Ахмад Хуссейн аль-Шараа Саудын Арабт төрсөн ч үндэс угсаа, өв уламжлал нь сири гэсэн үг юм.
СЭХЭЭТЭН ГАРАЛТАЙ УХААЛАГ ХҮҮ
Түүний аав Хусейн аль-Шараа нь Арабын үндсэрхэг үзэлтэн бөгөөд Нассерист үзэл суртлыг дэмжигч байжээ. Араб гэдэг нь түүний үндэс угсаа биш харин соёл, угсаатны онцлогийг илэрхийлж байгаа аж. Нассеристуудын эсрэг цэвэрлэгээний үеэр тэр шоронд хоригдсон боловч Иракт дээд боловсрол эзэмшихийн тулд 1971 онд оргосон байдаг. Тариачин гаралтай тэрбээр Багдадын их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгсч, Саудын Арабын газрын тосны салбарт ажиллажээ. Мөн бүс нутгийн эдийн засгийн хөгжил, байгалийн баялаг болон түүний боловсрол, хөдөө аж ахуй, цэргийн хөгжилд оруулах хувь нэмрийн талаар хэд хэдэн ном бичсэн өндөр боловсролтой хүн юм.
Абу Мохаммед аль-Голаниг төрөх үед аав нь газрын тосны инженер, ээж нь газар зүйн багшаар ажилладаг байв. Тэдний гэр бүл эх орноо орхин дүрвэж яваад, 1989 онд Сирид эргэн иржээ. Улмаар нийслэл Дамаскийн ойролцоох Меззехт суурьшсан байна.
Абу Мохаммед аль-Голани багадаа зузаан нүдний шил зүүдэг, олны анхааралд өртөхөөс зайлсхийдэг, хичээнгүй хүү байсан аж. Түүнийг маш ухаалаг бөгөөд бусдад нөлөөлөхийн тулд ухаанаа ашигладаг хүүхэд байсан гэж ойр тойрныхон нь тодорхойлжээ. Мөн олны дунд орохоороо дотогшоо болчихдог хүүхэд байв. 2003 онд Ирак руу нүүх хүртлээ тэр Дамаскт медиа чиглэлээр суралцсан байна.
ХЭТ ДАВРАГЧААС ТӨРИЙН ХАР ХҮН
Жихадын хэт даврагчаас төрийн хар хүн болж хувирсан нь түүний хувьд томоохон сорилт гэдэг нь дамжиггүй. Босогчдын Хаят Тахрир аль-Шам буюу "HTS" бүлэглэлийн дайчдын дийлэнх нь жихадистууд. Тэд одоо Сирийн гол тоглогч болов. Төмөр нударга дор 50 жил амьдарсан сиричүүдийг босогчдын удирдагч Ахмад Хуссейн аль-Шараа хэрхэн удирдан, чиглүүлэх бол гэдгийг дэлхий нийт харж байна.
Ахмад Хуссейн аль-Шараа хэт даврагчдын дунд Абу Мохаммед аль-Голани хэмээх жихадист хочоороо алдаршсан юм. Тэрбээр 2003 онд Иракт АНУ-ын цэргүүдтэй тулалдсан босогчидтой нэгдэж, Аль-Каидатай холбоотой байсан нэгэн.
Сирид 2011 онд Ассадын эсрэг бослого гарахад Аль-Каида бүлэглэлийн Нусра фронт хэмээх салбарыг Сирид байгуулсан бөгөөд энэ ажлыг Абу Мохаммед аль-Голани хариуцан авчээ. Үүний дараа түүний нэр хүнд улам өссөн гэдэг. 2013 онд Сирийн иргэний дайн ширүүсэх үед Нусра фронтыг татан буулгаж, Ирак дахь Аль-Каидагийн ажиллагаатай нэгтгэх уриалга гарсан ч аль-Голани үүнийг эсэргүүцсэн юм. Ирак, Сирийн Исламын улс буюу "ISIS" бүлэглэл эндээс эхтэй.
Абу Мохаммед аль-Голани хожим нь "ISIS"-аас салсан ч Аль-Каидад үнэнч байхаа амласан юм.
Тэрбээр 2016 онд анх олны өмнө нүүр царайгаа ил харуулжээ. Энэ үед тэр өөрийн бүлэглэлээ Жабхат Фатех аль-Шам буюу Сирийн байлдан дагуулалтын фронт гэж нэрлэж, Аль-Каидатай холбоогоо тасалж буйгаа зарласан байна. Түүний шинэ бүлэг гадны ямар ч байгууллагатай холбоогүй гэдгийг тэр тухайн үед онцолж байв. Жилийн дараа түүний эвсэл Хаят Тахрир аль-Шам буюу Сирийг чөлөөлөх байгууллага болгож дахин нэрээ өөрчилжээ.
Тус бүлэглэл төсөөлж ч байгаагүй өөрчлөлтийг эхлүүлсэн гэж үздэг. Шинэ бүлгээ байгуулсан даруйдаа тэр цэрэг хувцасаа энгийн өмд, цамцаар сольж, шашны хүлээцтэй байдал, олон ургальч үзлийг уриалж эхэлсэн байна.
2021 онд тэр "PBS" сувагт америк сэтгүүлчтэй анх удаа ярилцжээ. Хослол өмссөн, намуухан яриатай "HTS"-ийн удирдагч тэрбээр "Манай бүлэглэл барууныханд ямар ч аюул заналхийлэл учруулахгүй" гэж тунхагласан юм. Мөн өөрсдийнх нь эсрэг авсан хориг арга хэмжээг шударга бус байсан гэжээ. Тэрбээр "Тийм ээ, бид барууны бодлогыг шүүмжилсэн. Гэхдээ Сириэс АНУ эсвэл Европын эсрэг дайн хийнэ гэдэг бол худал мэдээлэл. Бид тулалдах хүсэлтэй байна гэж огт хэлээгүй" гэжээ.
ИСЛАМЫН ҮНДЭСТНИЙ ЯЛАЛТЫГ ТУНХАГЛАГЧ
Сири бол олон үндэстэн ястны болон шашны бүлгүүдийн өлгий нутаг. Гэвч Ассадын дарангуйлал, олон жилийн дайны улмаас тэд өөр хоорондоо тэмцэлдсээр иржээ. Тус улсад "HTS"-ээс гадна өөр зэвсэгт бүлэглэл ч хэд хэд бий. Мөн ОХУ, Иран, АНУ, Турк, Израиль зэрэг гадаадын хүчин Сирид холилдон оршиж байна.
Босогчид Дамаскийг эзлэн авснаас хэдхэн цагийн дараа аль-Шараа хотын түүхэн дурсгалт газар болох Умайяд сүмд хүрэлцэн ирсэн. Энд тэр Ассадын уналтыг "Исламын үндэстний ялалт" гэж тунхаглан зарласан юм.
Тэрбээр энэ ялалтад хүрэхийн тулд Сирийн баруун хойд буланд орших Идлиб мужид эрх мэдэл, хяналтаа бэхжүүлэхэд удаан хугацааны турш анхаарлаа хандуулсан. Түүний ухаалаг, зоригтой алхмуудаас онцолбол, тэр бусад хэт даврагч бүлгүүдийн дунд чадварлагаар маневр хийж, удирдлагад нь заналхийлсэн өрсөлдөгчидөө устгасан юм. Цаашилбал, олон улсын засгийн газруудыг ч байлдан дагуулахыг хичээсэн. Сирийн шашны болон үндэстний цөөнхөд ч бас өөрийнх нь засаглалын үед та нар аюулгүй гэж харуулахыг оролджээ.
Сирийн олон үндэстнийг төлөөлсөн засгийн газар байгуулах тухай ярьсаар ирсэн энэ хугацаанд тэр гадаад дүр төрхөө ч янз бүрээр өөрчлөхөө мартаагүй. Дүр төрх, харилцаагаараа харгис хэрцгий дайчин гэж харагдах, хэлэгдэхээс тэр зайлсхийж байсан юм. Харин оронд нь өөрийгөө улс төрийн удирдагч гэж харуулахыг хичээх болжээ. Өнгөрсөн долоо хоногт тэр "CNN"-д ярилцлага өгөхдөө Ассад унасны дараа "HTS"-ыг татан буулгах боломжтой гэж хэлсэн нь анхаарал татсан юм.
"Сиричүүд тогтсон тогтолцоотой, нэг захирагч дур зоргоороо шийдвэр гаргадаггүй улсад амьдрах эрхтэй. Хүнийг үгээр бус үйлдлээр нь шүү" гэж тэр хэлжээ.
иргэн 44 минутын өмнө 66.181.183.170
саяхан л Америк , Барууныхан Алан хядагч онц аюултай т*******т гэж зарлаад Толгойгий нь `10н сая доллараар үнэлж байсаг Этгээд ээ Баатар болгоцон нтр,,,,,,Америк, Барууныхан ийм 2нүүртэй_, хоосон худлаа Ардчилалаар тархи угаасан Неонацистууд,
Нэргүй 48 минутын өмнө 202.55.188.109
Энд сэтгэгдэл бичиж байгаа бочка нар ялангуяа ояа нараас дэлхийн геополитик шалтгаалдаггүй гэдгийг ойлго.
Нэргүй 1 цагийн өмнө 59.153.86.156
Сирийн ард түмний шинэ баатар ч гэх шиг, та нар одоо болиоо.
Нэргүй 1 цагийн өмнө 192.42.116.198
Америк Англитай эрх ашиг нийцэх үед ямар ч т*******т төриийн хүн болж, эрх ашиг зөрчилдөх ямар ч төрийн хүн дарангуйлагч болон хувирдаг тархи угаалтын цаг үед амьдарч байна бид!