УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах хүрээнд УИХ-ын даргын захирамжаар Г.Тэмүүлэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажилласан юм. Ажлын хэсэг өнөөдөр /2024.12.11/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
Засгийн газар 2025 оны төсвийн төслийг дахин боловсруулахдаа урсгал зардлыг өмнөхөөсөө 2.3 их наяд төгрөгөөр бууруулж алдагдалгүй төсөв өргөн барьсан сайн талтай.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны төсөв дээр үр ашиггүй зардлуудыг танаж, ирээдүйд үүсч болох эрсдлийг хязгаарлах, төсвийн тэлэлтийг хумих зэрэг бодлого барьж ажиллалаа.
Монгол Улсын хэмжээнд эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж, төрийн албан хаагчийн тоо 230 мянгад хүрсэн бол бусдаар гүйцэтгүүлэх ажил 70 орчим хувиар нэмэгдэж байгаа асуудал дээр төсвийн сахилга батыг сайжруулах, төсөв дээр ирэх ачааллыг бууруулж, ард иргэдийн амьжиргаа орлогыг дэмжсэн төсөв болон мөнгөний бодлогыг уялдуулах чиглэлээр ажиллалаа.
Засгийн газраас төрийн албан хаагчийн тоог 3000-аар нэмэх санал оруулж ирснийг 12 байгууллага дээр зарим дээр нь 100 хувь хязгаарлаж, зарим байгууллага дээр 50 хувь нэмэгдүүлэх, ачаалал ихтэй ажилладаг байгууллага дээр орон тоог нэмэх зохицуулалт хийлээ.
Ирэх жилүүдэд төрийн албан хаагчийн тоог нэмэх бус цомхон чадварлаг төрийн албан хаагчтай болох ёстой гэдгийг тогтоолоор орууллаа.
Хэмнэлт гаргах хүрээнд төсвийн үр ашиггүй урсгал зардлуудаас танаж 80 орчим тэрбум төгрөгөөр зардлыг буурууллаа. Нийгмийн чиглэлээр зарим зардлыг нэмэгдүүлсэн. Онцлоод хэлэхэд,
Хүн амын дунд тулгамдаад байгаа аюулын харанга дэлдээд байгаа асуудал бол хорт хавдар. Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах обьектын санхүүжилтийг Эрүүл мэндийн яаман дээр тавилаа. Тоног төхөөрөмжийн зардлыг тавьсан. Нийт 25 тэрбум төгрөг тавьсан.
Цэцэрлэг болон 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын сайдын багц дээр түрээсийн зардалд 10 тэрбумыг нэмэгдүүлж тавьсан.
Дотуур байрны хүүхдийн хоолны зардал тулгамдсан асуудал болсон. Тиймээс 31.4 тэрбум төгрөгийг тавьсан.
Засгийн газар ирэх оноос шинэ хавдар 2 эмнэлгийг барих шийдвэр гаргаж, зардлуудыг тусгасан. Барилгын ажил 4-5 жил үргэлжлэх хугацаанд асуудлыг шийдвэрлэх хүрээнд орны хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэнгдүүлэх үүднээс шаардлагатай санхүүжилт тавьсан.
Энэ оны төсөв дээр одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн их засварт шаардлагатай зардал тал мөнгөөр тавьсан байсныг ирэх жилд бүрэн гүйцээж тавьсан.
Ажлын хэсэг үр ашиггүй зардлыг бууруулж, тэндээс хэмнэсэн хэмнэлтээрээ нийгэмд хүлээлттэй байгаа боловсрол, эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа санхүүжилтүүдийг тавьсан.
Төрийн өмчит компаниудын зээл 3 их наяд төгрөгт хүрч байна
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Засгийн газрын 27 тусгай сан байна. Эдгээр сангийн 13 нь өөрийн хуультай бол бусад 14 сан нэр дурдагдах төдий буюу тухайн сайдын журмаар эсвэл тушаалаар, зөвлөлөөр шийдэгддэг.
Ажлын хэсгийн хувьд Засгийн газрын тусгай сангийн санхүүжилтийг багасгах байдлаар саналаа оруулж, Төвийн байнгын хороон дээр сая дэмжсэн. Мөн тусгай сангуудын авлагыг бууруулах тал дээр Засгийн газарт тогтоолоор чиглэл өгсөн.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан олон жилийн хур авлагатай болсон байна. Энэ гурван сан нийлээд 760 тэрбум төгрөгийн авлагатай байна.
Авлагаа барагдуулахгүйгээр дахиад жил болгон төсвийн хуулиар мөнгө тавиулж явдаг байсныг авлагаа бууруулах чиглэл өгсөн.
Төрийн өмчит болон орон нутгийн өмчит 562 компанитай болсон байна. Орон нутгийн өмчит компани дээр хэлэхэд аудитын шалгалт ороод 55 дээр нь хязгаарлагдсан дүгнэлт, 6 –д нь дүгнэлт хийхээс татгалзсан бол 57 нь сөрөг дүгнэлт авсан байдаг. Төрийн өмит компани дээр 3 –т нь аудит сөрөг, 30-д хязгаарлагдсан дүгнэлт гаргасан.
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аудитын тайлангаар тухайн компанийн санхүүгийн тоо бүртгэл нийлэхгүй байна гэсэн үг.
Төрийн өмчит компаниудын өөр хоорондоо өгөлцөж авалцсан зээл 3 их наяд төгрөг хүрэх гэж байна.
Ашигтай ажилладаг компаниас алдагдалтай ажилладаг компани нь мөнгө зээлж авч, санхүүжилтээ хийдэг нөхцөл байдал үүссэн нь үүгээр нотлогдож байгаа.
Иймээс УИХ -ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгч байгаа. Тогтоолд 2025 оны нэгдүгээр улиралд багтаан авлага болон зээлийн дүнг бууруулах чиглэл өгсөн.
Хувийн хэвшлийн хийх боломжтой төсөлд гадаадын зээлийг ашиглахыг зогсоох ёстой
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Дэд ажлын хэсэг маань гадаад зээл тусламжийн ашиглалт үр дүн ямар байна вэ гэдэг дээр ажиллалаа.
Засгийн газар 1.5 их наяд төгрөгийн гадаад зээл тусламж авахаар энэ дотроо 89 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж орж ирсэн.
Ирэх онд 1.5 их наяд төгрөгийн зээлийг ашиглах гэж байгаа боловч хойшилж байгаа 10 их наядын зээл авсан байгаа юм байна.
Тодорхой хэмжээний зардлууд гарч байгаа. Цаашдаа зээлийн үр ашигтай байдал, авсан зээлээ цаг хугацаанд нь ашигладаг байх, төсөвтэйгээ холбож уядаг байдал зэрэг дээр гурван асуудлыг анхаарах шаардлагатай гэдэг дүгнэлт хийгээд Засгийн газарт чиглэл өгсөн.
70 төсөл нь одоо хэрэгжиж байгаа төсөл бол 19 нь ирэх онд хэрэгжиж магадгүй гэсэн төсөл байгаа юм. Нэгдүгээрт, энэ бүгдийнхээ тооцоо, эдийн засгийн эрэмбийг гаргаад, аль нь Монголын эдийн засгийг тэлэх боломжтой төсөл вэ, аль нь дараагийн шатанд гарах боломжтой төсөл вэ гэдгийг гаргаад УИХ-д 2025 оны II улиралд танилцуулах.
Хүлээгдэж байгаа 19 шинэ гэрээ хэлэлцээр байна. Хэлэлцээр хийгдэх шатандаа явж байгаа юм байна. УИХ урьдчилж бодлогыг гаргаж, зээлийн ашиглалтыг сайжруулах тал дээр мэдээллээ авах ёстой гэдэг нэгдүгээр чиглэл гарсан.
Гадаад зээлийг бүсчилсэн хөгжил, шинэ сэргэлтийн бодлогод чиглүүлэх ёстой. Томоохон дэд бүтцийн төслүүд рүү чиглүүлэх ёстой. Хувийн хэвшлийн хийх боломжтой арилжааны шинж чанартай төсөл дээр гадаад зээлийг ашиглаж байна.
Төр өөрөө өр тавиад хувийн хэвшлийн хийх боломжтой төслүүдийг өөрөө санхүүжүлээд татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа гэсэн үг. Энэ байдлыг болиод цаашид хувийн хэвшлийн хийх боломжтой, арилжааны төслийг санхүүжүүлэх шаардлагагүй, энэ чиглэлээр гадаад зээл авахгүй байх ёстой гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн.
2025 онд авах гэж байгаа 1.5 их наяд зээлийн 10 орчим хувь нь төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх үйлчилгээ, гадаад дотоод сургалт зэрэгт зарцуулж байна. Хэр үр дүнтэй байгаа юм, сургалт нэрээр төрийн албан хаагч нар гадаадад их аялдаг. Энийг бууруулах ёстой гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн.
Г.ХОРОЛ
иргэн 2024-12-11 66.181.188.147
Билэгт авгайг үнэхээр биширнэм. Чадаж байгаа юманд аргагүй ээ
эсэргүүцэхээс өөр сонголт үгүй юу? ямар гээчийн ашиг сонирхол вэ? 2024-12-11 103.57.94.211
Олон нийт шүүмжилсан бол хасдагч нөгөө нь нэмээд баланс барилууд байна уу? Бас нэг асуудал нь хавдарын эмнэлийг улс авна гээд 25 тэрбумыг хуваарилж байгааг ямар учиртайг тотодгоод тайлбарлуулмаар байна, Бэлээхэн Билэгтийн эмнэлгийн зориулалтаар баригдсан бэлэн байрыг халдвартын эмнэлэг яагаад ашиглаж болохгү й гэж?хүсвэл хөгжлийн банкны барьцааг цуцалж болно. заавал өөр байр барих гээд байгаагийн цаана хэн нь хэнийгээ хяхан боогдуулах нь хэний эрх ашиг сонирхол нуугдаад байна вэ?