35 мянган иргэнийг хүнсний талоноос гаргах саналыг унагаж, будилав

Хуучирсан мэдээ: 2024.12.11-нд нийтлэгдсэн

35 мянган иргэнийг хүнсний талоноос гаргах саналыг унагаж, будилав

35 мянган иргэнийг хүнсний талоноос гаргах саналыг унагаж, будилав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.12.11/ болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй бөгөөд Байнгын хороод болон Ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

УИХ-ын гишүүн П.Санзориг “Улаанбаатар хотын хувийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьсах зардлыг 38.5 тэрбумаар бууруулж, орон нутгийн дотуур байрны хангамж сайжруулж, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхэд  38.5 тэрбумаар нэмэгдүүлэх гэсэн санал гаргасныг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад Төсвийн байнгын хорооны хуралд оролцсон гишүүдээс нэг нь ч дэмжсэнгүй.

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн бусдаар гүйцэтгүүлэх  үйлчилгээний зардлыг 1.5 тэрбум төгрөгөөр бууруулж, сургуулийн өмнөх боловсролын гүйцэтгэлийн үр дүнгээр олгох зардлыг 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх гэсэн санал Инноваци цахим бодлогын хорооноос оруулж ирсэн байв.

Санал хураалгахын өмнө Цахим хөгжил инноваци харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тайлбар хийв.  Тэрбээр “Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн урамшуулал дээр мөнгө нэмье” гэдэг томъёоллоор санал оруулж ирсэн. 2020 онд Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлаад Радио телевизийн хүүхдийн танин мэдэхүйн түүх соёлын бүтээл үйлдвэрлэх сан байгуулаад 2022, 2023, 2024 онд холбооныхон хөөцөлдөж байгаад энэ жил төсөвтэй болж байгаа юм. Энэ саналыг та бүхэн дэмжихгүй байх ёстой.

Санал хураалгахад гишүүд дэмжсэнгүй. Ингэснээр Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн бусдаар гүйцэтгүүлэх үйлчилгээний зардал хэвээр үлдэж байна.

2025 онд 35 мянган иргэнийг хүнсний талоноос гаргаж хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх тухай саналыг УИХ-ын гишүүн С.Зулпхар гаргасан байсныг Байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй унагав.

Үүний дараа Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тайлбар хийсэн юм.

Тэрбээр “35 мянган иргэнийг хүнсний талоноос гаргах тухай санал гаргаж байхад унагадаг нь яаж байгаа юм бэ. Энэ санал бол төсөвтэй холбоогүй, Засгийн газрын хүрэх гэж байгаа түвшин. Төсөв өргөн барихтай холбоотой залруулга гаргах шаардлага үүссэн” гэж тодотгов.

Дээрх тайлбарын дараа өмнөх хураалгасан саналыг хүчингүй болгох горимын санал гаргаж, дахин санал хураалгаснаар 35 мянган иргэнийг хүнсний талоноос гаргахыг гишүүдийн 63.9 хувь нь дэмжив.

Налайх дулааны шинэ эх үүсвэр 79 МвТ- ын эхний ээлжийн ажил төсөвт өртөг 56.3 тэрбум төгрөг, 2025 онд санхүүжих дүн 16.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний нэрийг Нийслэлийн Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга гэж өөрчлөх. Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжээгүй санал юм байна.

Шадар сайд С.Амарсайхан “Налайх дүүргийн дулааны станцын шинэ эх үүсвэр барих 2025 онд санхүүжих дүн 16 тэрбум гэснийг эмнэлэг нь шаардлага хангахгүй болсон учраас төсөвт хөрөнгө өртөг, санхүүжих дүнд ямар нэг өөрчлөлт орохгүйгээр Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн төслийг хэрэгжүүлэх гэдгээр нэршлийг нь өөрчилж байгаа. Нийгмийн бодлогын байнгын хороон дээр зураг төсөл дутуу гэдэг буруу мэдээлэл очсон юм билээ.  Эрүүл мэндийн яамнаас бичиг нь ирсэн, зураг төсөвтэй.  Дүн өөрчлөгдөж байгаа зүйл байхгүй. Нэршлийг нь өөрчилж байгаа учраас” гэв. Санал хураалгахад гишүүд дэмжсэнгүй, унагав.

Өмнөх саналыг хүчингүй болгох  горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гаргаж гишүүдээс дахин санал хураалгаснаар нэршлийг өөрчлөх санал дэмжлэг хүлээв.

Ажлын хэсгээс Боловсролын сайдын төсвийн багцад тусгагдсан Боловсролын зээлийн сангийн өмнө олгосон зээлийн эргэн төлөлтийг 33,604.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, тус сангийн нийт зардлыг нэмэгдүүлэлгүйгээр сангаас олгох зээл, тэтгэлгийн зардлыг зээлийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн дүнгээр санхүүжүүлэх,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад тусгагдсан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн өмнө олгосон зээлийн эргэн төлөлтийг 40,700.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, тус сангийн нийт зардлыг нэмэгдүүлэлгүйгээр сангаас олгох зээл, тэтгэлгийн зардлыг зээлийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн дүнгээр санхүүжүүлэх зэрэг Засгийн газрын тусгай сангийн нийт зардлыг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулалт хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн.

Түүнчлэн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах  болон Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх хүрээнд гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэлийн орлогыг 1,556.7 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэлийн орлогыг 694.0 сая төгрөгөөр бууруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж