Өнөөдөр “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр тохиож байна

Өнөөдөр “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр тохиож байна

Өнөөдөр “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр тохиож байна

Өнөөдөр Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхэн баярын  өдөр тохиож байна. Түүх сөхвөл, 1975 оны арванхоёрдугаар сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог улсын зэрэглэлтэй  хот болгохоор шийдвэрлэсэн.

Хожим  2017 онд  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар  жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нийг “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр  болгосны дагуу долоо дахь жилдээ тэмдэглэж байна.

Жил бүрийн энэ өдөр  ЕБ-ын сургуулийн сурагчдад Эрдэнэт хотын түүхэн сэдвээр хичээл орж, аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ Орхон аймаг, Эрдэнэт хотын “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр өргөмжилж,  иргэдийнхээ хамтаар шинэ бүтээн байгуулалтаа  хүлээн авах, аймгийн болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  музей үнэ төлбөргүй үйлчлэхээс эхлээд соёл урлагийн олон сонирхолтой үзвэр үйлчилгээг иргэддээ толилуулж ирсэн. Түүнчлэн  худалдаа үйлчилгээний байгууллагууд хямдралтай үнээр үйлчлэх гээд салбар бүрийг хамарсан үйл ажиллагаа  эдгээр өдрүүдэд өрнөдөг.

default

Энэ жилийн Орхон аймаг, Эрдэнэт хотын “ХҮНДЭТ ИРГЭН” -ээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э. Содномпилжээ тэргүүтэй Эрдэнэт хотын бүтээн байгуулалт хөгжил дэвшилд манлайлагч байж, залуу үедээ үлгэр жишээ болж яваа дөрвөн эрхмийг шалгаруулж, өргөмжиллөө.

Мөн Жаргалант сумын ОНХС-ийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 30 айлын орон сууцыг барьж, өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын хэмжээнд суманд баригдсан анхны бүтээн байгуулалт гэдгээрээ онцлогтой.

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр тус орон сууцны  анхны оршин суугчид  түлхүүрийг  гардуулсан нь Жаргалант сумынхаа ЕБС-д гурван жилийн өмнө урилгаар ирэн  багшилж буй Батбаяр багшийн гэр бүл байв.

Дэлхийн болон Монголынхоо сонгодог  уран бүтээлийн дээжсийг аймаг орон нутагтаа үзэх, сонсох боломжийг “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдрөөр олгодог нь иргэдийн талархлыг хүлээгээд буй. Энэ жил улсын филармоний Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Сэтгэлд хоногшсон дуунууд” эгшиглэнэ.

Энэ жилийн  “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр өмнөх  жилүүдээс онцлогтой. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, уул уурхайн салбараа сурталчлах зорилгоор өнгөрсөн жилээс эхлүүлсэн  “Зэс фестиваль”-ийг энэ жил хамтатган зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан.  Энэ хүрээнд Орхон аймаг  орон нутгийн төдийгүй, Монгол Улсын нэрийн хуудас болох арга хэмжээг “Зэс фестиваль” гэж үзэж буй гэж Орхон аймгийн ЗДТГ-ын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж