Сахарын цөлөөс 2011 онд "NWA 7034" буюу "Хар гоо үзэсгэлэн" гэх солирын дээж олдсон. Тус солирын найрлага дахь ашигт малтмал нь Ангараг гараг дээр амьдрал байсныг нотолжээ. Саяхан нийтлэгдсэн шинэ судалгаанд дурдсанаар "Хар гоо үзэсгэлэн"-гийн найрлага дахь өчүүхэн цирконы эрдэс нь улаан гараг дээр халуун ус байсны нотолгоо гэж үзэж байна. Энэ нь дэлхий дээр байдаг шиг нэг төрлийн халуун рашаан байсан байх магадлалтай.
Гэхдээ Ангараг гараг дээр ус анх хэзээ үүссэн, цаг хугацааны явцад хэрхэн хувьсан өөрчлөгдөж, алга болсон тухай асуултууд хариултгүй хэвээр байна.
5-10 сая жилийн өмнө Ангараг гарагийг өөр нэг биет мөргөснөөр уг солир үүссэн гэж үзсэн. Тэрхүү солирын хэлтэрхийнүүд олон жилийн турш эртний Ангараг гарагийг судлах гол эх сурвалж болсоор иржээ.
Шинэ судалгааг харвал Ангараг гараг анх үүсээд 100 сая жилийн дараа ус бий болчихсон байсан аж. Энэ нь Ангараг гараг түүхийн аль нэг үед амьдрал тэтгэж байсныг харуулна гэж үзэв. Лозаннагийн их сургуулийн Геошинжлэх ухааны факультетийн судлаач Жек Гиллеспи хэлэхдээ "Бидний судалгаа тодорхой цаг хугацаанд Ангараг гарагийн царцдасын давхаргад ус байсныг харуулж байна. Энэ нээлт нь Ангараг гарагийн хувьсал, түүн дээр болсон үйл явц, тэнд амьдрал байх боломжийг нотлох шинэ гарц юм" гэжээ.
Циркон бол үнэт эдлэл, керамик хавтан, эмнэлгийн суулгац зэрэг бүтээгдэхүүнд ашигладаг хатуу эрдэс юм. Эрдэмтэд цирконы тусламжтайгаар өнгөрсөн үеийг судалж, тухайн үеийн температур, эрдэс устай харилцан үйлчлэлцсэн эсэхийг тодорхойлдог.
Холбоотой мэдээ