Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингоос салбарын төсөв болон Кино урлагийг дэмжих сангийн санхүүжилтийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "Төсөв өргөн барихад бүх сайд нар байсан. Бидний зүгээс өгөх ёстой мэдээллээ өгч, хангалттай ажилласан гэж үзэж байгаа. Өнгөрсөн тандалтын үеэр гишүүд өөрсдөө шийдвэрээ гаргаж, хүний хөгжлийн асуудал руу дайрсны золиос боллоо гэж үзэж байна. Сая болсон төсвийн байнгын хороон дээр бүх мэдээллээр хангаж ажиллалаа. Төсвийн асуудал дундаас соёл, спортын үйл ажиллагаа нийгэмд хамгийн ойр байдаг. Тэр ч утгаараа үүнийг нийтийн анхааралд оруулах гэж маш их хичээлээ. Нөгөө талдаа яах аргагүй төсөв дээр попорсон гишүүдийн асуудал гэж үзэж байна. Бид нар хүний хөгжил, Монгол Улсын түүх, соёл, уламжлалтайгаа шууд холбоотой байдаг. Түүх, соёлоо хадгалж чадахгүй бол Монгол Улсаа хадгалж чадахгүй эрсдэлд орно.
Кино урлагийг дэмжих сан олон улсын стандартаар бие даасан, хараат бус, мэргэжлийн шийдвэр гаргах үүрэгтэй зөвлөл байдаг. Нийтдээ 18 гаран киног өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэмжсэн гэдэг мэдээлэл өгсөн. Кино урлагийн зөвлөлөөс хэчнээн төгрөг авсныг өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Кино урлагийн зөвлөл гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж, дэмжлэг үзүүлдэг. Нэгдүгээрт кино урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, олон улсын чанартай киног дэмжих, олон улсын кино наадамд оролцох боломжоор хангах. Салбарынхан маань өөрсдөө салбарынхаа талаар зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Санд байгаа санхүүжилт өндөр биш. Мэргэжлийн шийдвэр гаргах үүрэгтэй зөвлөл өөрсдөө ямар кинонд дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг шийднэ. Тодорхой түвшинд дэмжлэг авсан гэх мэдээлэл надад ирсэн. Бусдыг нь сайн мэдэхгүй байна.
Шигшээ багийн тамирчдын зардал 66 хувиар танагдсан. Ингэснээр 2028 оны олимпод оролцох тамирчдын тоо буурахаар болж байна. Гишүүдийн "ПОПРОЛ"-оос болж соёл, спортын салбарын төсөв бусад яамдаас хамгийн өндөр таналт хийгдсэн. Спортын тамирчдын зардал л гэхэд 66 хувиар хасагдахаар байна" гэлээ.
3,569.17















































