Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн 2024-2025 оны улирлын тоглолтууд "UG" аренад үргэлжилж байна. Өчигдөр/2024.12.10/ лигийн хүрээнд тун сонирхолтой, өрсөлдөөнтэй нэгэн тоглолт болов. Тодруулбал, дээд лигийг ганц ч хожигдолгүй тэргүүлж байсан, аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүдийн эсрэг улирлыг тааруу эхлүүлсэн ч учраа олоод буй "BCH Knights" тогложээ. Цагтаа Хүлэгүүд-Гарьд гэсэн ширүүн өрсөлдөөнийг үзэгчдэд толилуулж, Монголын сагсан бөмбөгт ривал гэгчийг утгаар нь харуулж байсан тэд энэ улирлаас эхлэн өөр өнгө төрхтэйгаар таарч байгаа анхны тохиолдол нь энэ байлаа.
ХАСЫН ХҮЛЭГҮҮД 79 – 82 BCH KNIGHTS
Хүлэгүүдийн бүрэлдэхүүн эрс залуужсан. Шилжилтийн үеэ амжилттай давсан гэхэд хилсдэхгүй. Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин нарын залгамж халаа болсон залуучууд ах нарынхаа үүрэг, ролийг бага багаар авч, өдгөө багийн цөм болжээ. Б.Билгүүнээс хамаардаг байсан сагсан бөмбөг байхгүй болж, илүү баг дээр суурилсан харагдах аж. Өчигдөр ч Б.Билгүүн, Д.Мөнхтүвшин нар тоглолтод оролцсонгүй. О.Сэргэлэн дүү нараа ахлан талбайд гарав. Нөгөө талд "BCH Knights" баг одоо л бүрэлдэхүүнийхээ учрыг бүрэн олж байна. Бизоноос нэгдсэн Г.Лхагвацэнд ч багтаа хурдан уусч, хамгаалалтын ноён нуруу болжээ.
Тоглолтын тухайд эхлэлийг хоёр баг эн тэнцүү тавьсан. Эхний хагас 38-38 гэсэн харьцаатай өндөрлөсөн гэхээр хоёр баг оноондоо харамч, хамгаалалт зонхилсон харагдана. Харин гуравдугаар үеэс Хүлэгүүд ялимгүй илүүрхэв. Нэгнийх нь довтолгооны гүйцэтгэл бусдадаа халдварлаж, нэг эрчээ авбал Хүлэгүүд богинохон зуурд онооны зөрүүг холдуулж чадахаа харуулсан. Тэд 13 хүртэлх оноогоор өрсөлдөгчөө илүүрхсэн. Хүлэгүүдийн төвөргөөнийг О.Эрдэнэцогт, Пендарвис Уиллиамс нар л намжаасан гэхэд хилсдэхгүй. Мөн Г.Лхагвацэндийн хамгаалалт, бөмбөгний төлөөх тэмцэл, самбараас бөмбөг авалтыг онцлохгүй байхын аргагүй.
Дөрөвдүгээр үед "Knights" эргэн ирсэн. Бүр онооны тэргүүллийг авав. Гэвч Хүлэгүүд хариуг нь барьж, тоглолт дуусахад хэдхэн секунд дутуу байхад хоёр оноо илүү гарсан. Энэ үед Г.Лхагвацэндийн бүтэн талбайг туулсан дамжуулалт О.Эрдэнэцогтын гарт очиж, тэрбээр цаг дуусахтай зэрэгцэн шидэлтээ амжилттай гүйцэтгэв. Нэмэлт цаг гарлаа.
Пендарвис Уиллиамс "Knights"-д ирсэн шалтгаанаа нэмэлт цагт дахин нэг удаа харуулж, багаа ялалтад хөтлөв. Тэрбээр нийт 30 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн бол түүний араас О.Эрдэнэцогт 29 оноо авчээ.
Хамгийн онцлох нь "BCH Knights" баг нэг ч хожигдолгүй явж байсан Хүлэгүүдийг буулган авч, анхны ялагдлыг нь амсуулжээ.
Энэ улирал бэртлээ бүрэн эдгээсэн О.Эрдэнэцогт гайхалтай байна. Шигшээ багт ч, клубын түвшинд ч үнэхээр тогтвортой, гайхалтай тоглолтыг үзүүлсээр явна. Энэ эрчээрээ улирлыг төгсгөлд хүрвэл "Тэргүүн тоглогч"-ийн шагналыг гуйж биш гуядаж авах шинжтэй. Үнэн хэрэгтээ түүний хүртэх цаг нь аль хэдийнэ болчихсон гэдэгтэй сагсан бөмбөг сонирхогчид санал нийлдэг.
Холбоотой мэдээ