Оросын гадаадад хадгалагдсан байсан хөрөнгийн ашгаас Украинд 20 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна. Тодруулбал, "G-7" орнуудын Гадаад хэргийн сайд нар зургадугаар сард Оросын царцсан хөрөнгийн ашгаас 50 тэрбум ам.доллар олгох хэлэлцээнд хүрсэн байдаг. Үүний хүрээнд Жо Байдены засаг захиргаа Дональд Трампийг ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс нь өмнө санхүүжилт олгох ажлыг яаравчлуулжээ.
Сангийн сайд Жанет Йеллен хэлэхдээ, "Татвар төлөгчид бус Орос улс хууль бус дайныхаа зардлыг үүрэх хэрэгтэй учир царцсан хөрөнгөнөөс нь Украинд тусалж байна" гэсэн юм.
Дональд Трамп өнгөрсөн хугацаанд АНУ-аас Украинд олгож буй тусламж, санхүүжилт нь татвар төлөгчдийн мөнгийг үнэ цэнгүйдүүлж, улсын нөөцийг хий хоосон урсгаж байна гэж шүүмжилж байсан. Тиймээс түүний засаг захиргаа ирэх онд Украинд тусламж үзүүлсэн хэвээр байх эсэх нь эргэлзээтэй асуудал юм. Сангийн яамны мэдээлснээр, 20 тэрбум ам.долларыг Дэлхийн банкаар дамжуулж Украинд олгосон. Гэхдээ Дэлхийн банкнаас авсан мөнгийг цэргийн зориулалтаар ашиглах боломжгүй байдаг тул Жо Байдены засаг захиргаа санхүүжилтийн тал хувийг цэргийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Конгрессоос авах шаардлагатай. Дашрамд дурдахад, энэ оны дөрөвдүгээр сард Украинд 61 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлсэн. Үүнээс өмнө АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь улс төрийн маргаанаас болж тусламж үзүүлэх төсөл батлагдалгүй хэдэн сар хойшилсон байдаг.
Орос 2022 оны хоёрдугаар сард Украин руу түрэмгийлснээс хойш хориг арга хэмжээний хүрээнд Москвагийн гадаадын банканд хадгалуулсан 325 тэрбум ам.долларыг царцаасан юм.
Уг мөнгөний хадгаламжийн хүү жилд 3 тэрбум ам.доллар, 30 жилийн хугацаанд 50 тэрбум ам.доллар болох байсан тул аравдугаар сард "G-7" бүлгийн удирдагчид Украинд санхүүжилт болгон олгохоор тохиролцсон.
Сангийн сайд Йеллен хэлэхдээ, 50 тэрбум ам.доллар нь Украинд яаралтай тусламж, эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих болон бусад түрэмгийллийг эсэргүүцэх нөөцийг хангахад чиглэж буй.
3,548.92




















































Холбоотой мэдээ